Су.Батболд:Улс төр гэдэг чөлөө заваараа хийчихдэг ажил биш
-Та өрөөнийхөө тохижилтод нэлээн анхаардаг бололтой?
-Ажлын өрөө гэдэг миний хувьд өдөрт ихэнхийг өнгөрөөдөг газар. Амьдрах орчны маань нэг хэсэг учраас тохь, тухтай байгаасай гэж үздэг.
-Өглөө хэр эрт ирдэг вэ?
-9:00 цагт, заримдаа үүнээс эрт ч ирнэ. Үдэш харин 21 цагаас эрт бараг л гарахгүй дээ.
-Ажил ихтэйдээ тэр үү, эсвэл та өрөөндөө тухтай сууж ажиллах дуртай хүн үү?
-Ер нь улсад 20-иод жил ажиллахдаа 18:00 гээд ажлаасаа гарч үзээгүй юм байна. Ажил дээрээ сууж, зав гарвал хэрэгтэй зүйлээ уншиж судлах дуртай. Ялангуяа Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа шөнө дунд хүртэл ажил дээрээ суудаг байсан.
-Та энэ өрөөнд нэлээд удаж байгаа байх шүү?
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын ажлаа өгөөд энэ өрөөнд орсон гэхээр таван жил болчихож шүү. Миний өрөө их түүхтэй. Төрийн ордны том өрөөнүүдийн нэг. Урьд нь манай нам, төрийн нэрт зүтгэлтнүүд сууж байсан юм билээ.
-Орж ирэнгүүт ширээн дээрх таны нэртэй модон сийлбэр, Японы угсаа залгамжлагч ханхүүгийн хөрөг анхаарал татдаг юм.
-Азийн олон орны төрийн албаныхны өрөөнд ороход үнэтэй модон дээр нэрийг нь сийлсэн жижигхэн пайз тавьсан байдаг. Зарим нь албан тушаал, цол хэргэмээ ч биччихсэн байдаг юм билээ. Миний хувьд үүнийг найз минь бэлэглэсэн. Малайзад захиалж хийлгэсэн гэсэн. Халуун орны үнэтэй модоор хийсэн дурсгалын зүйл л дээ. Харин Японы угсаа залгамжлагч ханхүүгийн зургийн тухайд 2006 онд Монголд айлчлаад буцсаныхаа дараа илгээсэн бэлэг. Тэр жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Их монгол Улсын 800 жил гээд олон баяр давхацсан. Ханхүүгийн айлчлалыг зохион байгуулах ажлыг би хариуцсан юм.
-Таныг Монгол-Японы парламентын бүлгийн даргын сонгуультай болохоор энэ зургийг илүү нандигнаж гэж бодож байлаа?
-Миний хувьд хамгийн өргөн дэлгэр харилцаатай байдаг улс Япон. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Төв аймагт ажиллаж байхад Японы Тоттори мужтай манай аймаг харилцаатай байлаа. Тэр шугамаар олон удаа очсон доо. Тодорхой хугацаанд тэнд ажиллаж, амьдарч ч байв.
Ер нь бараг 30 гаруй удаа явсан байх шүү.
Хувийн дотно харилцаатай Японы парламентын гишүүд ч бий. Япон гэж ярьсан дээрээ хэлэхэд тус улсын Гадаад яамнаас жилдээ бусад орны 4-5 байгууллагад талархлын бичиг гардуулдаг. Гэхдээ Японы гадаад харилцаанд өндөр хувь нэмэр оруулсан байгууллага, хүмүүсийг онцолдог. Өнгөрсөн 2011 онд манай УИХ-ын Монгол-Японы найрамдлын бүлгийг хоёр орны харилцаанд тодорхой хувь нэмэр оруулсан гэж үнэлж өргөмжлөл өгсөн.
-Ханандаа залсан энэ олон жаазтай бичгийн талаар асуумаар санагдаж суулаа?
-Энэ бол АНУ-ын Вашингтоноос авсан юм. Америкийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан, орчин үеийн нэгдсэн улсыг бий болгож, ардчиллын хөгжилд хүргэсэн дөрвөн чухал үйл явдлын бичгийг Вашингтонд худалддаг юм билээ. Бүр тухайн үеийнх нь эхийг нь хуулбарласан байдаг. Нэгийг нь өөрийнхөө төгссөн МУИС-ийн Хууль зүйн сургуульд бэлэглэсэн. АНУ-ын Үндсэн хууль, Хүний эрхийн биелэлт, Линкольны захидал гурвыг нь өөртөө үлдээсэн юм.
-Хэн нэгний өгсөн бэлэг дурсгалын зүйлсийг өрөөндөөл хадгалдаг юм уу?
-Бүгдийг нь ч биш ээ, заримыг нь гэртээ тавина. Их олон байгаа, сүүлдээ хадгалах сав ховордож байна. Японы Ерөнхий сайд Абэгийн гарын үсэгтэй таваг, ОХУ-ын Зөвлөлүүдийн танхимын дурсгал гээд чухал санагдсаныг нь өрөөнд байлгаад байдаг гэх үү дээ.
