С.Эрдэнэ: Тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл зайлшгүй хийгдэнэ
25 дугаар суваг телевизийн "Хэн юу хэлэв" ярилцлагын зочноор ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцлоо.
-ХАХНХ-ын яамны сүүлийн үед хийж хэрэгжүүлж буй ажлын талаар?
-ХАХНХ-ын яамны хамгийн сүүлд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтийг хангаж дууслаа. Нийт 420 мянган иргэн хамрагдсан. Энэ ажлыг улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулсан. 3000 гаруй удаа хэвлэл мэдээлэл, янз бүрийн хэлбэрээр сурталчилгаа таниулга хийж ажилласан.
Нийгэмд тулгамддаг гол асуудал бол иргэдийн өөрсдийнх нь өмнө тулгамдаж буй хувь хүний асуудлууд байдаг. Бид аль болох хувь хүн, иргэнтэй холбоотой асуудлыг шийдэхийг зорилго болгон ажиллаж байна. Иргэдийн саналаар нөхөн тооцох хугацааг 10 дугаар сарын 1-н хүртэл сунгасан.
Цаашид бид тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийг судалж, тодорхой шийдлүүдийг Засгийн газрын түвшинд гаргахаар ажиллаж байна. Мөн холбогдох хуулиудыг боловсруулж их хуралд өргөн барих, өөрийн харьяалах салбарын чиглэлээр шинэчлэл, өөрчлөлтүүдийг эрчимжүүлэх, эхлүүлэх гээд олон ажлуудыг төлөвлөж байгаа.
-Сүүлийн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэх үү гэсэн асуудлууд гарч ирээд байна?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн асуудлыг нийгмийн даатгалын үндэсний зөвлөл дээр ярилцаад тогтоолын төсөл саналаа Засгийн газарт хүргүүлж байгаа. Тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл зайлшгүй хийгдэнэ.
-Халамжийг ямар байдлаар олгох ёстой вэ? Зорилтот бүлгийн судалгаа хийх гэж байгаа гэсэн мэдээлэл бий.
-Бид есөн сараас эхлээд орлогыг орлуулан тооцох аргачлалаар бүх өрх, иргэний нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлж байна. Энэ хүрээнд 700 гаруй мянган өрхийн хоёр сая есөн зуун мянга орчим иргэнийхээ амьжиргааны түвшинг тодорхойлно. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтарч энэ төслийг хэрэгжүүлнэ.
Судалгааг дуусгаснаар салбар дундын мэдээллийн маш том баазтай болно.
Есдүгээр сараас эхлэн ирэх оны нэгдүгээр улиралд багтаан дуусгахаар зорьж байна. Мөн сургагч багш нарын сургалтыг эхлэх гэж байгаа. Тус сургалтаар 21 аймаг, есөн дүүргээр явж судалгаа хийх багуудыг сургах, бэлтгэх үүрэг бүхий сургагч багш нарыг бэлтгэнэ.
Багш нар маань бэлтгэгдэж гараад улсын хэмжээнд орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн болон өрхийн гишүүн иргэний амьжиргааны түвшний судалгаа хийх багуудыг бэлдэнэ. Багууд маань 10 сарын сүүлээр үндсэн ажилдаа орно. Судалгааг хийж дуусгаснаар ганц манай салбарын хэрэгцээ, шаардлага биш салбар дундын мэдээллийн маш том баазтай болно гэж зорьж байгаа.
-Монгол хүнийг яаж хөгжүүлэх вэ?
-Өнгөрсөн хугацаанд хүн амын хөгжлийн бодлогыг төрийн бодлогын түвшинд тавиагүй нь төрийн маш том алдаа байсан. Анх удаа хүн амын хөгжлийн бодлогыг хариуцсан яам бий болсонд НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Дэлхийн банк, Азийн сан талархал дэвшүүлж манай яамтай холбоотой ажиллаж байгаа.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдгээр байгууллагуудтай хамтран томоохон ажлуудыг амжилттай хийж чадсан. Хүн амынхаа бүлгийг тодорхойлж, бүлгүүд рүүгээ чиглэсэн үндэсний чуулганыг зохион байгуулсан. Чуулганаас гарсан санал зөвлөмжүүддээ тулгуурлан хүн амын хөгжлийн цогц бодлогыг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна.