Үсээ сүлжих нь улстөрийн тактик
2012.01.03

Үсээ сүлжих нь улстөрийн тактик

Юлия Тимошенкогийн нэрийн хуудас бол сүлжсэн үс, дэгжин хувцаслалт. Үнэндээ тэр анх шар хувьсгалаар гарч ирэхдээ ярьж буй улс төрийн сэдвээсээ илүүтэй гоо үзэсгэлэнгээрээ олон нийтийн анхаарлыг татсан юм. Улстөрч эмэгтэйчүүд ихэнхдээ эршүүд, даруухан хувцасладаг гэсэн нийтлэг ойлголтыг эвдсэн учраас тэр ингэж олны сонирхлыг татсан биз ээ.
1990-ээд оны үед үсээ хар, бор өнгөөр будаж, ихэвчлэн задгай тавьдаг байсан Юлия 2000 оны үеэс үсээ сүлжих одоогийн энэ имижээ олж авчээ. Тэрээр 2005 онд Ерөнхий сайд болсноосоо хойш хувцаслалт, дүр төрхдөө урьдаас илүү анхаарах болсон юм. Энэ нь нэг талаар улс төрд гүн гүнзгий, эргэлт буцалтгүй орсны илэрхийлэл байв. Украйнчууд сайхан бүсгүйн нэг шинж бол шиг өтгөн, шар үс хэмээн ярьдаг. Яг л алтан шаргал тариан түрүү шиг. Тийм ч учраас ард түмний хайр хүндлэлийг татах гэсэн улстөрч хүний арга ухаанаар Юлия үсээ алтан шараар будаж, уламжлалт маягаар үсээ сүлждэг болжээ. Үсээ сүлжих нь зөвхөн гоё сайхан харагдах гэсэн маяг биш нэг талаар үндэснийхээ уламжлалт зүйлд хайртай, нөгөө талаас буурь суурь тогтвортой эмэгтэй гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлж байгаа юм.

Хуучны гэгддэг байсан үсний засалтыг Юлия Тимошенко ингэж тун донжтой гэгч нь гаргаж ирсэн нь украинчууд төдийгүй гадаад ертөнцийнхний ч сонирхлыг татаж "The New York Times" сонин хүртэл түүний гэзэг жинхэнэ үү, үгүй гэсэн нийтлэл бичиж байв. Одоо хүртэл түүний үс өөрийнхөн мөн эсэх Ю.Тимошенко өглөө бүр үсээ сүлждэг гэж үү гэсэн үл итгэсэн яриа олны дунд гарсаар байгаа. Энэ бүх яриаг цэглэх гэж тэрээр нэг удаа телевизийн камерын өмнө үсээ задгайлж, өөрөө сүлжиж үзүүлж байсан удаатай.

Ю.Тимошенкогийн үсний засалт бол улстөрч хүнд онцлог дүр төрх ямар чухал гэдгийн амьд жишээ юм. Хэрэв тэрээр бусад улстөрч шиг энгийн даруухан, хэний ч анхаарлыг үл татах нэгэн байсан бол түүний оролцсон Улбар шар хувьсгалыг, түүний дараах олон сонгуулийн кампанит ажил хүмүүсийг тэгтлээ татаж чадахгүй байсан биз ээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.