Цалинг нэмүүлэх кампанит ажил өрнүүлнэ гэв
“Хөгжил-Эв нэгдэл” хаврын кампанит ажил эхэллээ
2014.02.27

Цалинг нэмүүлэх кампанит ажил өрнүүлнэ гэв

“Хөгжил-Эв нэгдэл” хаврын кампанит ажлыг шуурхайлах болсноо МҮЭ-ийн холбооны удирдлагууд сэтгүүлчдэд дуулгалаа.

МҮЭХ-ноос 2014 онд дэвшүүлсэн “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн төлөө” үндсэн зорилгыг хэрэгжүүлэх, мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн зарим заалтыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан Нэмэлт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах, улмаар гишүүд, хөдөлмөрчдийн цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ҮЭ-үүдийн үйл ажиллагааг бүхий л хэлбэрээр идэвхжүүлж, эрчимжүүлэхэд нийт үйлдвэрчний эвлэлүүдийн оролцоо, эв нэгдлийг хангаж ажиллахаар энэхүү кампанит ажлыг эхлүүлжээ.

ҮЭ-үүдийн хаврын кампанит ажлыг 2014 оны 05 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд орон даяар зохион байгуулна.

Цалин хөлс нэмэгдүүлэх, ҮЭ-ийн болон хөдөлмөрийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчил дутагдлыг арилгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулахад чиглэгдсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх зорилгоор гишүүн байгууллагуудад хийгдэх ажлын чиглэл болон хаврын кампанит ажлын удирдамжийг боловсруулан хүргүүлснээ энэ үеэр мэдээлэв.