-Уяач удмын тань зануу, морины зураг өрөөндөө залсан нь?
-Энэ манай хүрэн азарга. Улсад нэг удаа түрүүлж, аман хүзүүдсэн. Мөн хоёр удаа айрагдсан хүрэн азарга өөрөө хурдтайгаас гадна тав дахь үе нь улсад айрагдаж байна. Хүрэн азаргын угшил зөвхөн манайд биш Төв, Сэлэнгэ Говь-Алтай, Өвөрхангай гээд олон аймагт тарсан. Тийм болохоор хүрэн азарганы үр төлийг уяж уралдуулан Монгол Улсын манлай уяач болсон хүмүүс ч бий. Манай аймгийн Мал эмнэлэг, үржлийн албанаас хүрэн азарганы угшлыг баталгаажуулсан бичгийг ч олгож байлаа. Хурдан азарга бүрт үр удамдаа хурдаа дамжуулах чадвар байдаггүй юм. Гэтэл хүрэн азарганы эр төл болгон нь хурдалдаг. Манай гэрийн шүтээн гэж хэлж болно.
-Хоногийн яг талыг нь ажил дээрээ өнгөрөөдөг гэхээр танд чөлөөт цаг гэж гарах уу?
-Цаг гаргая гэвэл гарна л даа. Гэхдээ би. дээд сургууль төгсөж 22 настайгаасаа төрийн албанд ажилласан болохоор ч тэр үү ажил дээрээ ихэнх цагаа өнгөрөөгөөд сурчихжээ. Чөлөөт цагаа харин гэртээ хүүхдүүдтэйгээ өнгөрөөх дуртай. Мөн хөдөө их явдаг. Морь мал сонирхдог, хөдөө аж ахуйн жижигхэн бизнестэй болохоор цаг зав гарвал тэр ажилдаа зарцуулахыг боддог юм. Зун бол манайхан гэр бүлээрээ хөдөө гарчихдаг юм. Гэхдээ тийм боломж ганц сар л даа. Нэгдсэн чуулган завсарлаад наадмын дараагаас наймдугаар сарын дунд хүртэл хөдөө айраг цагаа хийхээс эхлээд мал сүргээ тамгална гээд ажил их. Өвөл бол мориныхоо жүчээ рүү явах дуртай. Харин бусад цагийг нь тойрог дээрээ ажиллана шүү.
-Спортоор хичээллэхэд цаг гаргадаггүй хэрэг үү?
-Эрүүл мэнд, бие бялдраа бодсон ч спортоор хичээллэх хэрэгтэй гэдгийг ойлгодог. Гэхдээ амждаггүй юм. Харин бассейнд хааяа явчихдаг.
-Сайн сэлдэг үү?
-Сайн биш ээ. Эрүүл мэнддээ анхаарал тавьж байгаа л хэлбэр. Нас 40 гарчихлаа. Тиймээс дандаа суудаг ажлынхаа хэмнэлийг жаахан өөрчилж, хөдөлгөөн хэрэгтэй юм болов уу гэж бодоод. Хоёрдугаарт, эрдмийн ажил хийж байгаа учраас цаг зав муухан байдаг.
-Докторын зэрэг хамгаалах гэж байгаа юм уу. Сэдэв нь?
-Хоёр жилийн докторантурт сурсан. Яг хэзээ хамгаалахаа тогтоогүй. Нутгийн удирдлагыг боловсронгуй болгох чиглэлээр удирдахуйн ухааны докторын зэрэг горилох бүтээл хийж байгаа. Ажлаа ахиулахгүй байна гэж удирдагч багш нартаа загнуулаад л яваа? Ер нь томоохон хуулиудын ажлын хэсгийг ахалчихаар нэлээн завгүй болчихдог. Тийм болохоор хувийнхаа ажилд гаргах цаг хомс л байх юм.
-Эрдмийн ажлын тань сэдэв таны удирддаг Монголыннутгийн удирдлагын холбооны ажилтай хамаатай л юм байна. Ер нь та хэр олон сонгуульт алба давхар хашдаг вэ?
-Манай Нутгийн удирдлагын холбоо 1994 онд байгуулагдсан. Бүх аймаг нийслэл, ИТХ, ЗДТГ-ыг эгнээндээ нэгтгэсэн томоохон байгууллага. Миний хувьд Нутгийн удирдлагын холбооны тэргүүнээс гадна ХААИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүнээс гадна Монголын Морин спорт уяачдын болон дугуйн холбооны тэргүүлэгч, аймгийнхаа Оюутан залуучуудын холбоо, Нутгийн зөвлөлийн тэргүүн гээд олон албатай.
-Энэ олон ажлыг амжуулах цаг олдох уу?
