2014.06.19

Ж.Энхбаяр: Ялих шалихгүй зүйлсээр Ерөнхийлөгчид хариуцлага үүрүүлэх хэрэггүй

Чуулганы үдээс өмнөх /2014.06.19/ хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг Засгийн газар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Төсөлд Төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлалдаг байхаар заасан юм.

Хуралдаанаар гишүүдийн 70,3 хувийн саналаар дэмжих нь зүйтэй гэж үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын асуулт, байр суурийг хүргэж байна

Ж.Энхбаяр асуув: Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн асуудлыг Ерөнхийлөгчид шилжүүлж байгааг ойлгохгүй байна. Төрийн ёслол, дипломат албатай холбоотой зүйлсийг гүйцэтгэх засаглал нь хэрэгжүүлээд, гарсан алдааныхаа хариуцлагыг үүрдэг байх хэрэгтэй. Одоо ямар нэг алдаа гарвал Ерөнхийлөгчид тохох болох нь. Энэ зүйтэй зүйл биш гэж үзэж байна.

Ерөнхийлөгч бэлэг тэмдэг, эв нэгдлийг хангах үүргийг гүйцэтгээд байж байсан дээр. Ялих шалихгүй зүйлсээр Ерөнхийлөгчид хариуцлага үүрүүлэх хэрэггүй. Нэг хархад Ерөнхийлөгч нь Засгийн газрын эрх мэдлийг булаагаад байгаа юм шиг, нөгөө талаас Засгийн газар энэ хуулийг өргөн барьсан гэхээр Загсийн газар хариуцлагаас мултрах гээд байгаа юмуу? Ямар учиртай байна. Нэг л сонин зүйл цаана нь байна.

Ч.Сайханбилэг хариулав: Энэ их энгийн асуудал. Хуульд байгаа МУ Засгийн газар гэсэн үгийг МУ Ерөнхийлөгч гэж засах л асуудал байгаа юм. Цанаа, наана нь ямар нэг сонин зүйл байхгүй. Эрх мэдэл хувиарлах, засаглал хоорондын хувиарлалт гэж харахгүй байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын нэг л журамтай байя гэж байгаа. Одоо төрийн ёслолын журам, дээрээс нь Ерөнхийлөгчийн хэд хэдэн зарлиг байгаа. Үүнийгээ нэгтгэсэн нэг баримт бичигтэй больё гэсэн юм.

Энхбаяр асуув: Та нарт өөр хийх ажил олдохоо больчихсон ч юм шиг. Ерөнхийлөгч, засгийн газар гэдэг бол товчхон боловч маш том агуулгатай гэж ойлгодог. Хэтэрхий л товчлоод байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас санал авсан уу? Зөвшилцсөн үү?

Ч.Сайханбилэг.  ҮАБЗ дээр яригдсан.