С.Бямбацогт: Хамтарсан Засгийн газарт орохгүй
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар “давхар дээл”-ний хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос цөөн асуултад хариулт авлаа.
-МАН-аас тавьж буй шаардлагууд биелэлээ олж эхэллээ. Гишүүд ухаалаг төр лүү алхах эхний алхамаа хийсэн гэж ойлгож болох уу?
-УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “давхар дээл”-ний хуулийн төслийн талаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Ингэснээр Ерөнхий сайд УИХ-ын гишүүний ажлыг давхар гүйцэтгэж болно, мөн үндсэн чиг үүргийн яамдуудын сайд нар УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болно гэдэг санал дэмжигдлээ. Хуулийн хугацааны хувьд 2014 оны долдугаар сарын 1-ээс гэж дэмжигдлээ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн олонхи нь ухаалаг төр лүүгээ хурдан шилжих эхний алхамаа хийлээ. Монгол Улсын нийгэм эдийн засаг хүндэрч байгаа энэ үед ухаалаг төрлүүгээ хурдан алхаж, асуудалд цэг тавих цаг нь болсон.
-Хуулийн төсөл өөрчлөгдөх магадлалтай юу?
-Хуулийг төслийг цааш байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд явна. Хэрэгжих хугацааны хувьд 2014 оны долдугаар сарын 1-ээс гэж дэмжигдсэн учраас өөрчлөгдөх зүйл байхгүй болов уу.
-Хамтарсан Засгийн газар байгуулагдах нь гэсэн яриа гараад эхэллээ. Бүлгийн даргын хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Би өмнө нь хэлж байсан, одоо ч хэлье. Хамтарсан Засгийн газарт орохгүй.