Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулав
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хойшлуулсан юм.
Үндэсний их баяр наадмын тухай хууль 2003 онд батлагдаж 2004, 2007 онд өөрчлөлт орсон боловч улам бүр өсөн нэмэгдэж байгаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүрээ, олон нийтийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн уг хуулийг зайлшгүй шинэчлэн найруулах шаардлагатай болсон гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий гишүүд шинэчилсэн найруулгын төсөл санаачилжээ.
Нийтдээ 5 бүлэг, 18 зүйлтэй уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд монгол угсаатныг нэгтгэсэн Монгол үндэстний их баяр наадмыг гурван жилд нэг удаа Үндэсний их баяр наадамтай хамтатган зохион байгуулж байх, баяр наадмын үндэсний бөх, хурдан морины уралдаан, сурын харвааг нийслэл болон 21 аймагт салбартай, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн байгууллага болох Үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Үндэсний сурын холбоод зохион байгуулах, бөх, уяач, харваачдын цол, цол олгох шалгуурыг эрэмбэлсэн, унаач хүүхдийн эрхийг хуулиар хамгаалж зохицуулах зэрэг асуудлыг тусгажээ.