Хуулийг баталдаг хуулийг хэрэгжүүлдэг хоёр байгууллага нэг дор байж болохгүй гэдэг бол парламентын амин сүнс.
2014.04.20

Хуулийг баталдаг хуулийг хэрэгжүүлдэг хоёр байгууллага нэг дор байж болохгүй гэдэг бол парламентын амин сүнс

“Дуусдаггүй яриа” клубын энэ хаврын эхний нэвтрүүлэг нь УИХ-ын чуулганы үеэр клуб хэлбэрээр ажиллах зарчмаар явдаг. Улс орон, нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлаар тодорхой хэлэлцүүлэг өрнүүлдэг нэвтрүүлэг юм. 

Хаврын “Дуусдаггүй яриа”  нэвтрүүлгийн бүрэлдэхүүнд  УИХ-ын гишүүн А.Бакей, Д.Батцогт, Ц.Оюунбаатар. С.Дэмбэрэл, Л.Энх-Амгалан болон эрх зүйч н.Лхагважав нар хаврын “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийн үндсэн гишүүнээр ажиллаж олон сэдвээр санал солилцоно.

Энэ удаагийн эхний  дугаараар УИХ-ын анхны чуулганаар хэлэлцсэн Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “Монгол улсын засгийн газрын тухай хууль” “УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах”-тай холбогдсон ард иргэдийн дунд   та бидний ярьж заншсан давхар дээлийг тайлах  асуудлаар тодорхой хэлэлцүүлгүүд өрнөлөө.  Хүндэт зочноор УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Д.Сумъяабазар болон МУИС-ийн дэд захирал н.Мөнх-Эрдэнэ нар оролцож байна

-          УИХ дээр улс төрийн суудалтай намууд ер нь УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүн байх шаардлагагүй юм байна гэдэг зарчмын байр суурь нэг байгаа. Хамгийн гол нь өнөөдөр маргаан дэгдээж байгаа асуудал нь хууль батлагдаж хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ гэдэг асуудал маргаантай байгаа. УИХ-ын чуулган дээр “Шударга ёс” эвслийг төлөөлж Д.Батцогт гишүүн 2014 оны долдугаар сарын 1-нд хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал өгсөн. Энэ талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлээч?

Би асуудлыг арай өөр өнцгөөс ярья.  Олон жил хуримтлагдсан асуудал. Энэ нь үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтөөс болсон. УИХ-ын гишүүн нь давхар ажил хийж байгаагаас болсон гэдгийг үе үеийн парламент тавиад үүнийгээ засч чадахгүй л явсаар ирсэн. Сая Монголын улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч гэдэг утгаараа ухаалаг төрийн асуудлыг хөндөж тавилаа.

Ерөнхийлөгчийнхөө өргөн барьж байгаа хуулийг УИХ-ын гишүүд нэлээд ач холбогдол өгч, ер нь бид алдаагаа засах ёстой юм байна, УИХ, Засгийн газраа салгахгүйгээр цаашдаа хэн гэдэг хүн Ерөнхий сайд болохоос үл хамаараад, ямар нам ялахаас үл хамаараад асуудал маань явахгүй юм байна гэдэг дээр УИХ-ын гишүүдийн дийлэнх нь дүгнэлтээ хийсэн байх. Тэгэхээр хэзээ хэрэгжүүлэх вэ гэдэг дээр жоохон маргаантай асуудал байсан. 

Л.Энх-Амгалан гишүүний хэлснээр ер нь  УИХ, засгийн газар хоёрыг салгах нь зөв.  Гаднаас сайд нар томилоод засгийн газрыг байгуулаад явбал засгийн газрын ажил нь ч сайн, парламент нь ч засгийн газартаа хяналт, шаардлагаа тавиад ажиллах бололцоо нь илүү болно. Яахав улс орнуудын туршлага байдаг юм билээ. Зарим улс орнуудад парламентаас засгийн газраа байгуулдаг байхад  дан гаднаас засгийн газраа бүрдүүлдэг улс орнууд ч байна. Тийм улс орнуудаас харахад 600  парламентын гишүүдтэй байх жишээтэй.

