“Төмөр хатагтай”-н зарим нууцыг дэлгэв
2012.01.05

“Төмөр хатагтай”-н зарим нууцыг дэлгэв

 
ТОВЧХОН
  • 2011 он шувтардгийн даваан дээр очоод байхад Их Британийн Үндэсний архив 30 жилийн өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны тухай өгүүлсэн баримт бичгийг нууцын зэрэглэлээс хасав.
  • 1981 онд Их Британийн Засгийн газрыг хатагтай Маргарет Тэтчер тэргүүлж байв.
  • Баримтуудын ихэнх нь Засгийн газрын гишүүд хоорондоо харилцаж байсан бичиг юм уу, албан ёсны хүмүүс уулзаж ярилцах үед хийсэн тэмдэглэл байлаа.
  • Дэг сахиулагчдад таагүй ханддагаа нуудагг үй өнгөт арьстнуудыг үйл явдлын гол буруутан гэж үзсэн байна.
  • Өлсгөлөн зарлагсдаас 10 нь амиа алдсан ч тэдний шаардлага хэрэгжээгүй билээ. Гэхдээ олонд ил болгосон баримтаас үзвэл ирландчуудын тавьсан шаардлагад Тэтчерийн Засгийн газар маш анхааралтай хандаж байжээ.

2011 он шувтардгийн даваан дээр очоод байхад Их Британийн Үндэсний архив 30 жилийн өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны тухай өгүүлсэн баримт бичгийг нууцын зэрэглэлээс хасав. Олны сонорт хүргэсэн тэдгээр материалын дотор 1981 оны дуулиантай үйл ажиллагаанд эрх баригчид ямар байр суурь баримталж байсан тухай мэдээлэл, Умард Ирландын салан тусгаарлагчидтай хийсэн яриа хэлэлцээ болон гадаадын орнуудын удирдагчдад Лондон хэрхэн хандаж байсан талаарх онцлог, сонирхолтой түүхийг гэрчлэх баримтууд байв. 1981 онд Их Британийн Засгийн газрыг хатагтай Маргарет Тэтчер тэргүүлж байв. Тэрбээр үүнээс хоёр жилийн өмнөөс уг албыг хаших болсон бөгөөд энэ улсын Ерөнхий сайд нар дотроо хамгийн тод мөртэй, чанга нударгатай нь гэгддэг байсныг бид мэднэ. Олонд ил болгосон баримт бичгүүдийн нэлээд нь Ерөнхий сайдын албатуудад хамаарч байсан ч гол баатар нь "төмөр хатагтай" өөрөө юм. Баримтуудын ихэнх нь Засгийн газрын гишүүд хоорондоо харилцаж байсан бичиг юм уу, албан ёсны хүмүүс уулзаж ярилцах үед хийсэн тэмдэглэл байлаа. Сэдэв нь хожмоо "түүхэн" гэх зэрэглэлд хамаарах болсон үйл явдлууд байв. 1981 онд Британийн хэд хэдэн хотыг хамарсан үйл явдал эдгээрт орсон байна. Ливерпульд л гэхэд тэндхийн оршин суугчид хийгээд цагдаа нарын хооронд болсон хамгийн догшин ширүүн мөргөлдөөн, эмх замбараагүй явдал даамжирч, түүний учрыг олуулахаар Засгийн газар төлөөний хүнээ явуулахаас аргагүй болж байжээ. Энэ төлөөний хүн тэнд болсон үйл явдлын үнэн мөнийг олох үүднээс мөрдөн шалгах ажиллагааг албан ёсоор явуулах эрхтэй байсан аж. Гэхдээ эрх баригчид үйл явдлын нарийн ширийнийг тунгаалгүй, төлөөлөгчөө тийш илгээхээс өмнө уг эмх замбараагүй байдалд албан ёсны дүгнэлтээ өгчихсөн байв.

 

Дэг сахиулагчдад таагүй ханддагаа нуудагг үй өнгөт арьстнуудыг үйл явдлын гол буруутан гэж үзсэн байна. Ялангуяа ханхүү Чарльз, ирээдүйн гүнж Диана нарын удахгүй болох хуримын үеэр үймээн самуун дахин дэгдээх вий гэж болгоомжлон цагдаагийн байгууллагын ажилтнуудын зэвсэг, хангамжийг нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Түүний зэрэгцээ хар арьстнуудыг цагдаа нар илт хавчин гадуурхдаг гэх үймээн дэгдээгчдийн үгийг Тэтчер сонсохыг ч хүссэнгүй. Ерөнхий сайдын өөрийнх нь хийсэн мэдэгдлээр бол түүний анхаарлыг арьсны өнгө биш, хууль сахих явдал татаж байжээ. Ливерпуль хотынхны ядуу тарчиг байдал, эндхийн болон үймээн самуун дэгдсэн аж үйлдвэрийн бусад хотын байдлыг сайжруулахаар авах арга хэмжээний талаарх саналууд ч эрх баригчдын анхаарлыг таталгүй өнгөрчээ. Тэгсэн хэрнээ хүн амынх нь зарим хэсгийг ойр орчмынх нь хотуудад шилжүүлэх замаар Ливерпулийн оршин суугчдыг тараахыг Тэтчер зөвлөж байсан аж.

 

"Харсаар байгаад унагаах" гэсэн нэр авсан энэ саналыг тус хотод байдлыг тогтворжуулахын тулд санхүүжилтийг нь нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн бодлогыг нь сөргүүлэн Ерөнхий сайдад тавьсан байв. "Харсаар байгаад унагаах" бодлого сөрөг үр дагавартай байж болохыг Засгийн газар сэхээрсэн ч Ливерпульд туслахаар мөнгө хөрөнгө өгсөнгүй. Умард Ирландыг тусгаар тогтнуулахын төлөөх тэмцэлд оролцсоны учир Мейз гэдэг шоронд өлсгөлөн зарласан Ирландын бүгд найрамдахчуудын үйлдэл Британийн Ерөнхий сайдын амьдралд тохиолдсон бас нэг онцгой явдал мөн. Хоригдлуудад нэлээд эрх дарх олгож байсан улс төрийн онцгой статусыг цуцалсан нь тэд эсэргүүцлээ илэрхийлэх шалтгаан болсон байна.

 

Өлсгөлөн зарлагсдаас 10 нь амиа алдсан ч тэдний шаардлага хэрэгжээгүй билээ. Гэхдээ олонд ил болгосон баримтаас үзвэл ирландчуудын тавьсан шаардлагад Тэтчерийн Засгийн газар маш анхааралтай хандаж байжээ. Тухайлбал, хоригдлуудтай зөрчилдсөн нь Лондоны олон улсын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэхээс Английн эрх баригчид ихэд болгоомжилж байсан аж. Белфастад тусгаар тогтнол олгочихдог юм уу гэх бодол эрх баригчдын толгойд орж ирэх шахсан ч энэ нь эцсийн эцэст хянаж үл болох уршигт үр дагаварт хүргэж болзошгүй гэж Лондон үзэж, түүнээс татгалзсан байна. Бий болсон нөхцөл байдлаас гарах нэг арга нь хоригдлуудтай яриа хэлэлцээ хийх явдал гэж Засгийн газар үзэв. Тэгээд хоригдлуудыг албан ёсны түвшинд төлөөлж чадах хөндлөнгийн зуучлагч Засгийн газарт олдоогүй тул сөрөг тагнуулын алба-М16-гаар дамжуулан тэдэнтэй харилцаж эхэлсэн ч өлсгөлөн аяндаа зогсох хүртэл талууд ямар ч тохиролцоонд хүрч чадсангүй.

 

Маргарет Тэтчер өөрийнхөө удирдлагад байсан хүмүүсийн эсэргүүцэл, сөрөг санаа бодлыг хэрхэн дардаг, үл хайхардаг байсныг гэрчлэх зүйл дээр өгүүлсэн баримтууд дотор бас байжээ. Цөмийн зэвсэг зөөж чадах, усан дор байрлалтай Америкийн баллистик пуужинг Их Британи улс өөрийн болгосонтой холбоотой түүх чухам үүнийг харуулах нэг жишээ болж чадна. Яг тэр үед цөмийн зэвсгийг хориглохын төлөөх хөдөлгөөн улс орон даяар идэвхжиж байснаас цөмийн зэвсэг худалдаж авах нь консерватив намынхны байр суурийг ганхуулж болзошгүй тул ийм наймаа хийхийг Засгийн газрын танхимын гишүүдийн гуравны хоёр нь эсэргүүцэж байжээ. Сонирхолтой нь ийм наймаа хийхээр болсныг үйл явдал өнгөрсөн хойно Сайд нарын танхим мэдсэн гэдэг.

