"Давхар дээл тайлах" асуудлыг хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өмнөх хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч энэ асуудлаар Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага аваад байсан юм.
Өнөөдөр завсарлагын тов дуусгавар болсноор хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ийн “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг уг асуудлаар дахин гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч Улсын Их Хурлын дарга З.Энхболд дахин завсарлага өгөх боломжгүй гэж үзсэн.
Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Су.Батболд, Сү.Батболд, С.Бямбацогт, М.Энхболд нарын гаргасан хоёр ч санал унаад байсан бөгөөд энэ саналуудаар УИХ-ын чуулган дээр санал хураалгасан нь дэмжигдсэн юм.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд дараах саналуудыг хэллээ.
Ж.Энхбаяр
Энэ хуулийг МАН санаачилаад, мөн батлуулах гээд зүтгүүлээд байгаа юм бүүр биш шүү. Энэ хүнд хэцүү цаг үед ард түмэнтэйгээ ойр байвал Монгол улсад хэрэгтэй гэдэг нь яг өнөөдрийн Засгийн газар, өнгөрсөн пропорцианаль сонгуулийн алдаа дээр харагдаж байна. Өнөөдөр УИХ нь Засгийн газраа удирдах чадвараа алдсан. Засгийн газар нь намын бүлэглэл фракцуудын эрхшээлд орчихсон. Тэгээд бүлэглэл, фракц нь шударга ёсныхоо мэдрэмжээ хаяаад гэмт бүлэглэлийн чанар руу орчихсон байна. Ингээд төр засаг, эдийн засгаа унагаагаад, хүнд байдалд орчихоод байна. Хоёрхон жилийн дотор улс орны эдийн засаг яаж унаж байгааг харж байгаа биз дээ. Засгийн газар хэвлэл мэдээллийн амыг ч мөнгөөр чсайн барьж байна. Нөгөө ардчилал, шударга ёс хаана байна.
Ц.Даваасүрэн
Үндсэн хууль дээр УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн хийж болно гэж бий. Энэ хууль нь өргөн баригдахдаа л Үндсэн хуулийн зөрчилтэй өргөн барьсан. Хууль санаачлагчын төслөөр явъя гэхээр зөвхөн Ерөнхий сайдыг л хавсарч хийж болно гээд байгаа. УИХ бол Үндсэн хуулийг зөрчиж болно, түүнийг Үндсэн хуулийн цэц л засаж байх ёстой мэтээр Р.Гончигдорж гишүүн тайлбарлаж байна. Дэгийн тухай хууль дээр Үндсэн хуулийн болоод буад хуультай зөрчилтэй хуулийн төсөл орж ирсэн бол байнгын хороо хууль санаачлаад өөрчлөж байх ёстой. Гэтэл одоо Үндсэн хуулийн зөрчил үүсгээд явж байна.