Тэнд 10 –аад сайд байхад болж байгаа юм. Өнөөдөр манай парламентын гишүүн 76. 76-аасаа эрх барьж байгаа нь 45 гишүүн байна. 45 дотроосоо 17 нь гэдэг нь арай л биш байгаа юм. Уг нь парламентын засаглалтай оронд парламент нь засгийн газраа томилдог, засгийн газраа хянадаг, засгийн газраа базаж бодлогоо чиглүүлэх ёстой.

Өнөөдрийн манай нөхцөлд УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн гэхээр засгийн газар нь дээрээ орчихоод байна гэдэг үндэслэл байгаа юм. Би УИХ-д орж ирэхээсээ өмнө ингэж боддог л байсан. УИХ-д орж ирээд энэ итгэл үнэмшил минь улам их нэмэгдсэн. Ямар ч байсан  энэ парламент түүхэндээ  хамгийн олон төлөөллөөс бүрдсэн сонирхолтой парламент. Энэ үе дээрээ бид алдаагаа засч авах зүйтэй.

-          Д.Сумъяабазар УИХ дахь МАН-ыг төлөөлж оролцож байгаа. Та бас өөрийнхөө байр суурийг илэрхийлээч ээ.

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барьсан. Энэ хуулийн төсөл бол Монголд  үүсээд байгаа засаглалын хямралыг засах үүднээс, ялангуяа төрийн тогтолцоонд хяналтыг сайжруулах, мөн цаашлаад гүйцэтгэх засаглалд хариуцлага тооцох зэрэг алхмуудыг хийх үүднээс оруулсан байх.

Мэдээж бид хариуцлагыг 1990 оноос Ардчилал Монгол улсад үүсч хөгжсөнөөс хойших 24 жил  болж байна. Энэ хугацаанд бид хүний эрх, эрх чөлөөг ярьж ирсэн. Үүний хажуугаар хариуцлага буюу үүргээ давхар ухамсарлаж үүнийгээ хийх ёстой.

Эрх мэдэл, мөнгө хоёр нэг хэсэг юм уу, нэг хэсэг бүлэглэлийн гарт байх л юм бол үндсэндээ дарангуйлал бий болдог.

  Тэгэхээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж цаашдаа төрийн тогтолцоог эмх цэгцтэй болгох,  төрийн тогтолцооны уялдаа холбоог сайжруулах чиглэл рүү явсан алхмуудыг хийж байгаа нь зөв. Хүн бүр л өөр өөрийнхөө бодлоор аливаа асуудалд хандаж байгаа байх. Ялангуяа Монгол улсад үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд, хүн болгоны хийж байгаа зүйлүүд уялдаа холбоотой, шүүмжлэлтэй ярьж байгаа зүйлүүд байгаа.

Сөрөг хүчний зүгээс аль болох  засгийн газарт тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх гэдэг тал дээр бид удаа дараагийн шаардлагуудыг тавьж ирсэн. Гэхдээ аль нэгэн засгийн газрыг огцруулахдаа, шүүмжлэхдээ биш, хамгийн гол нь энэ улсад зөв системийг бий болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

-          Бие даагч С.Ганбаатар гишүүн энэ асуудлаар хоёр хоногийн өмнө хэвлэлийн бага хурал хийж байр сууриа илэрхийлсэн. Энэ үндэслэлүүдээ тайлбарлаач?

