Нийслэлчүүдийг ямар бүтээн байгуулалт хүлээж байна вэ
Нийслэлчүүдийг ямар бүтээн байгуулалт хүлээж байна вэ
2014.04.03

Нийслэлчүүдийг ямар бүтээн байгуулалт хүлээж байна вэ

Нийслэлийн иргэд маань өнгөрсөн оноо тун сэтгэл хангалуунаар үдсэн. Учир юу вэ гэвээс богино хугацаанд урьд байгаагүй бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, үүний үр шимийг Улаанбаатар хотын иргэд маань биеэр амссан болохоор тэр шүү дээ. Өмнө нь өчнөөн олон жилийн туршид хавар бүр шороо бужигнуулаад л байдаг. Хагархай замаа ч нөхөж чадалгүй хүйтний амтай золгодог байсан.

   Гэтэл өнгөрсөн жил нийслэлийн зам, гудамж хэчнээн сайхан болов. Богино хугацаанд, чанартай гүйцэтгэж болдог юм байна шүү дээ гэх итгэл, урам хүн бүрийн цээжинд үндэслэх болоод байгаа. Энэ нь эдүгээ соёолж, цэцэглэж эхлэнэ гэдгийг нийслэлээс мэдэгдлээ. Нийслэлийн бүтээн байгуулалт энэ жил хэрхэн өрнөх бол гэж уншигчид догдлон хүлээж байгаа нь лавтай тул захаас нь тоймлон хүргэе. Нийслэлийн төсвийн орлого 2012 оны гүйцэтгэлээр 347288.3 сая төгрөг байсан. Энэ оны төлөвлөгөөг харахад 559674.9 сая төгрөг болжээ.

 Нийслэлийн төсөвт суусан бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс харахад хот байгуулалт, дэд бүтэц, нийгэм, авто зам, нийслэлийн тээврийн салбар болон төрийн үйлчилгээ, тохижилт, ногоон байгууламжид ихээхэн анхаарал тавих юм. Улаанбаатар хот маань зөвхөн дөрвөн уулын дундах Туул, Сэлбэ голын хөндийгөөр хязгаарлагддаггүй.

Дагуул, хаяа хот, тосгод гэж бий. Эдгээрийн бүтээн байгуулалтад нэлээд хөрөнгө оруулж байгаа. Тухайлбал Аргалант-Эмээлт хот, Био-Сонгины тосгон, Туул тосгон, Өлзийт гавжийн шанд тосгон, Аэросити хот, Багахангай, Налайх, Багануур хот,  Оюутны хотхон хэмээх шинэ хот байна. Гачуурт, Тэрэлж ч гэсэн үүнд хамаарна. Улаанбаатарын бүс нь газар нутгийн хувьд 470444 га-г эзэлдэг. Хүн амын хувьд 2020 он гэхэд 1 сая 534 мянга, 2030 онд 1 сая 703 мянгад хүрэхээр тооцоо бий.

Багануур орчимд бүтээн байгуулах оюутны хотхонд гэхэд л их, дээд сургуулийн цогцолборууд, судалгаа шинжилгээний төвлөрсөн хүрээлэнгүүд, мэргэжлийн судалгааны төвүүдийг байгуулах юм. Зөвхөн эндээс харахад л ямархуу далайцтай бүтээн байгуулалтын ажлууд шил шилээ даран өрнөх нь тодорхой.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор гэхэд л цэцэрлэг 1920 ор, сургууль 2880 суудлаар нэмэгдэх бол цэцэрлэг 720 ороор нэмэгдэнэ.

Өнгөрсөн жилээс эхлэн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг дэвшүүлэн тавьж, түрүүчээсээ үр дүнд хүрч эхлээд байгаа билээ. Иргэд ч энэ талаар чамгүй ойлголттой болж, өөрсдийн оролцоогоо нэмэгдүүлэхийг чармайх болсон нь энэхүү бүтээн байгуулалтын ирээдүйг халуунаар зурж байна.

Үүнийг Азийн хөгжлийн банктай хамтран 10 жилийн хугацаатай гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх болсон. Баянхошуу, Сэлбэ дэд төвийг гэхэд л  2014-2016 оны хооронд бүтээн байгуулах бөгөөд 2014 оны нийслэлийн төсөвт 16.6 тэрбум төгрөг тусгаад байгаа. Энэ нь эхний үе шат болох юм. Дараагийн үе шатанд 2016-2020 онд Хайлааст, Чингэлтэй дэд төв, гуравдугаар үе шатанд Амгалан, Улиастай дэд төвийг 2018-2024 онд бүтээн байгуулах юм. Үүнд Азийн хөгжлийн банкнаас 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 96 сая ам.доллар зарцуулахаар болоод байгаа билээ.

   Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс харахад эхний ээлжинд 12, дараагийн ээлжинд найман газарт бүтээн байгуулалт өрнөх бөгөөд нийтдээ 152502 хүн хамрагдах юм. Дэд бүтцийн хангамжаас харахад энэ онд цахилгаан дамжуулах агаарын шугам 14.8 км, кабель шугам 16 км, хорооллын доторх дулаан, ус хангамжийн шугам 4.2 км гэх мэтчилэнгээр хийх аж.

Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлын зураг төслийг энэ онд боловсруулахаар төсөвлөсөн нь нийслэлчүүдийн нэгэн шүдний өвчинг намжаах ажил болох юм. Мөн ОСНААУГ-ын харьяа конторуудын үйлчилгээ үзүүлж байгаа орон сууцны нийт 81247 өрхийн 37246 өрх нь усны тоолуургүй байгаагаас 2014 онд БНСУ-ын буцалтгүй тусламжаар 30 мянган ширхэг халуун, хүйтэн усны тоолуур суурилуулах ажлыг эхлүүлнэ.

    Газар өмчлөлийн талаар хотын иргэд ихээхэн сонирхдог. Энэ талаар нааштай мэдээ бий. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 52 байршлын байр зүйн зураг, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөөг боловсруулж, өмчлүүлэх ажлыг эхлүүлээд байна. Үүнд 15309 га газар хамаарах юм. Хэн хүний анхаарлыг хамгийн ихээр татаж буй зүйл бол хотын захиргааны цогцолбор.

Мөн ОСНААУГ-ын харьяа конторуудын үйлчилгээ үзүүлж байгаа орон сууцны нийт 81247 өрхийн 37246 өрх нь усны тоолуургүй байгаагаас 2014 онд БНСУ-ын буцалтгүй тусламжаар 30 мянган ширхэг халуун, хүйтэн усны тоолуур суурилуулах ажлыг эхлүүлнэ.

Баянхошуунд байгуулах уг цогцолборын зураг төслийг боловсруулж барилгын ажлыг эхлүүлэхээр болсон нь чихэнд чимэгтэй мэдээ шүү. Төрөөс хэрэгжүүлж буй янз бүрийн төслүүдээс бичил бизнес, жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл иргэдэд их таалагддаг. Энэ онд бага орлоготой иргэдэд бичил зээлийг олгох хүрээнд 152 хороонд 15.2 тэрбум төгрөг төсөвлөсөн нь багагүй тоо. Гэхдээ уг зээлийг банк, дарга нар биш тухайн хорооны иргэд хоорондоо зөвлөлдөөд хэн нэгэнд олгох болсон нь шинэ агаарыг үнэртүүлж байна.

  Мөн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас таван тэрбумыг уг төсөлд зарцуулах юм. Нийслэлд тулгамдаад буй гол асуудлын нэг нь яах аргагүй сургууль, цэцэрлэгийн хүрэлцэхгүй байгаа явдал байдаг.

Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор гэхэд л цэцэрлэг 1920 ор, сургууль 2880 суудлаар нэмэгдэх бол цэцэрлэг 720 ороор нэмэгдэх аж. Дэлхийн банкны санхүүжилтээр 17 цэцэрлэг буюу 1700 ор, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль 7680 суудал, цэцэрлэг 2360 ороор нэмэгдэх таатай мэдээ байна.

Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх тухайд ярихад Улаанбатар хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр 2014 онд нийслэлийн төсвөөр 13 тэрбум, Авто замын сангийн хөрөнгөөр 26.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 36 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн юм билээ. Нийтдээ энэ онд нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхэд 74 тэрбум 130 сая төгрөгийг төсөвлөж буйгаас харахад нэлээд далайцтай бүтээн байгуулалт өрнөх нь дамжиггүй.