С.Ганбаатар: "Шударга ёс"-ын зарим удирдлага дөрлүүлсэн бух шиг болчихсон байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.04.16

С.Ганбаатар: "Шударга ёс"-ын зарим удирдлага дөрлүүлсэн бух шиг болчихсон байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр мэдээлэл хийж Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр түүнээс дараах зүйлийг тодрууллаа.

-Хаврын чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэхүү хуулийн төсөлд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улс өнөөдөр засаглалын гүн хямралд орчихсон байгаа. УИХ-ын гишүүдийг шийдвэр гаргаж, хууль баталж, бодлого гаргаарай гэж сонгосон. Гаргасан шийдвэрийнхээ дагуу мөнгөө өөрөө зарцуулаарай гэж сонгоогүй. Хууль тогтоох, мөнгө зарцуулах хоёр эрхийг нэг гарт өгнө гэдэг бол эрх мэдэл, мөнгөний дарангуйллыг бий болгоно гэсэн үг. Энэ нь хүчирхийлэл, авлигын үндэс болдог.

Өнгөрсөн 24 жил Монгол Улс босохгүй байгаагийн ганц шалтгаан бол шийдвэр гаргагч нь мөнгөтэй нийлсэнтэй холбоотой юм. Хэрвээ хүн болгон бурхан шиг байдаг бол Засгийн газар хэрэггүй. Хүний ертөнцөд Засгийн газрыг бурхан удирдсан ч засаглалын эрх мэдлийн хуваарилалтыг заавал хийгээрэй” гэсэн философичийн үг байдаг. Үүнийг би өөрийн санаагаа илэрхийлэх үүднээс хэлсэн.

Өөрөөр хэлбэл, байгууллагын даргыг сонголоо. Харин дарга өөрийгөө ерөнхий нягтлан бодогчоор сонгож болохгүй. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүдийг улс орныг удирдаарай гэж сонгосон атал гишүүд нь өөрсдийгөө төсвийг ерөнхийлөн захирагч болгоод сонгоод байна.

Сайд хийгээд түүний хажуугаар УИХ-ын гишүүн хийж байгаа бол түүнийгээ яг одоо зогсоо.

Энэ хоёр тусдаа байх ёстой. Мянга мянган жилийн өмнө Грект үүссэн парламентын амин сүнсийг бид устгасан. Сайд хийгээд түүний хажуугаар УИХ-ын гишүүн хийж байгаа бол түүнийгээ яг одоо зогсоо. Мөн үүнийг хууль баталсан өдрөөс хэрэгжүүлэх ёстой.

-УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс “давхар дээл”-тэй байгаа Засгийн газрын 17 сайдыг санал хураалтад оролцох ёсгүй гэсэн шаардлагыг хүргүүлээд байгаа. Харин АН-ын бүлгийн хувьд санал хураалтад оролцох ёстой гэсэн зарчмын зөрүүтэй саналууд гараад байгаа. Таны хувьд аль нь зөв гэж бодож байна вэ?

-МАН өөрөө мөнгө, эрх мэдэлд мансуурч байх үедээ энэ асуудлыг хийгээгүй, арчаагүй байсныг би хэлэх хэрэгтэй байх. Тэд өнөөдөр түүнээсээ болж гоочлуулж байгаа. Энэ нь зөв. Миний хувьд Ардчилсан нам МАН-ын араас битгий ороосой л гэж хүсч байна. 17 сайд өөрөө өөрийнхөө төлөө санал өгнө гэдэг бол цэвэр ашиг сонирхлын зөрчил. Ёс суртахууны болон зарчмын хувьд ч байж болохгүй.

-Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс тав хоногийн завсарлага авсан. Үүнийг сөрөг хүчний зүгээс улс төрийн тохироо хийх гэж байна хэмээн хардаж байгаа. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-“Шударга ёс” эвслийн зарим удирдагч өөрийн толгойгүй, дөрлүүлсэн бух шиг болчихсон байна.