2015 оны 1 дүгээр сараас эхлэн тэтгэврийн нэмэгдлийг иргэдэд тооцож олгоно
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2014.03.03

2015 оны 1 дүгээр сараас эхлэн тэтгэврийн нэмэгдлийг иргэдэд тооцож олгоно

Шинэчлэлийн Засгийн Газар иргэддээ нээлттэй, тунгалаг төрийг цогцлоохын тулд хүнд суртлыг халж, хурдан шуурхай үйлчилгээг эрхэмлэж иргэдийн саналыг хүлээн авч шийдвэрлэх зорилгоор “11 11 ТӨВ”-ийг байгуулсан.

Тус төв иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг бүрэн автоматжсан системийг ашиглан цахим хэлбэрээр хүлээн авдаг бөгөөд холбогдох байгууллагад асуудлыг шилжүүлэн богино хугацаанд шийдвэрлэж ирсэн.     Харин 1111 Төвд хандаж буй иргэдийн дийлэнх хувийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагаатай холбоотой буюу тэтгэвэр, тэтгэмж, даатгал, халамжийн үйлчилгээний  тухай байдаг байна.

Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 6000 гаруй иргэн дээрх асуудлаар хандсан байна.  Тэгвэл өнөөдөр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ 1111 Төвийн шууд ярилцлагын зочиноор оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Иргэдийн тавьж байсан санал хүсэлтийн дийлэнх нь тэтгэвэрийн нэмэгдлийн тухай байсан.  Ингээд иргэддээ мэдээлэл өгөх үүднээс ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй хийсэн дараах тодруулга ярилцлагыг хүргэе.

- Засгийн газраас тэтгэвэр нэмэгдүүлсэн тухай мэдээлэлийг өнгөрсөн 7 хоногт хийлээ. Тэтгэврийг ямар хэмжээгээр нэмэгдүүлсэн бэ?   

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ

Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээнд зориулан УИХ-аас Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсөвт 89,0 орчим тэрбум төгрөгийг баталж өгсөн. Иймд батлагдсан төсөвт багтаан Нийгмийн даатгалын болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 2 дугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Уг шийдвэрээр 200,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27,0 мянган төгрөгөөр, 600,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 600,0 мянгаас дээш төгрөгийн тэтгэврийг 20,0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн.

Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180,3 мянган төгрөг байсныг 207,3 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 145,2 мянган төгрөг байсныг 172,2 төгрөг болгон шинэчлэн тогтоолоо. Улсын хэмжээнд нийт 318,0 орчим мянган тэтгэвэр авагч байна. Эдгээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ наад зах нь сард 20,0 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 103,6 мянган төгрөг байсныг 115,0 мянган төгрөг, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээ 48,0 мянган төгрөг байгааг 52,8 мянган төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоосон.

   - Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр хэзээ гарсан бэ?

   Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхдээ нийтэд урьдчилан зарлахгүй гэсэн зорилт тусгагдсан байдаг. Иймд тэтгэвэр нэмэгдүүлэх тогтоолыг Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн гаргасан боловч энэ тухай цагаан сарын баярын өмнө албан ёсоор нийтэд зарлаагүй юм.

  - Тэтгэврийг 15-30 хувиар нэмэгдүүллээ гэж яригдаад байна, ямар тэтгэвэр ингэж нэмэгдэж байгааг тайлбарлаж өгөхгүй юу?

   Улсын хэмжээнд 318,0 мянган тэтгэвэр авагч байна. Эдгээрийн 63 орчим хувь нь 200,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэвэртэй байсныг 27,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр тэдний тэтгэвэр 13-15%-иар нэмэгдэж байгаа юм. Түүнчлэн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийт 494,8 орчим мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулахаар бүртгүүлснээс 64,0 мянган иргэн нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэд байна.

Эдгээр 64,0 мянган тэтгэвэр авагчийн хувьд ажилласнаар нөхөн тооцуулсан хугацаандаа ногдох тэтгэврийн нэмэгдлээ 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн тооцуулан авч байгаа юм. Ингэснээр ажилласан жилээ нөхөн тооцуулсантай холбоотой тэтгэврийн нэмэгдэл болон Засгийн газрын тогтоолын дагуу олгох тэтгэврийн нэмэгдэл нь нийлээд 30 хувь хүрэх тохиолдолууд гарч байгаа юм. Зөвхөн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тэтгэвэр авагчдын тэтгэвэр нь 30 хүртэл хувиар нэмэгдэж байгаа гэдгийг иргэд маань ялгаж ойлгох хэрэгтэй.

Жишээ нь, сарын 180,3 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүний тухайд, хуулийн дагуу 10 жилээ ажилласнаар нөхөн тооцуулсан гэж үзвэл, тэтгэврийн хэмжээ нь хамгийн багадаа 15,4 хувиар нэмэгдэж, мөн 2 дугаар сарын 01-нээс хэрэгжсэн Засгийн газрын тогтоолын дагуу 22,0 мянган төгрөгөөр нэмэгдэн 231,1 мянган төгрөг болж, тэтгэвэр нь нийтдээ 28,2 хувиар нэмэгдэж байгаа юм.

  - Тэтгэвэр авагчид хэр олон жилийг нөхөн тооцуулсан гэсэн судалгаа байна вэ? Ажилласан хугацаагаа хамгийн ихдээ 10 жилээр нэмэгдүүлсэн гэж ойлгож болох уу?

   Иргэдийн хувьд 1990-2000 оны хоорондох 11 жилээ ажилласнаар нөхөн тооцуулах боломжтой байсан. Ажилласнаар нөхөн тооцуулсан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингийнхаа 1,5%-иар бодож тэтгэврийн нэмэгдэл авна. Хамгийн ихдээ 11 жилийг нөхөн тооцуулсан гэвэл, 11 жилийг 1,5%-иар үржээд 16,5% гарна. Тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин нь 400,0 мянган төгрөг байсан гэвэл үүний 16,5% нь 66,0 мянган төгрөг болж байгаа юм. 64,0 мянган тэтгэвэр авагч дунджаар 6,9 жилийг ажилласнаар нөхөн тооцуулсан гэсэн дүн гарсан.

   - Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох бүртгэл үргэлжилнэ гэж байсан, бүртгэлд ямар иргэдийг хамруулах вэ?
Тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин нь 400,0 мянган төгрөг байсан гэвэл үүний 16,5% нь 66,0 мянган төгрөг болж байгаа юм.

   1990-2000 оны нийгмийн шилжилтийн явцад ажил олдохгүйн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байснаас орлогогүй, тэтгэврийн даатгалд хамрагдаагүй 494,8 орчим мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ өнгөрсөн онд нөхөн тооцууллаа.1991-1994 онуудад 4 ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд болон 27 жил ажилласан эмэгтэйчүүд, 32 жил ажилласан эрэгтэйчүүдийг нас харгалзахгүйгээр тэтгэвэрт гаргаж байсан. Эдгээр иргэдийг дээрх хуулийн үйлчлэлд хамруулаагүй байсан.

Гэхдээ холбогдох журамд өөрчлөлт оруулснаар олон хүүхэдтэй эхчүүд, 32 жил ажилласан эрэгтэйчүүд, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэдийн ажилласан хугацааг мөн нэмэгдүүлэн тооцох боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн баримжаатай эдийн засагт шилжихдээ бид олон зүйл дээр алдаж, туршлага дутаж, үйлдвэр, аж ахуйн газруудын тогтвортой ажиллах нөхцөлийг нь хангаагүйгээс олон үйлдвэрүүд хаалгаа барьж, иргэд олноороо ажилгүй болж байсан.

Түүнчлэн ажлын байрны хомсдолоос болоод хөдөлмөрийн насны хүн амыг ялангуяа эмэгтэйчүүдийг олноор нь тэтгэвэрт суулгаж байсан. 36 настай залуу бүсгүйг тэтгэвэрт гаргаж байсан тохиолдол байдаг юм. Эдгээр иргэд одоо хамгийн доод хэмжээний тэтгэвэр авдаг. Иймд тэдний ажиллах байсан хугацааг 2014 онд нөхөн тооцох бөгөөд манай нийгмийн даатгалын байгууллагууд иргэдийг бүртгэх ажлын бэлтгэлээ хангаад байна.

   - Тэгвэл эдгээр иргэдийн тэтгэврийн хэмжээ нь хэзээнээс нэмэгдэх вэ? хичнээн хүн бүртгүүлэхээр байгаа вэ?

   Бидний судалгаагаар, 41 мянган иргэн энэ бүртгэлд хамрагдахаар байгаа ба тэдний 82 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүдээр дамжуулан иргэн бүрийн ажилласан хугацааны нэмэгдлийн баталгаажуулалтыг хийсний дараа шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгасан тохиолдолд 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн холбогдох тэтгэврийн нэмэгдлийг иргэдэд тооцож олгох юм.

   - Тэтгэвэр нь 15-30 хувиар нэмэгдэж чадаагүй иргэдийн тэтгэвэр энэ онд дахиж нэмэгдэх үү?

   Бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг наад зах нь 20,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Өндөр тэтгэвэртэй иргэдийн хувьд тэтгэврийн нэмэгдэл нь авч байгаа тэтгэврийн хэмжээтэй нь харьцуулахад бага байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ нийт тэтгэвэр авагчдад олгож байгаа тэтгэврийн нэмэгдлийн абсолют дүн нь 22-27 мянган төгрөг буюу төдийлөн их ялгаатай биш гэдгийг иргэд маань ойлгох байх.

Улсийн эдийн засгийн нөхцөл байдал, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого бүрдэлттэй холбоотойгоор төсөвлөгдсөн хөрөнгөндөө багтаан хэрэгжүүлж байгаа арга хэмжээ учраас тэтгэврийг хүссэнээрээ нэмэгдүүлэх санхүүгийн боломж бага байна.