Бие даагчид МАН-ынхантай санал нэгтэй байна
УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
АН, МАН болоод “Шударга ёс” эвслийн гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаа ч хэрэгжих хугацаанд санал зөрүүтэй байгаа юм. Хууль санаачлагч сайд нар “давхар дээл”-ээ тайлах хугацааг 2016 он гэж байгаа ч гишүүд олонхоороо үүнийг нь 2014 болгон өөрчлөх магадлал өндөр байгаа юм. Хугацааг нь өөрчилвөл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж батлагдахаас нь өмнө хуулийн төслөө эргүүлэн татна гэх.
Тэгвэл эх сурвалжууд хууль санаачлагч хуулийн төслөө татаж магадгүй гэж байна. Хуулийн үзэл санааг өөрчилж, хэрэгжих хугацааг олонхийн хүч түрэмгийллээр шийдэж болох эрсдэл буй учраас хуулийн зөвлөхөөрөө дамжуулан татаж авч магадгүй гэнэ. Мэдээж МАН-ынхан Шинэчлэлийн Засгийн газрын 17 сайдын давхар дээлээ тайлах хугацаа хууль хэрэгжсэн өдрөөс эхэлнэ гэдэгт санал нэг бол АН-ынхан 2016 оноос гэсэн хатуу байр суурьтай буй.
АН дотроо Г.Баярсайхан, Ж.Батзандан, Д.Ганбат нарын “эсэргүү” гишүүд хэрэгжих хугацааг наашлуулахад МАН-ынхантай хүч хавсарч магадгүй юм. Харин “Шударга ёс” эвслийн гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаа ч хэрэгжих хугацаанд нэгдсэн байр сууриа нэгтгээгүй байна. Эвслийн дарга болоод гишүүд “Бүлэг байр сууриа нэгтгээгүй болохоор ярьж чадахгүй нь. Хувь гишүүний байр сууриа ч тодорхойлж амжаагүй байна” гэх хариултыг өгч байгаа юм.
Хууль тогтоох, мөнгө зарцуулах хоёр эрхийг нэг гарт өгнө гэдэг бол эрх мэдэл, мөнгөний дарангуйллыг бий болгоно гэсэн үг.
Гэхдээ өөрсдөө Засгийн газарт ажиллаж байгаагийн хувьд тийм ч амархан албан тушаалаасаа буухыг хүсэхгүй нь ойлгомжтой. Тэгвэл бие даагчид ийм байр суурьтай байна.
Х.Болорчулуун: -Төгс хууль хэрэгтэй байна. Дарангуйллын тогтолцоог бүрмөсөн устгах сайн хууль төрөх нь хамгаас чухал. Түүнээс биш хоёрхон жил хэрэгжих хуулийн төсөл Монголын ард түмэнд хэрэггүй. Миний хувьд хэрэгжих хугацаа 2014 оны долдугаар сард байх ёстой гэж бодож байна. Хэрэгжих хугацаадаа биш төгс хууль гарахад учир байгаа юм.
С.Ганбаатар: -Монгол Улс өнөөдөр засаглалын гүн хямралд орчихсон байгаа. УИХ-ын гишүүдийг шийдвэр гаргаж, хууль баталж, бодлого гаргаарай гэж сонгосон. Гаргасан шийдвэрийнхээ дагуу мөнгөө өөрөө зарцуулаарай гэж сонгоогүй. Хууль тогтоох, мөнгө зарцуулах хоёр эрхийг нэг гарт өгнө гэдэг бол эрх мэдэл, мөнгөний дарангуйллыг бий болгоно гэсэн үг. Энэ хоёр тусдаа байх ёстой. Давхар дээлээ тайлах нь хууль баталсан өдрөөс хэрэгжих ёстой.
Ц.Даваасүрэн: -Дан ганц УИХ болон Засгийн газрын тухай хуулийг өөрчлөх нь хангалтгүй. Үндсэн хуульд нь УИХ-ын гишүүн Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэсэн заалтыг үлдээж байна. Тэгэхээр нэг ёсондоо үүнийг өөрчилсөн болж ард түмний нүдийг хуурах гэж байна гэсэн юм. Мөн давхар дээлийг тайлах гэж байгаа бол гуравны нэг нь, тавин хувь нь байж болно гэсэн асуудлыг үлдээж болохгүй. Өмнө нь Үндсэн хуульд байсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн заалтыг л сэргээх ёстой. Тэгэхээр процессийн хуулийг биш гол Үндсэн хуулиа л өөрчлөх ёстой.