Танхимын гишүүд дотроос Тэтчерийг дэмждэг нэг нь гэрээг бусад нь үг дуугүй батлахаас өөр сонголт байхгүй гэдэгт Ерөнхий сайдаа итгүүлж чадсан байв. Эдийн засгийн хатуухан арга хэмжээ авах гэтэл хэд хэдэн сайд нь уг бодлоос нь татгалзуулах зорилгоор өөрт нь нөлөөлөх гэж оролдох үед Маргарет Тэтчерийн шийдвэртэй, өөрийнхөөр өө зүтгэдэг чанар бас нэг илэрсэн аж. Баримтуудад өгүүлснээр бол сайд нарынхаа тавьсан саналыг бодож үзэхээр Засгийн газрын тэргүүн амлажээ. Тэгмэгцээ санаачилгыг нь дэмжээгүй сайд нарыг бүгдийг нь халж орхисон байна. Эдийн засгийн тэр бодлого Тэтчерт сайн юм болоогүйгээр барахгүй оны эцэст түүний зиндаа түүхэнд байгаагүйгээр доошилсон гэдэг. Ерөнхий сайдын өргөөнд засвар хийхэд зарцуулах хөрөнгийн хэмжээг Парламентын хүсэлтийн дагуу Тэтчерийн саналыг авалгүйгээр Засгийн газар хэвлэлд нийтлүүлснийг мэдмэгцээ тэрбээр галзуурах дөхсөн аж. Зардлыг олон түмэнд дуулгасан нь биш, зарцуулах хөрөнгийн хэмжээ бухимдлыг нь төрүүлжээ.

 

Нөхөртэйгээ нэг өрөөнд унтдаг болохоор орны даавуу, дэр сэлтийг нь солиход 464 фунт стерлинг зарцуулахыг зөвшөөрсөнгүй. Бас түүнд шинэ сав суулга авах (209 фунт стерлинг төсөвлөсөн байв) шаардлагагүй, 19 фунтын үнэтэй юм индүүдэх төхөөрөмжийг өөрийнхөө мөнгөөр авчихад ч гар татахгүй гэж тэр хэлжээ. Тэтчерт шууд хамаарахгүй баримт материалуудаас үзэхэд Фолклендийн арлуудаас болж Аргентин улстай цэрэг дайны байдалд орох нь аюултай алхам болохыг түүний Засгийн газрын гишүүд ойлгож байжээ. Тиймээс ч улс орныхоо батлан хамгаалах чадварыг сулруулахгүй байхыг Хатан хааны тэнгисийн цэргийн флотын төсвийг хорогдуулах асуудлыг хэлэлцэх үед албаны зарим хүн эрх баригчиддаа сануулж байсан аж. Гэлээ ч төсвийг хорогдуулсан байна. Харин ийм явдал болохыг урьдчилан харж чадаагүйгээ Аргентинтай дайтаж эхэлснийхээ дараа Лондон албан ёсоор мэдэгдсэн байдаг.

 

Тэтчертэй ажил хэргийн холбоотой байсан гадаад орнуудын удирдагчдад хамаарах зүйл ч уг материалууд дотор байжээ. Улсынхаа Ерөнхийлөгч дөнгөж болоод байсан Хосни Мубаракийн тухай мэдээлэл одоо Египетэд болоод байгаа үйл явдалтай уялдан хүмүүсийн сонирхлыг татаж байна. Энэхүү мэдээллийг холбогдох хүмүүс нь Тэтчерт бэлтгэж өгсөн байж таарна. Египетийн шинэ удирдагчийг Тэтчерийн зөвлөхүүд "гойд ухаалаг биш ч эелдэг, хөгжилтэй хүн" хэмээн тодорхойлж байжээ. Бас өрсөлдөгчидтэйгээ тэмцэл хийхдээ "өршөөлгүй" байж чадах хүн гэж Мубаракийг үзэж байж.

 

Тэтчерийн зөвлөхүүдийн бодлоор бол Мубаракийг авлигач гэж сэрдэх сэжүүр тэр үед байгаагүй бололтой. Францын Ерөнхийлөгч байсан Валери Жискар д Эстенд холбогдох нэг баримт бас байна. Энэ хүн Британийн Ерөнхий сайдынх шиг тохойгоо тавиад сууж байх сандалтай болохсон гэж хүсэж байдгаа Тэтчертэй уулзахаар өргөөнд нь залрахынхаа өмнөхөн хэлж байжээ. Үүнд Даунинг-стритийнхэн ихэд гайхсан төдийгүй энэ өргөөний эзэн нь ширээндээ түүнийг залаад өөрөө ширдэг дээр суухыг Францын удирдагч хүсэх юм биш байгаа гэж асуусан аж...

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.