Үйлдвэрчний эвлэлүүд цалин нэмүүлэхээр болов
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Эдийн засгийн байдал хүнд, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд хамгийн их нөлөөлдөг ам.доллар, шатахууны үнэ өндөр байгаатай холбогдуулан “Хөгжил-Эв нэгдэл” кампанит ажлыг эхлүүлэхээр болсон талаар хурлын үеэр мэдээллээ. Кампанит ажлыг өрнүүлснээр цалин, тэтгэврийн нэмэгдүүлэх, бүх салбарт ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллах ажээ. Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодрууллаа.
-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд анхаарч ажиллана гэсэн. Яг ямар ажил хийх юм бэ?
-Бид өчигдөрхөн салбар бүрийн онцлогийг харгалзан үзээд цалин хөлсний асуудлаар яамдуудтай хэлэлцсэн. Аль салбарт нь хэдий хэмжээгээр цалин нэмэх вэ гэдгээр ярилцсан бөгөөд тодорхой шийдэл гараагүй учраас одоогоор хэлэх боломжгүй байна. Бидний ярилцсан асуудлаар энэ баасан гаригт Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцэх болов уу гэж бодож байна. Ингээд эцсийн бүлэгтээ бид цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар дорвитой шийдэлд хүрэхийн тулд кампанит ажил өрнүүлж эхэллээ.
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, эрх ашгийг нь хамгаална.
“Хөгжил-Эв нэгдэл” кампанит ажлаар байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлтэй хамтарч тухайн компанийн ажилчдын цалинг хэрхэн нэмж болох юм гэдгээр бодит туслалцаа, дэмжлэг өгөх юм. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, Шинжлэх ухааны академи, Ерөнхийлөгчийн тамгын газар зэрэг хамтран ажиллах гэрээтэй газруудтай нягт хамтарна.
-Ихэнх байгууллагууд үйлдвэрчний эвлэлгүй зөндөө компани байдаг шүү дээ. Нөгөө талдаа цалингийн нэмэгдэл төрийн байгууллагад л хамаарч, хувийн хэвшилд ажиллагсадыг хөлдөө чирдэг. Хувийн хэвшлийхнийг яаж дэмжих юм бэ?
-Ер нь цалин нэмнэ гэхээр төрийн албаны ажилтнуудад л зориулж, хувийн хэвшлийнхнийг хөлдөө чирч байна гэсэн үг биш шүү дээ. Төрийн байгууллага ядаж цалингаа нэмбэл бусдыг хөлдөө чирэх биш жишиг болж байгаа юм. Тэгэхээр үйлдвэрчний эвлэлтэй байгууллагуудыг дэмжинэ, эвлэлгүй бол байгуулахад нь бид туслах байдлаар ажиллана. Ингээд компаниудтай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, эрх ашгийг нь хамгаална.
-Тэтгэврийн тухайд ямар асуудлыг хөндөж байгаа вэ. Сүүлд нэмэгдсэн шүү дээ?
-Тэтгэврийн тухайд бол нэмэгдсэн. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн асуудалд манай зүгээс саналаа хэлэх, яамдуудтай харилцан тохиролцох ёстой байтал сая сар шинийн өмнө нэмсэн нэмэгдэл дээр Засгийн газар бие даан шийдвэр гаргасан. Тэтгэврийн тэр нэмэгдэл нь одоо ахмад настнуудад хангалтгүй байгаа шүү дээ. Тиймээс бид тэтгэврийн асуудал дээр орж чадаагүй бол цалингийн нэмэгдэл дээр хамтарч, саналаа хэлэх болно.