Сангийн сайд Ч.Улаан
2014.01.16

Ч.Улаан: Монгол улсын валютын нөөц тогтвортой байгаа

Валютын ханшийг барихын тулд Монголбанкнаас зах зээл дээрх ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн гэх шүүмжлэл гарч байгаа.

Үүний нөлөөгөөр манай улсын валютын нөөц багассан гэж зарим улс төрчид болон эдийн засагчид шүүмжилсэн юм. Эдгээр мэдээллийг сангийн сайд Ч.Улаан үгүйсгэсэн юм.

Сангийн сайдын хэлснээр манай улсын валютын нөөц 2,3 тэрбум ам.доллар байгаа. Ийм хэмжээний нөөцтэй байхад эдийн засагт ямар нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй. Сар шинээр валютын ханш савлахгүй гэлээ.

Сангийн сайд Ч.Улаан:

Өнөөдөр 2.3 тэрбум долларын валютын нөөцтэй байгаа. Энэ нь монгол улсын импортын 18 хоногийн хэрэгцээг хангана. Монгол улсын валютын нөөцийн хэмжээ тогтвортой байгаа. Цаашдаа бол зах зээл дээрх ханшийг тогтвортой байлгах эдийн засгийн механизмыг цогцоор үйлчлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийн төлөө байна. Үүнд сөрөг үр дагавартай зүйл бол цуурхал, улстөржсөн хийрхэл сөрөг үр дагавар үүсгэнэ гэдгийг бодож байх ёстой.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Шинэчлэлийн засгийн газрыг огцруулах тухай эсвэл УИХ-ын чуулган хуралдаад жоохон асуудал яригдаад ирэнгүүт ямар нэг байдлаар валютын ханшийг буулгахын тулд арга хэмжээ аваад хэдэн төгрөгөөр буулгадаг ажил нь хэдхэн хоногийн хугацаанд л үйлчилдэг байж болохгүй.

Эдийн засагтай холбоотой асуудалд нэгдсэн ойлголт өгч валютын ханштай холбоотой мэдээллийг нийтэд ил болгох нь зүйтэй гэдэгтэй сангийн яам болон мэргэжилтнүүд нэгдэж байна. Тэгэхгүй бол бодит бус мэдээллээс үүдэн зах зээл дээр сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа гэдэгтэй мөн санал нэгдэж байна.