Л.Гантөмөр гишүүн зөв менежментээр иргэдээ баяжуулах зорилготой
2012.01.12

Л.Гантөмөр гишүүн зөв менежментээр иргэдээ баяжуулах зорилготой

Энэ удаагийн  Өглөөний хүн» буландаа Улсын Их Хурлын гишүүн Лувсаннямын Гантөмөрийг урьсан юм. Тэрбээр 1973 оны хоёрдугаар сарын 26-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Үхэр жилтэй, загасны ордынх. 1991 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг төгссөн тэрбээр 1996 онд Японы «Сэндай» коллежийг цахилгаан холбооны инженер мэргэжлээр, 1999 онд Японы Нагаока технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр тус тус дүүргэжээ.

Гадаадад боловсрол эзэмшсэн шинэхэн боловсон хүчин маань 2000-2004 онд «Сэтгэшгүй трейд» ХХК-ийн дэд захирал, 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Ингээд 2004 оны УИХ-ын сонгуульд «Эх орон-Ардчилал» эвслээс нэр дэвшин өрсөлдөж, 50.79 хувийн саналаар ялалт байгуулан парламентад анх орж ирсэн түүхтэй. Тэрбээр 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, 2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

 

Японд долоон жил суралцсан тэрбээр «Яаж зөв менежмент хийж хүмүүсийг баян болгох вэ» гэсэн бодол тээж ирсэн гэдэг. Зах зээлийн эдийн засагт хамгийн том хариуцлага бол ухамсар гэхээсээ илүү хөрөнгө гэж үздэгээ тэрбээр нуудаггүй. «Улстөрд орсон миний сэтгэгдэл улсаа хөгжүүлье гэсэн итгэл үнэмшил байсан» хэмээн ярьдаг Л.Гантөмөр «Хувийн сектор том байх хэрэгтэй, ард түмэн баян байх ёстой, бүх зүйлийг ард түмний талд шийднэ» гэсэн зарчим баримталж иржээ. Л.Гантөмөр гишүүн эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд байх дуртай тэрбээр гар бөмбөг тоглох, ардын дуу дуулах хоббитой гэсэн. Түүний улс эх орныхоо төлөө хийсэн бүтээснийг нь үнэлж, 2006 онд төр засгаас  Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар шагнаж урамшуулжээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.