Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай
Манай улсад мөрдөгдөж буй тэтгэврийн даатгалын тогтолцоо нэг давхаргатай. Эдийн засгийн идэвхитэй хүн амын 60 орчим хувийг хамарч байгаа бөгөөд энэ сангаас 300 мянга орчим хүн тэтгэвэр авч, тэтгэвэрт зарцуулах хөрөнгө жилээс жилд нэмэгдсээр байгаа.
Хэдийгээр уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотой хүн амын орлогын өсөлт, хөдөлмөр эрхлэгчдийн тоо өсч дундаж цалин тэтгэврийн хэмжээ харьцангуй нэмэгдсэн ч тэтгэврийн тогтолцооны талаар шийдвэрлэх асуудал хүлээгдсэн хэвээр байна. Иймээс нэн тэргүүнд хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага тулгарч байна.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Тэтгэврийн даатгалын сангийн нэрийн дансан дахь мөнгийг тодорхой хууль дүрмийн хүрээнд хуримтлалд шилжүүлж, бодит хуримтлалыг бий болгох нь бидний тавьж буй гол зорилгуудын нэг.
Энэ зорилтын хүрээнд 2012 оноос тэтгэврийн даатгалын сангийн нэрийн дансан дахь мөнгийг хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх, улмаар мөнгөн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэхээр Засгийн газрын 2021 он хүртэлх стратеги төлөвлөгөөнд тусгаж 2007 оны УИХ-ын тогтоолоор баталгаажуулсан байдаг.
Сангийн яамны төрийн санд нийгмийн даатгалын сангийн таван сангийн хөрөнгө байршдаг.
Бид тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс ажиллаж байгаа. Гэхдээ мөнгөн хуримтлалын эх үүсвэрийн асуудлыг шийдээгүйгээс хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх ажил хараахан эхлээгүй байна.
Нийгмийн даатгалын байгууллага, ХАХНХ-ын яам нийгмийн даатгалын сангийн бодит мөнгөн хуримтлалын менежментийг 100 хувь хариуцдаггүй. Сангийн яамны төрийн санд нийгмийн даатгалын сангийн таван сангийн хөрөнгө байршдаг.
Бид Монголбанк, Сангийн яамны удирдлагуудтай хамтран нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс тодорхой хэсгийг арилжааны банкуудад байршуулах замаар арилжааны банкийг хүүгээр өсгөх менежмент хийж байгаа. Эрх зүйн орчин бүрдээгүйгээс өөр бодит хөрөнгө оруулалт оруулж өсгөх, менежментийг зөв боловсронгуй хийх чиглэлийн ажлууд эхлээгүй байна гэлээ.