С.Одонтуяа: Цалинг 30 хувиар нэмнэ гэдэг эдийн засгаа унагах аюултай
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.03.06

С.Одонтуяа: Цалинг 30 хувиар нэмнэ гэдэг эдийн засгаа унагах аюултай

Цалин хөлсний нэмэгдэл, эдийн засгийн нөхцөл  байдлын талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодрууллаа.

-Он гарсан даруйд МАН- ын бүлгийн зүгээс цалинг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавиад байгаа. Энэ шаардлагыг та юу гэж харж байна вэ?

-Ер нь төрийн албан хаагчдын цалин дотор багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх тал дээр би санал нэг байдаг. Учир нь авч байгаа цалин нь хийж байгаа ажлынхаа бүтээмжтэй шууд уялддаг байх ёстой. Эмч нарын хувьд өндөр ачаалалтай ажилладаг. Хийж байгаа ажлынх нь ачааллаас авч байгаа цалин нь хамаагүй доогуур байгаа. Тиймээс бид эмч багш нарын цалинг нэмэх талаар олон жил ярьсан.

Зүгээр бусад төрийн албан хаагчдын цалинг шууд маргааш 30 хувиар нэмэгдүүлнэ гэдэг бол эдийн засгаа татан унагаах аюултай. Тийм учраас энэ бол арай цаг нь болоогүй асуудал. Мэдээж хавар зарим нам эвслийн зүгээс популизм хийдэг л байх. Тухайн улстөрчийн нэр хүнд хоромхон зуур өсдөг ч гэсэн эргээд энэ мөнгө ард түмний халааснаас гардаг.

Тэгэхээр энд хэд хэдэн ноцтой хүчин зүйлүүд байдгийг санах ёстой. Нэгдүгээрт бид хувийн хэвшлийн үйл ажиллагааг доголдуулах аюултай байгаа. Төсвийн алдагдал хуульд заасан хоёр хувиас хэтрэх бас нэг аюул бий. Мөн зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт эрс нэмэгдэж, юмны үнэ нэмэгдэх, инфляци өсөх сөрөг үр дагавар мөн гарна.

-Хувийн хэвшилд шууд ирэх сөрөг үр дагавар нь юу юм?

Мэдээж цалин нэмэх сайхан нөгөө талаасаа юмны үнэ өсөх юм бол эргээд нийгэмд илүү их хор хохирол учруулна.

-Хувийн хэвшлийнхний хувьд энэ яагаад том дарамт болох вэ гэхээр төрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмэгдүүлэхээр хувийн секторт ажиллаж байгаа хүмүүс цалингаа 30 хувь нэмэгдүүлэх шаардлага тавина. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн маневр хийх шаардлагатай болно оо доо. Нэг бол компаниа хаана, эсвэл зарж байгаа бүтээгдэхүүн, бараа үйлчилгээн дээрээ дахиад л нэмэгдлээ тооцож эхлэхээр бүх барааны үнэ нэмэгдээд ирнэ.

Мэдээж цалин нэмэх сайхан нөгөө талаасаа юмны үнэ өсөх юм бол эргээд нийгэмд илүү их хор хохирол учруулна. Төрийн албан хаагчдын цалинг нэмээд л байх юм бол хувийн хэвшилд ажиллах хүн олдохоо болино нийгмийн сэтгэхүйн хувьд их буруу зүйл юм.

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрс өсч, инфляци хоёр оронтой тоонд шилжсэн учраас үнийн өсөлттэй уялдуулан цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай гэж тайлбарлаад байгаа шүү дээ.

-Ер нь цалин тэтгэврийг нэмэхдээ төсвийн тогтвортой байдлаа үргэлж хангаж байх хэрэгтэй. Одоо бидний мөрдөж байгаа хуульд төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрэхгүй байхаар заасан. Төрийн албан хаагчдын цалинг яг одоо 30 хувиар нэмэгдүүлэх юм бол эргээд энэ алдагдал 1.5 аар нэмэгдэж өсөх төлөв байгаа.

Тийм учраас бид 2013 онд ДНБ-ий өсөлтийг 11.7 хувь гээд авч үзэх юм бол цалинг 30 хувь нэмэгдүүлнэ гэхээр эдийн засгийн тооцоо судалгааны хувьд авцалдахгүй байгаа юм. Бид төсвөө тогтвортой байлгахын тулд бас онцгойлон анхаарах шаардлагатай.

-Эдийн засагчид цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхдээ хэрэглээний үнийн индекстэй уялдуулах шаардлагатай гэж ярьдаг. Үүнээс харахад цалин, тэтгэвэр нэмэх цаг нь болоогүй юу?

-2013 онд үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр хэрэглээний үнийн индекс 12.5 хувьтай байгаа. Бид цалинг огцом нэмээд зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх юм бол дахиад бидний байнга л айж байдаг инфляци эрс нэмэгдэнэ.

Тийм учраас бид нэг гараараа цалин нэмж сайн зүйл хийх гэж байгаа болов ч нөгөө гараараа эдийн засгаа хохироож болохгүй байгаа юм. Тэгэхээр хэрэглээний үнийн индекстэй заавал уялдуулж ажиллах зайлшгүй .шаардлагатай.