МҮЭ-ийн Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.03.18

Х.Амгаланбаатар: Зарим салбарын цалингийн нэмэгдэл энэ сарын сүүлч гэхэд орно

Цалингийн нэмэгдэл албан ёсоор 3 дугаар сарын 1-нээс тооцогдохыг Засгийн газар шийдвэрлэсэн байгаа. Энэ удаагийн нэмэгдэлд албан ёсоор 109 000 албан хаагчид хамрагдаж байгаа юм.

Харин аль салбарт ямар хэмжээгээр нэмэгдсэнийг нийтэд зарлах хараахан боломжгүй гэж Монголын Үйлдвэрчний Эвлэлээс мэдэгдсэн байна. тиймээс цалингаа хэдэн төгрөгөөр нэмэгдсэнийг энэ сарын сүүлийн цалингаас мэдэх боломжтой.

Удаан судалж тооцоолсон учраас урьдынх шиг хавтгайрсан хийсвэр нэмэгдэл боллоо гэсэн гомдол, чирэгдэл энэ удаа дагалдахгүй байх гэж албаныхан хэллээ. Төрийн албан хаагчдын 80 орчим хувийг эзэлж байгаа  Эрүүл мэнд, Боловсрол, Шинжлэх Ухааны салбарын Үйлдвэрчний эвлэлүүд судалгаа тооцооллоо шуурхай хийж, зөвшилцөж чадсан учраас цалингийн нэмэгдлээ түрүүлж шийдэж байгааг онцолсон.  Дээрх салбаруудад улсын төсвөөс 87 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа юм.

МҮЭ-ийн Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл дээр хөдөлмөр, нийгэм, зөвшлийн үндэсний гурван талт хэлэлцээрээр тогтсон зарчмыг эвдэж засгийн газар бие дааж цагаан сарын өмнө шийдвэрлэсэн.

Энэ тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийн асуудал дээр манай ахмадууд, тэтгэмж авч байгаа хүмүүс сэтгэл дундуур байгаа. Энэ байдлыг цалингийн нэмэгдэл дээр гаргахгүй байх талаар МҮЭ Холбоо олон удаа санал тавьж байна. Цалингийн асуудал дээр хөдөлмөр, нийгэм, зөвшлийн үндэсний  гурван талт хороо  хэд хэдэн удаа хуралдсан.

Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн зохиомол өсөлт, инфляцийн өсөлтийг зогсоох зорилготой юм.

Энэ хүрээнд цалингийн нэмэгдэл нь боловсролын байгууллага, эрүүл мэндийн салбарын ажиллагсад ШУ-ы салбарын хүмүүсийн цалингийн нэмэгдлийн хувьд боломжийн гэж бодож байна. Хөдөлмөр, нийгэм, зөвшлийн гурван тал хэлэлцээрээр тогтсоны дагуу цалингийн нэмэгдэл хэдэн хувь болсныг нийтэд зарлахгүйгээ талууд тохирсон. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн зохиомол өсөлт, инфляцийн өсөлтийг зогсоох зорилготой юм” хэмээн хэллээ.

Энэ удаагийн цалингийн нэмэгдлээр мөн дээрх гурван салбараас гадна төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэхээр болсон. Улсын хэмжээний цалингийн энэ шатлалаар 16 мянга орчим хүн цалин авдаг. Тэдний цалин мөн энэ сарын сүүлч гэхэд тодорхой хувиар нэмэгдэж орно гэдгийг дуулгалаа.  

Цалин тэтгэврийн нэмэгдэлд зарцуулахаар энэ оны төсөвт 236 тэрбум төгрөг нэмж суулгасан. Үүнээс 139 тэрбум нь цалингийн нэмэгдэлд зарцуулахаар төсөвлөжээ. Энэ мөнгөнөөс 109 мянган албан хаагчдын цалингийн нэмэгдэлд 87 тэрбумыг нь хуваарилчихаад байгаа юм.  Одоо үлдсэн 52 тэрбум төгрөг нь төрийн бусад салбаруудад цалингийн нэмэгдэл болж очих юм.