Ерөнхийлөгчтэй МҮЭХ хамтарч ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Том төрөөс ухаалаг төр лүү шилжих бодлого дэвшүүлснийг Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо /МҮЭХ/ дэмжин хамтран ажиллахаар боллоо.
Хамтран ажиллах санаачлагад дараах асуудлыг дэвшүүлжээ. Үүнд аливаа нэг сонгуулийн дараа төрийн албаны бүтцийг өөрчлөх замаар ажилтан албан хаагчдыг чөлөөлж, нийгмийн баталгааг алдагдуулдгыг зогсоох. Эдийн засгийн өсөлтийг ард түмний амьдралд шингээх, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх. Монгол иргэний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр Европын өндөр хөгжилтэй оронд хэрэгжүүлж байсан хувьцаа эзэмшүүлэх арга туршлагыг хэрэгжүүлэх.
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулиудыг боловсронгуй болгох, монгол хүний эрүүл аюулгүй нөхцөлд ажиллаж, амьдрах нөхцлийг бодитойгоор бүрдүүлэхэд төрийн үйл ажиллагааг чиглүүлэх санал дэвшүүлжээ. Тэрхүү саналаа МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Адъяа, МҮЭХ-ны тэргүүлэгч, Монголын төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга н.Эрдэнэ нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр гардуулсан юм.
Санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байгаагаа илэрхийлж, Ухаалаг төрийг бий болгох үйл явц нь зөвхөн төртэй, төрийн байгууллагатай холбоотой асуудал биш хувийн хэвшлүүдийн оролцоо чухал болохыг онцоллоо.
Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Газар бүр өөрийн хүргэж байгаа үйлчилгээг иргэддээ яаж хурдан шуурхай хүргэх вэ гэдгээ бодож байх ёстой. Төрийн хувьд ухаалаг төрийн асуудлыг яриад суугаад байж таарахгүй ажлуудаа эхлүүлэх ёстой. Энэ ч үүднээс төрийн алба хэчнээн төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна вэ гэдгээ тодорхой болгох. Хэд нь хэрэгцээтэй үйлчилгээ болохоо мөн тодорхойлж стандартчилах нь чухал.
Дараа нь нэгдсэн программд оруулж аль ч суманд очсон төрийн үйлчилгээ нэг л схемээр иргэндээ хүрдэг болох ёстой. Энэ ажлыг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын Тамгын газраас эхлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Ухаалаг төрийг зохион байгуулах хүн нь Тамгын газрын дарга байна, тэднийг сургалтад хамруулж, цаашаа өөрсдөө зохион байгуулалт хийнэ. ИТХ-ын дарга нь ухаалаг төрийг хэрэгжүүлэх удирдлагаар хангадаг байхаар ажлаа эхлэх шаардлагатай” гэсэн юм.