Ё.Баатарбилэг: Сүүлийн 4 жилд маш олон зүйлийг түүхээсээ арчиж хаяхыг оролдсон
УИХ-ын чуулганы үдээс хойш нэгдсэн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Улс төрийн шуурганд түүхээрээ бага оролдоосой
"Би өөрөө түүхийн салбарын хүн болохоор УИХ-ын чуулганы танхим, индэр дээрээс ард иргэдэд мэдээлэл өгөх ялангуяа түүхийн сэдвээр мэдээлэл өгөхдөө гишүүд хариуцлагатай хандаж, мэдэж ярих хэрэгтэй.
Бидний ярьж буй зүйлийг дунд сургуулийн сурагчид сонсоод түүхийн багшийнхаа ярьснаас илүү ой тойндоо буулгаж авна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэн дээр тодруулахад, 2012 онд энэ хуулийг МАН-ынхан биш АН, МАХН хоёр нийлж байгаад өөрчилсөн гэж ойлгож байна. 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаг тогтоож, ардчилсан зарчмаар ардчилсан Үндсэн хуулиа тогтоосон энэ өдрийг Монголын ард түмэн олон жил тэмдэглэж, олон жил энэ үзэл санаагаар цэнэглэгдэж ирсэн.
Үнэхээр энэ өдрийг сэргээн тэмдэглэдэг болох нь зүйтэй. Сүүлийн 4 жилд маш олон зүйлийг түүхээсээ арчиж хаяхыг оролдсон.
Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэж хүртэл хэсэг нэрийдсэн. 20-р зууны хоёрдугаар хагас, 21-р зууны эхэн хүртэл Монголын ард түмний сайн, муу, баяр, зовлон болгоныг Сүхбаатарын талбайд тэмдэглэж ирсэн, иргэдийн ой тойнд хоногшсон дурсгалт нэр, дурсгалт байршил. Үүнийг хүртэл арчих гэж үзлээ.
Улс үндэстний оршин тогтнохуйн үндэс нь оюун санааны эв нэгдэл, оюун санааны өв гэж үздэг. Монгол түмнийг нэгтгэж буй оюун санааны өв нь түүх. 4, 4 жилээр явж буй энэ улстөржилтийн шуурган дунд ээдрээ, бартаатай явж ирсэн түүхээрээ бага оролдоосой, Монголын түүхийг бүү гуйвуулаасай гэж хүсч байна.
Хууль санаачлагч буй хүн бүхэн түүхийн асуудалд болгоомжтой хандаж байх нь зүйтэй. Я.Содбаатар тэргүүтэй гишүүдийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байна. Эрхэм гишүүд тэр дундаа О.Баасанхүү, С.Эрдэнэ нар нам, нам дээрээ хэлэлцэж буй асуудлаас үүдсэн уураа УИХ-ын чуулганы танхимд гаргах, эсвэл бие биенээ намнах зорилгоор улстөржилт явж байна гэж харах юм."