Өнөөдөр ахмадуудын тэтгэврийг 30% нэмэх нь амьдралын бодит шаардлага болсон.
2014.03.26

Тэтгэврийг 30% нэмэх нь амьдралын бодит шаардлага болсон

Тулгамдаж байгаа, төр засгаас зайлшгүй анхаарах хэд хэдэн асуудлыг багцалж Монголын ахмадын холбоогоор дамжуулж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад дахин хандахаа мэдэгдлээ.

Эдийн засгийн нөхцөл байдал, үнэ, инфляцийн өсөлттэй уялдуулан ахмадуудын амьдрал доройтож байна гэх гомдол, санал орон нутгаас их ирэх болжээ. Үүнтэй холбогдуулан Монголын ахмадын холбооноос  аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлаг, тусгай газар салбаруудын ахмадын байгууллагуудын ээлжит бус чуулган, удирдах ажилтнуудын зөвлөлгөөнийг зохион байгуулсан юм. Чуулганаар ахмадуудын өмнө тулгамдсан асуудлуудыг дэс дараалалтай эрэмбэлж төр засаг ямар асуудлуудад анхаарлаа хандуулах ёстой вэ гэдэгт санал хүсэлтээ илэрхийлэх юм.  Чуулганд оролцсон ахмадын төлөөллүүд тулгамдаж буй дараах асуудал байна гэж үзжээ.

Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар: “Тэтгэврийн асуудал нэгдүгээрт тавигдана. Өмнө нь тэтгэврийн хэмжээг нэмнэ гээд хоёр жил ярьсны дараа 20-27 мянган төгрөгөөр нэмлээ. Энэ мөнгийг тооцоод үзэхэд өдрийн 60-90 төгрөгөөр тэтгэвэр нэмсэн болчихоод байна. Ийм мөнгөөр худалдаж авдаг бараа, бүтээгдэхүүн байхгүй. Амьжиргааг үнэ, инфляцийн өсөлтийг нөхөхөд гүйцэх хэмжээгээр тэтгэвэр нэмсэн үү гэвэл худлаа. Энэ асуудалд ахмадууд бухимдаж байгааг бид нухацтай судалж байна. Дараагийн нэг асуудал нь эрүүл мэндийн үйлчилгээний асуудал өдрөөс өдөрт дордсоор байна. Хэсгийн эмнэлгүүд, өрхийн эмнэлгүүд ялангуяа дүүргийн эмнэлэгт ахмадууд оочирлож зогсоод шинжилгээ өгье гэхээр шинжилгээний оочир дараалал нь дийлдэхгүй дуусчихсан байдаг. Даралтаа үзүүлэх гэж очсон ч даралтаа үзүүлж дийлэхгүй буцаж байгаа, шинжилгээний 35 мянган төгрөг гаргадаг боловч нэлээд хэдэн төрлийн шинжилгээ хийхэд хаанаа ч хүрэлцдэггүй. Дараагийн даатгалын мөнгөнөөс болон өмнө нь хэмнэгдсэн даатгалын мөнгөнөөс зарцуулах эрх зүйн механизм байхгүй учраас ахмадууд  эмнэлгийн тусламж авч чадахгүй, хүндрэлтэй байгаагаа хэлсэн.”

 Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, эдийн засаг хүндэрсэн энэ үед цалин, тэтгэврийг наад зах нь 30% хүртэл нэмэх ёстой гэж ахмадууд үзэж байна. МАН-ын зүгээс ч үүнтэй санал нэг байгаа юм. Засгийн газраас нэмсэн тэтгэвэр хангалтгүй гэж байгаа учраас төсөвт тодотгол хийх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол: “МАН-ын бүлгээс 22 хуулийн санаачилж өнгөрсөн 2 жилийн хугацаанд өргөн барьсан байдаг. Эдгээр хуулиудаас 3-н хуулийг л хэлэлцсэн. 19 хуулийг хэлэлцээгүй. Мөнгө, төгрөгтэй  холбоотой хуулийг МАН-ын бүлэг санаачилж байгаа учир хуулиудыг хэлэлцэх боломжгүй байгааг УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы хаалтын арга хэмжээний үеэр хэлсэн. Цалин, тэтгэврийн хуулийг санаачилж байгаадаа бус өнөөдөр ахмадуудын тэтгэврийг 30% нэмэх нь амьдралын бодит шаардлага гэж үзэж байгаа учраас бид чимээгүй нэмэхийн тулд эдгээр хуулиуддаа өөрчлөлт оруулаад засгийн газар өөртөө эрхээ аваад энэ журмын дагуу цалин, тэтгэврээ нэмдэг болооч гэсэн шаардлага тавьсан. Үүнийг төдийлөн сайн хүлээж аваагүй.”

Түүнчлэн цаашид тэтгэврийн ялгаа зөрүүг арилгахад бодлогын томоохон арга хэмжээ авах ёстой гэсэн санал хүсэлтийг ахмадууд хэлж байлаа. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний асуудал хоног хоногоор дордож байгааг ч хэлсэн.

Төрөөс ахмадуудын амралт, сувилалд явах унааны зардлыг хөнгөлдөг байсан бол одоо тэр зүйл орхигджээ. Энэ мэтчилэн олон тулгамдсан асуудал байгааг нэгтгэн МАХолбоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-д дахин хандахаа илэрхийлсэн юм.