-Амаргүй л дээ. Тэр ч хурал, ийм ч хандив гээд нэлээн юм болно. Гэхдээ улс төрчийн амьдрал гэдэг олон нийтэд хандсан байдаг учраас амжуулаад л явж байна. Аливаа зүйлийн дотор нь байж санаа бодлыг нь авах, тусалж дэмжих, олон нийтийн саналыг хууль, нийтийн эрх зүй болгож зохицуулах учиртай юм. Аль ч улсад очсон УИХ-ын гишүүн гэдэг өөрийгөө бусдын төлөө зориулсан завгүй хүмүүс байдаг. Хэнхэг ч гэх үү дээ. Тэгээд ч улс төр гэдэг чөлөөт заваараа хийчихдэг ажил биш. УИХ-ын гишүүн байна гэдэг хүнээс маш олон чадвар, цаг зав, сэтгэл шаарддаг. Тиймээс төрийн албаны тодорхой шатыг дамжиж нэг үгээр өөрийгөө бэлтгэж байж орж ирэх ёстой юм. Түүнээс гар хөлийн үзүүрээр, хэн нэгэн баян, эсвэл дуучин, олны танил эрхэм орж ирээд хийдэг ажил биш.
-УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь хууль тогтоох. Тиймээс ажил, амьдралынтуршлага ч нэлээд хэрэг болох байхшүү?
-Гол нь тэр. Тэр хүн заавал хуульч байх албагүй. Хуулийн төсөл дээр сууж, нийгмийн амьдралыг зохицуулах эрх зүйн бичиг баримтыг боловсруулна гэдэг өргөн мэдлэг, амьдралын туршлага зайлшгүй шаарддаг. Дэлхийн олон орны парламенттай танилцаж байхад гишүүдийн дундаж нас их өндөр байдаг юм билээ. Салбар бүрийн туршлага хэрэгтэй. Мөн улстөрч хүн эхлээд амьдралынхаа асуудлыг шийдчихсэн байх ёстой юм. Тэгээд нийгмийн төлөө өөрийгөө зориулах шатанд ирсэн үедээ улс төрд орж бусдын эрх ашгийн төлөө явах боломжтой. Парламентын гишүүн нийгмээс түрүүлж сэтгэх, асуудлыг зөв ойлгож хардаг чадвартай байх ёстой.
-Парламентын гишүүдийг харж байхад завтай хүн олон санагддаг. Хууль боловсруулах ажлын хэсэгт орсон гэх хэрнээ хуулийн төсөл байтугай хэлэлцэх явцад Нь ч цөөн харагддаг хүн ч нэг биш шүү дээ. Таныхаар гишүүдийн хэчнээн хувь нь хууль хэлэлцэх батлах үйл явцад идэвхтэй оролцдог бол?
-Мэргэших хэрэгтэй. Би бол улс төр, захиргаа, хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлийн хуулийн ажлын хэсэгт л ордог. Түүнээс биш нийгмийн салбарын хуулиуд дээр ерөөсөө ажиллаж үзээгүй. Энэ жил л Төсвийн тухай хуульд ажилласнаас биш эдийн засаг, төсвийн чиглэлийн хуулиуд руу орох зав ерөөсөө гардаггүй юм. Парламентын гишүүдийн 30 орчим хувь нь хууль дээр суудаг шүү дээ.
-Намындаалгавраархуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ахаллаа гэхэд хувь гишүүн өөрийн саналыг тусгах боломж гарах уу. Өөрөө өөртэйгөө зөрчилдөөд хэцүү бишүү?
-Би хуулийн төслүүд дээр ажиллахдаа улс орны эрх ашгийг л тэргүүнд тавьдаг. Улс төрийн ньюанстай хуулиуд бий л дээ. Тэр тохиолдолд намын байр суурийг баримтална. Гэхдээ улс төрийн зорилгоор гаргах хууль гэвэл Сонгуулийн, Улс төрийн намын тухай гээд тун цөөн дөө. Яахав лообийгоор орж ирсэн хуулиуд парламентад байдаг л юм. Гэхдээ би түүнийг хэзээ ч урьтал болгож байгаагүй.
-Тийм хууль олон орж ирэх үү?
-Олон шүү. Тухайлбал, татварын орчныг өөрчлөх хуулиуд гэнэт орж ирдэг. Би бизнес сонирхдоггүй учраас сайн мэдэхгүй. Гэхдээ надад энэ байдал нь харагдаад л байдаг юм.
-Та хөдөө аж ахуйн жижигхэн бизнестэй гэсэн биш үү?
-Мал аж ахуй л даа. Адуугаа хурдны чиглэлээр өсгөж байгаа. Барга үйлдвэрийн хонь, махны чиглэлийн үхэр үржүүлдэг. Гэхдээ жижигхэн аж ахуй. Том болгох санаа байна. Бид махаа экспортлох ёстой. Монголын зах зээл бага учраас гадагшаа, тэр дундаа ОХУ руу гаргаж байвал эргэлтэд орж, үнэ нь өснө. Мал аж ахуйг хөгжүүлэх гол зам нь махны экспортыг дэмжих. Уул уурхайн дараа орох хөгжлийн хоёр дахь гарц хөдөө аж ахуй гэж би хувьдаа үздэг. Мал аж ахуйн салбар эрсдэлтэй хэдий ч мөнхийн бизнес юм.