Ямар ч байсан өнөөдөр УИХ 24 жилд бараг анх удаа их хурал шиг шийдвэр гаргасан.  34, 35-ын харьцаатай.  Энд би Д.Батцогт гишүүнд баярладаг. Яагаад гэвэл маш олон бүлэглэлийн талд юугаа ч худалддаг юм мэдэхгүй хүмүүсийн дарамтан доор гарч байгаа гэхэд хэцүү. Зарим нь бүлгээсээ гарч байгаа. Зарчимдаа үнэнч байхыг л  хичээж байгаа гэсэн үг. Энэ бол их хэцүү гарсан шийдвэр. Үнэхээр парламент нь парламент шиг шийдвэр гаргалаа.

22 жил парламентад суусан Ардчилсан намын гишүүд нь шал худлаа ярьж байсан. Парламент, засгийн газрыг хоёр тусдаа салгах ёстой. Хуулийг баталдаг хуулийг хэрэгжүүлдэг хоёр байгууллага нэг дор байж болохгүй гэдэг бол парламентын амин сүнс. Эрх мэдэл, мөнгө хоёр нэг хэсэг юм уу, нэг хэсэг бүлэглэлийн гарт байх л юм бол үндсэндээ дарангуйлал бий болдог.

Өнөөдөр яагаад ард иргэдийн олон чухал шийдвэрүүдээс өмнө бүлэглэл, пракцуудын мөнгө дагасан томоохон шийдвэрүүд дандаа өмнө нь орж байсан юм бэ гэдгийн үндсийн үндэс нь ердөө л энэ. Та нар боддоо. УИХ-д та нарыг сонгохдоо шийдвэр гаргаарай, хууль батлаарай гэж гаргасан. Улсын төсөв гэдэг мөнгөний талаар шийдвэр гаргаарай гэсэн болохоос биш өөрийгөө ерөнхий ня-богоор томилоорой гэж ерөөсөө хэлээгүй.

600 хүнтэй парламентад 18 сайд гарна гэдэг бол 97 хувь нь гурван хувиа хянана гэсэн үг.

Байгууллагын дарга, ерөнхий нябо хоёр бол хоёр өөр ажил.  Энгийн ухамсарын түвшинд хамаатнууд ч хийж болохгүй ажил юм шүү дээ. Тэгэхээр хууль зохионо, батална гэж гарч ирч ирчихээд, мөнгийг юунд зарцуулах вэ гэж баталчихаад маргааш нь өөрийгөө мөнгийг зарцуулах ерөнхий нябогоор тавьчихдаг.

Сайд нарын үндсэн ажил нь төсвийн ерөнхийлөн захирагч гэж хэлдэг. Энэ том гажуудлаас бид гарч байгаа. энэ бол хамгийн том, ач холбогдолтой шийдвэр. Яахав ээ, олон олон парламентын үндсийг бичсэн хүмүүсийн үгэнд ерөөсөө  л эрх мэдлийн хуваарилалт. Нэг хэсэг нь шийдвэрээ гаргана, нөгөө хэсэг нь шийдвэрийг хэрэгжүүлнэ, нөгөө хэсэг нь энэ явцад үүссэн маргааныг тасална гэж байгаа юм.

Энэ гуравт өөр өөр институтууд байна гэдэг. Гэтэл үүнийг нэг хэсэг хүмүүсийн гарт төвлөрүүлээд  аваачвал дарангуйлал үүснэ. Маш энгийн зүйлийг л бид яриад байгаа. Сая Д.Батцогт гишүүн ярьж байсан. 600 хүнтэй парламентад 18 сайд гарна гэдэг бол 97 хувь нь гурван хувиа хянана гэсэн үг.

Манайд 34 хүнтэй ардчилсан намынхан 17 сайд гаргана гэдэг нь 50 хувь нь өөрөө өөрийгөө хянаж чадахгүй. 17 сайд шууд 34-ийгөө хянана. 34-д нь УИХ хөтлөгдөнө гэсэн үг. УИХ-ын хажууд засгийн газар  биш УБХ ажиллаж Аавгүй хүүхэд шиг Монголыг л бид шийдвэр гаргадаг, хариуцлага тооцдог, засгийн газраас үр дүн гаргадаг болгоё  гэж байгаа юм.