Х.Амгаланбаатар: Шоудсандаа цалин нэмүүлэх гээд байгаа юм биш
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.03.06

Х.Амгаланбаатар: Шоудсандаа цалин нэмүүлэх гээд байгаа юм биш

Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хорооны хуралдаанаар цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэх гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг “Ярилцах танхим ”- даа урилаа.

-Үндэсний гурван талт хороо цалин, тэтгэвэр нэмэх асуудлаар хуралдаж байгаа. Хэлэлцээрээр ямар шийдэлд хүрч байна. Гол нь цалин, тэтгэврийг нэмэх шаардлага байна уу. Эдийн засаг тэртээ тэргүй хүнд байна шүү дээ?

- Өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газар, МҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо гурван талт хэлэлцээр хийсэн. Энэ хэлэлцээрийн хүрээнд 2014 оны төсөвт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг суулгах талаар ярилцсан. Ингээд төсөвт 235 тэрбум төгрөгийг цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх эх үүсвэр болгож суулгасан. Үүнийг дотор нь задалбал цалингийн нэмэгдэлд 139 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан.

Харин 96 тэрбумыг нь тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд зарцуулна. Бид ийм л тохиролцоонд хүрсэн. Нэгэнт ингээд шийдсэн учраас энэ оны нэгдүгээр сараас цалин, тэтгэврээ нэмнэ гэсэн хүлээлт бидэнд байсан. Хэрэгжүүлье, тооцоо судалгааг нь тодорхой болгоё гэсэн санал тавьсан. Гурван талын түвшинд тодорхой ажил хийсэн. МҮЭХ-ны зүгээс эхний ээлжинд тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг тодорхой болгоё, дараа нь цалингийн асуудал дээр тодорхой шийдвэр гаргая гэсэн саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Гурван талт хороог хуралдуулах асуудлыг Засгийн газарт удаа дараа санал болгосон.

-Үр дүн нь ямар байв?

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн энэ буруу арга барилыг бид буруушааж байгаа.

-Засгийн газраас гурван талт хэлэлцээрийн нөгөө хоёр талын үгийг сонсч, ямар нэгэн байдлаар хэлэлцээр хийлгүй битүүний өдөр тэтгэвэр, тэтгэмжийг хэрхэн нэмэх талаар бие даан шийдвэр гаргасан. Нэмэгдэл үр дүнтэй байсан бол энэ асуудалд арай өөрөөр хандах байсан. Харамсалтай нь ахмадууд, иргэд тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан. Энэ талаар нийслэл, хөдөө орон нутгийн иргэд бүгд хэлж байгаа. Улс төрийн намууд ч ярьж байх шиг байна.

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн энэ буруу арга барилыг бид буруушааж байгаа. Хөдөлмөр, нийгмийн гурван талт зөвшилцлийн зарчмыг зөрчиж, ач холбогдлыг нь үл ойшоосон хандлага гаргаж болохгүй. Тиймээс одоо үндэсний хороог хуралдуулъя, цалингийн нэмэгдлийг тодорхой болгоё гэсэн юм. Эхний ээлжинд соёл, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын цалинг үе шаттайгаар нэмнэ гэсэн зөвшилцлийн хүрээнд байгуулсан тодорхой заалт бий. Сар гаруйн хугацаанд холбогдох үйлдвэрчний эвлэлийн холбоод салбарын яаманд ажилласан.

Хэдийгээр маргаантай байсан ч эцсийн тохиролцоогоо баталгаажуулсан. Энэ тохиролцоог Засгийн газрын хуралдаанаар баталж, тодорхой шийдвэр гаргах ёстой байсан. Харамсалтай нь эрх бүхий хүмүүсийн гарын үсэг зурж амжаагүйн улмаас өнгөрсөн бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж амжаагүй юм.

-Ямар тохиролцоонд хүрсэн гэж?

-Эмч, эмнэлгийн ажилтнууд болон багш нарын цалинг хэзээ, хэдэн хувиар нэмэх вэ гэдэг дээр тохиролцсон. Энэ асуудал яагаад удаашралтай байгаа, юу болохгүй байгааг хэлэлцье гэсэн саналыг бид дахин тавиад өчигдөр /уржигдар/ гурван талт хороо хуралдсан. Яамдтай хийсэн цалин нэмэх тухай тохиролцоог хЭлэлцээд дэмжиж, Засгийн газрын хуралдаанд оруулах бэлтгэл ажлыг нь хангаад явж байна.

Уг нь энэасуудлыг үндэсний зөвшилцлийн гурван талт хороогоор аль хэдийнэ авч хэлэлцээд шийдчих боломж байсан. Гэвч тэгээгүй. Үүнд бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх боломжоо тодорхой хэмжээгээр алдсан. Гэхдээ одоо ажлаа эхлүүлж байгаа нь бас нэг алхам. Маргааш /өнөөдөр/ энэ асуудлыг дахин хэлэлцэнэ.

Энэ үед цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулах бэлтгэл хангагдаж байна уу гээд бусад асуудлыг хэлэлцэхээр болсон. МҮЭХ- ны зүгээс Засгийн газрын ирэх бямба гаригийн хуралдаанаар тодорхой шийдвэр гаргах болов уу гэж найдаж байгаа.

-МҮЭХ цалинг 50-60 хувь нэм гэсэн шаардлага тавьж байгаа юм биш үү. Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэдгийг тооцоолж байгаа юу?

Харин одоо өнгөрсөн онд төсөв батлахдаа суулгасан мөнгөөр цалингаа нэм гэдгийг л шаардаж байгаа

-Бид цалинг 50-60хувь нэмэгдүүлнэ гэж хэзээ ч хэлж байгаагүй. МҮЭХ хамтын шийдвэрээр байр сууриа илэрхийлдэг. Цалинг ийм хэмжээгээр нэмэх шаардлага байгаа. 50-60 хувь байтугай 2-3 дахин нэмэх шаардлага байна. Он гарснаас хойш цалинг тэдэн хувиар нэм гэсэн шаардлага нэг ч удаа тавиагүй. Харин одоо өнгөрсөн онд төсөв батлахдаа суулгасан мөнгөөр цалингаа нэм гэдгийг л шаардаж байгаа. Төсөвт суулгасан 139 тэрбум төгрөгийн хүрээнд л ярина. Өөр асуудал руу хальж, цалинг нэмэхэд тэдэн төгрөг шаардлагатай байна, өг гэж шаардаагүй.

Улсын төсөвт суулгасан мөнгийг төрийн албан хаагчдад зөв хуваарилж өг гэдэг асуудлыг л тавьж байгаа хэрэг. Харин үйлдвэрчний эвлэлийн гишүүд цалинг тэдэн хувиар нэм гэх мэтээр шаардлага тавих нь өөрсдийнх нь эрхийн асуудал. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг хуваарилсны дараа арай өөр байр суурь илэрхийлэх байх. Мэдээж 139 тэрбум төгрөгийг нийт төрийн албан хаагчдын тоонд тэгшитгээд хуваахад маш бага тоо гарна. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг яг хэзээ, хэдэн хувиар нэмэх вэ гэдгийг одоо хэлэх боломжгүй.

-Одоо бол бидэнд цалин, тэтгэвэр нэм гэсэн шаардлага, нэмэгдэл бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө гэсэн айдас байна. Үнэндээ байдал тийм л байдаг шүү дээ. Цалинг нууцаар нэмнэ гэж байгаа ч нөлөөлөх зүйл алга?

-Цалингийн нэмэгдлийг нуусан нуугаагүй ил болно. Гэхдээ салбар бүрийн цалинг харилцан адилгүй нэмж байгаа. Улсын хэмжээнд цалинг тэдэн хувиар нэмлээ гэдэг хуучин арга барил хоцрогдож байгаа нь энэ. Өмнө нь төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмлээ гээд мэдээлэнгүүт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, ажил үйлчилгээний хөлс нэгэн жигд бүгд нэмэгддэг.

Харин салбар салбарынх нь онцлогт тохируулж цалинг нэмбэл зах зээлийн савалгаа харьцангуй бага байдаг. Бид олон улсын практикийг анх удаагаа ашиглаж байна. Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчин гээд аль алинд нь мэдэхгүй зүйл тохиолдож байгаа. Одоо тэтгэврийн нэмэгдлээс болоод үнэ савалчихсан зүйл ажиглагдахгүй байгаа шүү. Одоо бид үнэ нэмэгдчихнэ гээд таамаглаад яриад байгаа хэрэг.

-Миний санаж байгаагаар улсын эдийн засаг хүндэрсэн, ам.долларын ханш өссөн үед МҮЭХ асуудал хөндөх юм?

-Энэ талаар олон нийтэд зөв ойлголт өгөх хэрэгтэй байх. Оны өмнө гурван талт хэлэлцээрээр цалин, тэтгэврийг нэмнэ гэж тохиролцоод мөнгийг нь төсөвт суулгасан. Төсөвт цалин нэмэх эх үүсвэр суулгаагүй байхад ингэж шаардаж байгаа бол жинхэнэ шоу. Улс орны эдийн засаг хүндэрчихсэн, төсөвт мөнгө суулгаагүй байхад ингэж ярьсан бол жинхэнэ өмнөх хандлагаараа ажилласан болно.

Засгийн газар энэ он гарангуут төсөвт суулгасан мөнгөө хуваарилаад, аль салбарт хэдэн төгрөг өгөх вэ гэдгээ шийдчихсэн байсан бол бидний санал хаврын шоу шиг харагдахгүй байсан байх. Асуудлыг шийдвэрлэх гээд байгаа цаг үе нь хаврын шоуны үе гэдэг гурав, дөрөв, тавдугаар сарын эхэнд байгаа болохоор тэгж харагдаж байгаа болов уу. МҮЭХ гэнэт л цагаан сарын дараа цалин, тэтгэвэр нэмье гэж шуугиж эхлээгүй юм шүү.

Өмнө нь тохирсон зүйлээ хэрэгжүүл л гэсэн. Улсын төсөв тодорхой хуультай. Нэгэнт хуулиа баталчихсан бол хэрэгжүүлэх л ёстой. Хаврын синдром хөдлөөд цалинг нэм гээгүй. Төсвийн тухай хуулийн хэрэгжилт оройтож байгаа учраас шаардлага тавьсан. Хавар болж байна. Биднийг шоу хийж байна гэх болов уу гээд асуудлыг хойш тавибал харин ч хариуцлагагүй алхам болно.

-Тэгвэл цалин нэм гээд шаардаад байгаа хүмүүс зөв зүйл хийж байна үү?

-УИХ-д байгаа намын бүлгүүд, гишүүд, цалинг нэм гээд байгаа гишүүдэд миний хувьд шүүмжлэлтэй хандмаар байна. Та нар 2014 оны төсвийг хэлэлцэх үеэр энэ талаар ярихгүй яасан юм бэ. Үйлдвэрчний эвлэлийн арай гэж төсөвт суулгасан 139 тэрбум төгрөгийг тухайн үед бага байна гээд нэмэхгүй яасан юм бэ.

Тэтгэвэр нэмэхэд зарцуулах 96 тэрбум төгрөг хаанаа ч хүрэхгүй гэж хэлэх хэрэгтэй байсан. Тухайн үед хэн ингэж дуугарч байсан юм бэ. Бүгд бага чигээр нь гараа өргөсөн. Харин бүгд ийм барилга барина, манай тойрогт ийм зүйл дутуу байна гэцгээж байсан. Одоо гэнэт сэрсэн үү, та нар гэж асуумаар байна.

-Улс төрөө хийж байгаа нь тэр байх?

-Иргэдийн нийгэм, эдийн засгийн асуудал улс төрийн шийдвэр болж гарч байгаа. Гэхдээ өнөөгийн улс төрийн тогтолцоо хэт ядуурчихаж. Улстөрчид хүмүүсийн эдийн засаг, нийгмийн хэрэгцээг булааж авдаг. Ингээд бүгд тоглолт хийж эхэлдэг. Болохгүй байгаа зүйлээ засахын оронд иргэдийн цалин, ширээн дээр байгаа талх, ядуурал дээр тоглолт хийдгээ зогсоох хэрэгтэй.

