Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.04.02

Одоогийн байдлаар 125 байршилд 250 чиглэлийг камержуулжээ

Улаанбаатар хотыг бүрэн камержуулахад чамгүй хөрөнгө шаардлагатай. Тэгвэл үүн дээр нийт цахилгааны төлбөр нэмэгдэх юм. Энэ асуудлыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж ирэх жил  Нийслэлийн төсөвт суулгахаар боллоо.

Улаанбаатар хотыг бүрэн камержуулах ажил шат дараатай хэрэгжиж байгаа. Эхний ээлжинд 2500 орчим камер суурилуулвал Улаанбаатарын тодорхой хэсгийг хяналтандаа авах боломжтой гэж үзэж байна.

Камерын тоог нэмэгдүүлэхээс өмнө нэлээд хэдэн асуудал байгааг СБД-ийн засаг дарга Б.Бадарсан Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хурлаар танилцууллаа. Түүний хэлж байгаагаар камеруудын цахилгааны төлбөрийг шийдэх, инженер, техникчдийг бэлтгэх хэрэгтэй. Мөн одоо ашиглаж байгаа болон нэмж байрлуулах камеруудыг коджуулах шаардлагатай байгааг хэллээ.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд одоогийн байдлаар 125 байршилд 250 чиглэлийг камержуулжээ. Эдгээрийн цахилгааны төлбөр нь 13.2 сая төгрөг болж байгаа юм. Тиймээс энэ төлбөрийг дүүргийн төсвөөс гаргах уу,  Нийслэлийн төсвөөс гаргах уу гэдгийг удирдлагын зөвлөлийн хурал дээр танилцуулсан юм.

Энэ үеэр мөн камеруудын бичлэгийг ашиглах тусгай журам батлах шаардлагатай байгааг Нийслэлийн  засаг дарга онцолсон. Бичлэг ашиглах асуудлыг тусгай журмаар шийдэхгүй бол хэн дуртай нь камерын бичлэгийг шүүж, хувийн зорилгоор ашиглаж, иргэний хувийн эрх чөлөөнд халдах явдал нэлээд гарах магадлал байгааг онцолж байв.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: “Камерын хяналтыг бүгдийг нь паспортжуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Шинэ камеруудаа  паспорттой, бүх бүртгэлтэй нь тавина. Өмнөх камерууд бүгд паспортгүй, бүртгэлгүй явж байна гэдэг байж болшгүй асуудал. Энэ бол эд хөрөнгө. Тооллогын бүртгэлтэй шүү дээ. Энэ бол байж болохгүй. Яаралтай шийдэх хэрэгтэй.”

Нийслэлийн удирдлагын зөвлөлөөс камерын цахилгааны төлбөрийг энэ жилдээ дүүргийн засаг даргын төсвөөс гаргах шаардлагатай гэдгийг хэлсэн. Нийслэлийн энэ жилийн төсөв нэгэнт батлагдсан учраас ирэх жилийн Нийслэлийн төсөвт суулгах асуудлыг дахин ярилцахаар болов. Харин камеруудыг коджуулах, дахин бүртгэх асуудлыг энэ 4-р сард багтаан шийдвэрлэхээр болов.