Эмэгтэй гишүүд иргэдийнхээ аюулгүй байдалд анхаарч байна
УИХ-ын эмэгтэй гишүүд болох Л.Эрдэнэчимэг, М.Батчимэг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, Р.Бурмаа, Г.Уянга, З.Баянсэлэнгэ хуулийн төсөл өргөн барив
2013.01.11

Эмэгтэй гишүүд иргэдийнхээ аюулгүй байдалд анхаарч байна

Жил бүрийн 9 дүгээр сарын 3-ны өдрийг “Есүгэний өдөр” болгох тухай хуулийн төслийг өргөн барилаа.УИХ-ын эмэгтэй гишүүд болох Л.Эрдэнэчимэг, М.Батчимэг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, Р.Бурмаа, Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн 9 дүгээр сарын 3-ны өдрийг “Аюулгүй орчны өдөр буюу Есүгэний өдөр” болгох тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хуульчлан баталгаажуулсан. Үндсэн хуульд заасан энэхүү эрхийг хамгаалж баталгаажуулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, түүний дотор хүний аюулгүй байдлыг хангах нь төрийн эн тэргүүний үүрэг байх ёстой. Гэтэл төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хариуцлагын тогтолцоо сул, салбарын холбогдох зохицуулалт төлөвшөөгүй зэрэг олон шалтгааны улмаас төр аюулгүй байдлыг хангах үүргээ туйлын хангалтгүй гүйцэтгэж байна хэмээн гишүүд УИХ-ын даргад байр сууриа илэрхийлэв.

Талийгаач Б.Есүгэн

Тиймээс хууль санаачлагчдын зүгээс Монгол Улсын жирийн иргэн 12 настай охин Б.Есүгэн барилгын ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдсан 9 дүгээр сарын 3-ны өдрийг сонгон авч “Есүгэний өдөр” хэмээн нэрлэж Аюулгүй орчны өдөр болгон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүдийн жагсаалтад оруулахаар төсөлд тусгасан байна. Энэ өдрийг жирийн иргэнийхээ нэрээр нэрлэх нь монгол хүний үнэ цэнийг өсгөх, Монгол Улсад иргэн төвтэй хүнлэг нийгэм байгуулах Үндсэн хуулийн үзэл санааг төлөвшүүлэх, төр төвтэй үзэл санаанаас хүн төвтэй үзэл санааг илүү дээдлэх соёлыг төлөвшүүлэх шинэ алхам болох аж.Хууль батлагдсанаар жил бүрийн 9 дүгээр сарын 3-ны өдөр хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, орон нутгийн удирдлагын зүгээс монгол хүний амьд явах эрхийг баталгаажуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тухайн жилд хийсэн ажил, ахиц дэвшлийг тайлагнадаг, гарсан осол, алдаа дутагдлыг шүүн хэлэлцдэг жишиг тогтоно гэдгийг гишүүд хэллээ. “Есүгэний өдөр”-ийг ийм агуулгаар тэмдэглэн өнгөрүүлэх, энэ хүрээнд бүх шатны байгууллага, иргэдийн зүгээс хийх ажил, авах арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг хамтад нь боловсруулжээ.

Ингэснээр төрийн байгууллагуудын ажлын хариуцлага дээшлэх, монгол хүний амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад бодитой ахиц дэвшил гарна гэж хууль санаачлагч гишүүд үзэж буйгаа илэрхийллээ.