Хавар болонгуут цалин нэм гээд шаардаад эхэлдэг нь улстөрчид. Харин төсөв батлах үеэр нэг хөнжилдөө ордог. Тэр үед нүдэнд нь иргэд, үйлдвэрчин гээд аль нь ч харагддаггүй. Тэгээд төсөв баталсны дараа тойргуудаараа явж би ийм зүйл хийсэн гээд яриад явдаг. Одоо төсвийн тодотгол хийх гэж байгаа. Төсөв батлагдсаны дараа тодотгол хийх нь маш хэцүү гэдгийг УИХ-ын 76 гишүүн 76 зөвлөхтэйгөө мэдэх ёстой. Уг нь нарийн яривал 76 гишүүн 76 зөвлөхтэй байх ёстой юм уу. Хүнээр зөвлүүлэх байсан юм бол гишүүн болоод яах юм.

-Таны хэлж байгаа дээрх байр суурийг МҮЭХ-ын ерөнхийлөгчөөс УИХ-д суусан С.Ганбаатар гишүүн хангалттай илэрхийлж чадаж байгаа юу?

-С.Ганбаатар гишүүний хувьд МҮЭХ-ны хүндэт ерөнхийлөгч. Байнгын харилцаа холбоотой байж, зөвлөлдөх асуудал гарвал зөвлөлддөг. Бид УИХ-ын гишүүний хууль батлах ажилд оролцоно гэж юу байх вэ. Ямар ч байсан МҮЭХ- ны үйл ажиллагаатай тодорхой цаг хугацаанд ирж зөвлөлддөг. УИХ-аар хэлэлцэж байгаа асуудалд үйлдвэрчний эвлэлийн болон иргэдийн саналыг авч өгөөч гэдэг үүднээс ч бидэнд ханддаг юм.

-МҮЭХ төрийн албан хаагчдын цалинг л яриад байх юм. Хувийн хэвшлийнхэн яах болж байна. Хөлд нь чирэгдэх нь гэсэн яриа гардаг шүү дээ?

-Бид өнгөрсөн сард ерөнхий зөвлөлийн зургаадугаар хуралдаанаа хийсэн. Энэ үеэр хаврын компанит ажлаа эхэлсэн. Тавдугаар сар хүртэл үргэлжлэх компанит ажлын үеэр төрийн албан хаагчдын болон хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн нэмэгдлийн асуудал дээр дорвитой алхам хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ бидний хүссэн болгон өөрчлөгдөх ёстой гэж байгаа юм биш. Өөрчлөхийн төлөө явах ёстой, явж ч байна.

Хувийн хэвшилд цалингаа нэмэх эрх чөлөө их байдаг. Ашиг орлогоо тооцоод, үр ашгаа тооцоод, ажилчдаа алдахгүйн тулд цалингаа нэмэх боломжтой. Гадны олон орон энэ жишгээр явдаг юм билээ. Манайд харин чиний цалинг нэмэх гэхээр бид ядуурах гээд байна гэдэг ажил олгогч олшроод байна. Уг нь өнгөрсөн 23 жилийн хугацаанд ажил олгогч нарт бойжих бүрэн боломжтой байсан. Төрийн ивээлд 23 жил өлгийдүүлсээр өдийг хүрч дээ. Ямартай ч ажилчдаараа боолын хөдөлмөр эрхлүүлж байна гэхэд хилсдэхгүй болов уу.

-Улстөрчдийн болоод үйлдвэрлэгчдийн эдийн засгийг харах өнцөг өөр өөр байдаг нь ямар учиртай юм бол?

-Сонгуулийн өмнөх ба дараах өнгийг хараарай. Сонгуулийн өмнө эдийн засаг муухай болж харагддаг. Улстөрчдөд амьдрал бодитой харагддаг. Харин сонгуулийн дараа амьдрал сайхан, хийх ажил байхгүй юм шиг санагддаг. Цалин нэмэхээр бараа бүтээгдэхүүний үнэ, инфляци нэмэгддэг гэсэн онол хаана ч байхгүй.

Харин ч орлого нэмэгдэхээр худалдан авах чадвар сайжирна. Барааны нийлүүлэлт нэмэгдэхээр үнэ нь буурдаг. Эдийн засагчид, улстөрчид үүнийг мэдэж байгаа. Гэхдээ мэдээгүй юм шиг царайлдаг байх. Бидний хувьд судалгаа хийдэг. Энэ нь Үндэсний статистикийн хорооны тоон мэдээлэлтэй ханатай явдаг. Ерөнхийдөө бидний тавьж байгаа асуудал амьдралд ойрхон гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.