Х.Амгаланбаатар: Гурван талт хороо хуралдахаар болсон
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.03.05

Х.Амгаланбаатар: Гурван талт хороо хуралдахаар болсон

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхээр нийт 235 тэрбум төгрөг зарцуулахаар гурван талт гэрээ өнгөрсөн оны сүүлээр хийсэн. Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодрууллаа.

 -Танай байгууллагаас Засгийн газарт ямар шаардлага тавиад байна вэ?

-Засгийн газрын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр дээр ахмадууд, тэтгэмж авч байгаа хүмүүс сэтгэл дундуур байгаа. Энэ асуудлыг хэлэлцээр байгуулсан Үйлдвэрчний эвлэл, ажил олгогч нартайгаа нухацтай ярьж байж Засгийн газрын хуралдаанаар эцэслэх ёстой байсныг бие даан шийдвэрлэсэн.

Одоо цалингийн асуудлыг тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийн асуудалтай адил шийдэж болохгүй. Энэ шаардлагыг МҮЭХ-оос цагаан сараас хойш тавьсан. Энэ асуудлыг “Хөдөлмөр нийгмийн хэвшлийг хангах үндэсний гурван талт хороо” шийдэх журамтай байдаг. Энэхүү хороогоор ойрын өдрүүдэд хуралдуулж шийдвэрлэе гэдэг саналыг манай холбоо удаа дараа  тавьсан боловч  Засгийн газрын төлөөлөл нь бүрдэхгүй байсан  учраас хуралдаагүй.

Ингээд манайд албан бичгээ ирүүлсэн. Боловсрол, эрүүл мэнд соёл урлагийн салбаруудын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр салбарын түвшинд эхний тохиролцоог хийнэ.

 -Жагсаал цуглаан хийнэ гэж байсан?

 -Боловсролын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Хөдөлмөр нийгмийн хэвшлийг хангах үндэсний гурван талт хороо”-г хуралдуулахгүй бол зохих ёсны тэмцлийг зохион байгуулахаа мэдэгдсэн. Ер нь МҮЭХ шаардлагатай тохиолдолд зохион байгуулалтын болон эрх ашгаа хамгаалах чиглэлээр нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа.