С.Ганбаатар: Улстөрчид энэ мөнгөнөөсөө алдана гэхээс нойр нь хүрэхгүй байгаа
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.10.09

С.Ганбаатар: Улстөрчид энэ мөнгөнөөсөө алдана гэхээс нойр нь хүрэхгүй байгаа

Иргэний эрүүл мэндийн шинэ хуулийн төслийн гол агуулга нь иргэд даатгалд өгч байгаа мөнгөө зарцуулах, хянах эрх мэдэлтэй болох юм байна. Түүнчлэн жилд нэг хүн төдөн төгрөгийн үйлчилгээ үнэгүй авах ёстой гэх биш шаардлагатай хэмжээгээр уян хатан үйлчлэхээр хуульчилж байгаа ажээ.

Жишээ нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх хүнд даатгалын сангаас төлбөрийн ихэнхийг гаргах эсэх тухай манай нийтлэл сонины хуудаснаас төрийн бодлого хууль болох боломж бүрдэж байгаа юм байна.

Энэ талаар хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.

-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн хуулийн төсөл одоо УИХ эр ямар шатандаа явж айна вэ. Энэ хуулийн гол давуу тал нь юу вэ?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг одоо ид хэлэлцэж байна. Энэ хууль улстөрчдийн идэж уудаг нь орохгүй бол иргэдэд насаараа төлсөн эрүүл мэндийн даатгалын мөнгөө хэрхэн зарцуулах эрх мэдлийг нь өгье гэж байгаа юм. Одоо Эрүүл мэндийн үндэсний зөвлөл гэдэг тоглоомын байгууллага байна. Энэ газрын даргыг Эрүүл мэндийн сайд нь томилдог.

Мэдээж салбарын сайдаас хамааралтай хүн Үндэсний зөвлөлд биш тэнд томилсон сайддаа таалагдах гэж ажиллана шүү дээ. Нөгөө л эмнэлгийн байгууллагуудын эзэн болсон Засгийн газар, яаманд таалагдах гэж ажиллаж байгаа юм.

Эмнэлгийн дарга нар Засгийн газарт, сайд нарт таалагдахын тулд ажиллахыг зогсоож, даатгуулагчид тал засч ажилладаг болгох нь энэ хуулийн үндсэн зарчим.

Энэ тогтолцоог өөрчилж, даатгалын санд төвлөрсөн мөнгийг юунд зарцуулахыг мэргэжлийн байгууллагын судалгаан дээр үндэслэн, даатгал төлсөн хүмүүсийн төлөөллийн байгууллага шийддэг байх ёстой.

Тиймээс шинэ хуульд Эрүүл мэндийн үндэсний зөвлөлд даатгал төлөгчдийн төлөөллөөс зургаа, үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас гурав, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар заасан байгаа. Одоо энэ даатгалын мөнгийг Засгийн газар дангаараа 100 хувь шийдээд байгаад алдаа байгаа юм.

Чи мөнгөө өгчихөөд араас нь би авч болох уу гэж гуйгаад байна. Одоо гуйх биш хамтарч зөвшилцөлд хүрэх боломжийг бүрдүүлэх нь энэ хуулийн амин сүнс. Тэгэхээр энэ хуулийн агуулга мөнгө төлсөн хүн хөгжмөө захиалдаг байя гэж байгаа юм.

-Аливаа хуулийн төсөл төсөв нь танагдаад, агуулга нь багасаад гараад ирдэг. Энэ агуулгаа хадгалаад батлагдаж чадах болов уу?

-ЭМЯ ч юм уу, Сангийн яамныхан энэ мөнгөний эрх мэдлээ алдана гэхээс нойр нь хүрэхгүй байгаа болов уу гэж би санаа зовж байна. Энэ хуулийн хэлэлцүүлэг их маргаантай байгаа. Тиймээс сэтгүүлчид та бүхний дэмжлэг ус агаар шиг хэрэгтэй.

Өвчтөнүүдийн төлөөлөл өөрсдөө энэ мөнгөний эрх мэдэлд оролцмоор байна гэдэг нь өөрөө хуулийн гол агуулга. Энэ эрх мэдлийг авлаа л бол даатгуулагчдын дотоод асуудал. Эрүүл мэндийн даатгалын газар бол төрийн байгууллага биш байх ёстой.

Одоо энэ газар татвараас санхүүждэггүй, бидний төлсөн даатгалын дөрвөн хувиар санхүүждэг, олон нийтийн байгууллага. Гэтэл одоо энэ газар зөвхөн мөнгө хураадаг, эмнэлэг болон Засгийн газрын байгууллагуудыг санхүүжүүлдэг болчихоод байгаа юм.

Иргэдийн өмнөөс явах ёстой байгууллага нь Засгийн газрын мэдэлд байдаг хуулийн орчныг өөрчлөх хэрэгтэй. Эмнэлгийн дарга нар Засгийн газарт, сайд нарт таалагдахын тулд ажиллахыг зогсоож, даатгуулагчид тал засч ажилладаг болгох нь энэ хуулийн үндсэн зарчим.

-Эрүүл мэндийн даатгалын хураамж өнөөгийн нийгмийн байдалтай харьцуулахад бага байгааг мэргэжлийнхэн хэлдэг. Үүнийг та юу гэж боддог вэ?

-Систем нь шударга байгаад, өвчтөнүүдэд хүрч үйлчилж чаддаг байвал ард түмэн сар бүр дахин 1000 төгрөгийг төлөөд байсан ч чадна. Хамгийн гол нь дундаас нь зувчуулж байгаад бухимдаад байгаа юм.

Гуйх биш хамтарч зөвшилцөлд хүрэх боломжийг бүрдүүлэх нь энэ хуулийн амин сүнс.

Хэрэв даатгалын санд хуримтлагдсан мөнгийг хяналттайгаар иргэдэд хүргэж чадвал, тархины хавдрын мэс засал, зүрхний хагалгаа, мөн гадаад руу явж эмчлүүлэх нь эрс багасна. Үүнийг манай эмч нар эх орондоо хийж чадна.

-Хууль энэ ондоо багтаж батлагдах болов уу?

-Энэ намартаа багтаана гэж үзэж байна. Үүний төлөө би тав дахь жилдээ ажиллаж байна. Үйлдвэрчний эвлэлд байхаасаа л ажилласан. Үүн дээр хамгийн гол нь Монголын ард түмэн дэрхийтэл дэмжиж, тойргоосоо гарсан гишүүн болгондоо С.Ганбаатарын яриад байгаа зүйлийг дэмжээд өгөөч гэж захидлаар дамжуулаад өгөөч.

Та нарт туслахад минь надад туслаач гэв. Эрхэм гишүүний яриа, одоо хэлэлцэж байгаа хуулийн төслийн агуулгаас харвал улстөрчдийн “Тогтолцоо болохгүй байна” гэдэг нь ердөө шалтаг ажээ.

Шалтгаан нь иргэдийн эрүүл мэндээ даатгаж өгсөн мөнгийг өөртөө болон улс төрийн өөр зүйлд зарцуулдаг таатай орчноо хадгалж үлдэхийн тулд “тогтолцоо” гэж байхгүй юм руу хамаг бурууг чихдэг байна. Тиймээс эрхэм гишүүний захиасаар би хувьдаа Өвөрхангайн хоёр гишүүнээсээ С.Ганбаатарын төслийг дэмжиж өгөхийг хүсье.