Д.Оюунхорол: Хууль тогтоох байгууллагынхаа хувьд илүү их хариуцлага үүрэх ёстой
“Ийгл” телевизийн Бадарчийн Жаргалмаатай УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ярилцлаа.
- Тун удахгүй нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж байгаа дан дээл, давхар дээлийн асуудлыг хэрхэн яаж, шийдвэрлэх вэ гэдэг дээр ярилцъя. Ер нь МАН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
Тэгэхээр энэ хуулийг Монгол улсын Ерөнхийлөгч өргөн барьсан. Засгий газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүн байхыг хориглоё. Ер нь “Том төрөөс, ухаалаг төр лүү” зайлшгүй явах шаардлагатай. Бидэнд өнгөрсөн 23 жилд алдаж оносон, асгасан, цутгасан зүйл их байна.
Одоо бид төрийн тогтолцоог, хариуцлагын тогтолцоог илүү сайжруулах шаардлагатай байна. Өөрчлөлтийг эхлүүлье гэсэн санал санаачлагыг дэвшүүлсэн. Энэ ажлыг эхлүүлэхдээ ухаалаг төрийг Монгол улсын их хурлаас эхлүүлэх нь зүйтэй юм байна. Ажлыг дээрээс нь эхэлье гэдэг санал санаачлагыг дэвшүүлж энэ хуулийг өргөн барьсан байх.
Тиймээс энэ хуулийг МАН-ын бүлэг дэмжиж байгаа. Их хурлын гишүүн засгийн газрын гишүүн байх нь олон сөрөг үр дагаврыг авчирч байна гэдэг саналтай нэгдэж байгаа. Өнөөдөр Монгол улсын эрх мэдлийн хуваарилалт, төрийн эрх мэдлийн хуваарилалт үндсэндээ алдагдаж байна. Монголын парламентын ардчиллыг устгаж, ардчиллын олон үнэт зүйлүүдээсээ бид ухарч байна. Монгол улсын засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашина гэдэг нь хоёр том институтын ажлыг халтуурдах маягтай хийж байгаа нь үнэн гэдэгтэй санал нэг байгаа. тиймээс үүнийгээ хязгаарлая.
Бидэнд өнгөрсөн 23 жилд алдаж оносон, асгасан, цутгасан зүйл их байна.
Нөгөө талаас Монгол улсын их хурлын 17 гишүүн нь сайд болоод явчихаар УИХ-ын ирц бүрдэж чадахгүй байна. УИХ-аас баталж байгаа хууль тогтоох байгууллагын ажиллагаа суларсан. УИХ-ын гишүүд хууль тогтоох байгууллагынхаа үйл ажиллагаанд илүү их ач холбогдол өгнө гэж ард түмэн сонгож байгаа. Нөгөө талаас Монгол улс парламентын засаглалтай улс. Тийм учраас хууль тогтоох байгууллагынхаа хувьд илүү их хариуцлага үүрэх ёстой. Мөн хяналтын тогтолцоо маш хүчтэй байх учиртай.
Өнөөдөр 17 сайд нь УИХ-ын гишүүн учраас засгийн газартаа хяналт тавих боломж бололцоо хомсодчихдог. Энэ асуудлуудыг зохицуулахын тулд энэ хуулийг Ерөнхийлөгч өргөн барьсан байх. УИХ-аар батлагдсан хууль ердийн журмаараа 14 хоногийн дараа хэрэгжээд явах боломж, бололцоо бүрддэг.
Эсвэл энэ журмаараа хэрэгжүүлээд яваач, эсвэл 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлээч. Асуудал болохгүй байна гэдгийг ойлгож, харж байна. Тийм учраас энэ алдаагаа мэдээд байгаа хэрнээ дахиад хоёр жил үргэлжлүүлээд яах вэ, асуудлаа тодорхой болгочих гэсэн байр суурьтай байгаа.