Х.Амгаланбаатар: Ойрын хугацаанд цалингийн нэмэгдэл тодорхой болно
МҮЭХ-ноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас цалингын нэмэгдлийн талаар асууж тодруулсан юм.
-Тэтгэвэрийн нэмэгдэл араасаа олон асуудал дагууллаа. Энэ юутай холбоотой гэж та бодож байна?
-Тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг энэ цагаан сарын өмнөхөн Засгийн газар бие дааж шийдвэрлэсэн. Уг нь тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хэлэлцээрийн хүрээнд нэлээн нухацтай ярилцаж байж оновчтой шийдвэрлэх ёстой байсан. Тэгэхээр хэлэлцээрээр хүлээсэн үүргээ Засгийн газар төдийлөн сайн гүйцэтгэж нийгмийн түншлэлийн зарчмаа барьж нэмж чадаагүй гэсэн үг. Тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн тал дээр манай ахмадууд сэтгэл ханамжтай бус байгаа. Одоо цалингийн нэмэгдлийн асуудал яригдаж байна.
-Тэгвэл цалингийн нэмэгдэл дээр дахин тийм асуудал гаргахгүйн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Энэ асуудалд манай боловсрол эрүүл мэнд соёл урлагийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоод тус тусынхаа яамтай сар гаруй хугацаанд ажиллаж байна. Өчигдөр эцсийн байдлаар салбарын үйлдвэрчний эвлэлийн яамдууд салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоод тохиролцоогоо хийлээ. Энэ тохиролцоогоо ирэх баасан гарагийн Засгийн газрын хуралдаанаар оруулах болов уу гэж бодож байна. Ойрын хугацаанд цалингийн нэмэгдлийн асуудлыг тодорхой болгох ёстой.
Гэхдээ энэ цалингийн нэмэгдэл дээр одоогоор их би их бага гэж яримааргүй байна. Яагаад гэвэл 2014 оны улсын төсөвт цалингийн нэмэгдэлд 139 тэрбум төгрөгийг яаж зөв оновчтой хуваарилах вэ гэдэг асуудал яригдана. Харин цаашаа цалингийн нэмэгдлийн асуудлыг төсвийн тодотголын хүрээнд ярих асуудал нээлттэй. Бид өмнө нь цалин тэтгэвэрийн нэмэгдэлд тусгасан 239 тэрбумыг хангалттай бус байна цаашдаа үүнийг төсвийн тодотголын хүрээнд дахин тавина гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдсэн байгаа.
-Салбарын үйлдвэрчний эвлэлүүд яамдуудтайгаа хувь хэмжээгээ тохиролцсон гэлээ. Тухайлбал эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хөлс хэдэн хувиар нэмэгдэх бол?
-Үүнийг би өнөөдөр хэлэх боломжгүй. Салбарын үйлдвэрчний эвлэлүүд яамдуудтайгаа тохиролцоонд хүрсэн. Тохиролцооны хувь хэмжээ МҮЭХ-ын ерөнхийлөгчид хүртэл ил тод биш байгаа. Цаашдаа Засгийн газрын хуралдаанаар шийдэгдэх байх. Салбарт нь энэ эрхийг нь өгсөн учраас бид хөндлөнгөөс оролцох шаардлагагүй гэж үзсэн.
-Цалин тэтгэвэр нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсчихөөд байдаг. Үүнд МҮЭХ ямар нэгэн арга хэмжээ авах уу?
Бид өмнө нь цалин тэтгэвэрийн нэмэгдэлд тусгасан 239 тэрбумыг хангалттай бус байна цаашдаа үүнийг төсвийн тодотголын хүрээнд дахин тавина гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдсэн байгаа.
-Бид цалин тэтгэвэрийн нэмэгдэлийг ярих нь чухал. Гэхдээ хамгаалах асуудал туйлын чухал болчихоод байна. Өнөөдөр бид цалин тэтгэвэрээ хэдэн хувь нэмчихлээ гэхэд бараа бүтээгдэхүүний үнэ түүнээс илүү нэмэгдвэл цалин тэтгэвэр тэтгэмжийн худалдан авах чадварыг алдагдуулж байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдрөөс эхлүүлж буй хаврын кампанат ажлынхаа хүрээнд ШӨХТГ, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэг болон бусад үүнд хяналт тавьдаг байгууллагуудтай яаж хамтран ажиллах вэ гэдэг ажлын төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа. Энэ хүрээнд хяналтаа тавина. Мэдээж хяналт тавиад хариуцлагаа чангатгах ёстой.
-С.Эрдэнэ сайд цалин тэтгэвэр тэтгэмжийг эдийн засгийн өсөлт инфляцийн түвшинтэй уялдуулан нэмдэг дэлхийн аргачлалыг энэ жилээс туршиж эхэллээ гэж байсан. Үйлдвэрчний эвлэл үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Туршиж байгаа учраас алдаж онож байгаа зүйл байгаа байх. Гэхдээ суурь инфляцийн түвшинг тооцсон тооцоолол нь бидэнд ойлгомжгүй байгаа. Одоо үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас явуулж байгаа бараа бүтээгдэхүүний үнийн судалгаа инфляцийн түвшиний судалгаа Үндэсний статистикийн хорооны гаргасан тооцоо судалгаатай зарим үед зөрдөг.
Тэгэхээр энэ анхны алхам болж байгаа инфляцийн түвшингийн судалгаан дээрээ талууд нэг гараанаас эхлэх ёстой. Тухайлбал 2014 оны 1 сарын байдлаар тооцоолж гаргасан энэ хувь хэмжээ зөв үү буруу юу гэдгийг бид тал талаасаа ярилцаж тогтох ёстой. Тэгэхгүйгээр цалин нэмэгдүүлэх болохоор инфляцийнх нь хувь хэмжээ буурчихдаг. Харин өөр юм яриад эхлэхээр инфляцийн түвшин нь өсдөг байж болохгүй.