Цахилгаан дулааны үнэ нэмэгдэх нь бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхгүй
25-р телевизийн тодруулга булангийн өнөөдрийн зочноор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг урилаа.
“Найман сарын нэгний өдрөөс цахилгаан дулааны үнэ нэмэгдэх шийдвэрийг гаргасан. Цахилгааны үнийг нэмэх бодит шаардлага олон жилийн турш хуримтлагдсан.
Одоо нэмэгдүүлэх шаардлагатай үүнийг МҮЭХ-ны зүгээс бодлогын хувьд эрчим хүч дулааны үнийг нэмэгдүүлэх чиглэлд хийж байгаа ажлыг ойлгож нэмэх цаг нь болсон гэж үзэж байгаа. Гэхдээ үнэ тарифийг нэмэгдүүлэхдээ гол хэрэглэгч болсон ард иргэдэд зөв, үнэн бодит мэдээллээр хангах шаардлагатай.
Ялангуяа дулааны суурь үнийг шинээр тогтоолоо. Суурь үнийг ямар шалтгаан, үндэслэлээр бий болгосон талаар мэдээллийг эрчим хүчний зохицуулах хороо, холбогдох эрчим хүчний салбарын байгууллагууд хийх ёстой гэж үзэж байна.
Эрчим хүчний цахилгаан дулааны тариф нэмэгдүүлснээр бараа бүтээгдэхүүн ялангуяа гол хүнсний бараа, ажил үйлчилгээний үнэ тариф нэмэгддэг сөрөг үр дагавар гардаг байсан. Үүнийг хөнгөвчлөх үүднээс үндсэн гурван чиглэлийг барьж явахыг МҮЭХ-ноос эрчим хүчний зохицуулах хороо, засгийн газар, холбогдох яам, төрийн байгууллагуудад тавьж санал хүргүүлсэн.
Нэгдүгээрт: Цахилгаан дулааны үнэ нэмэх болсон гол шаардлага, дулааны суурь үнийг тогтоох болсон үндэслэлээ олон нийтэд зөв мэдээллээ.
Хоёрдугаарт: Цахилгаан дулааны алдагдлыг оновчтой зөв тодорхойлох хэрэгтэй байна. Эрчим хүчний салбарын алдагдал, бэрхшээлээ бодитоор тогтож, ард иргэд, байгууллагыг зөв мэдээллээр хангах ёстой гэж үзэж байна.
Тиймээс цахилгааны алдагдлыг тогтоож бодитоор арга хэмжээ авах санал хүргүүлж байна. Ер нь алдагдлын ачааг ард иргэд биш салбар өөрөө үүрэх ёстой. Зах зээлийн хариуцлагаа хүлээх хандлага руу шилжих цаг болсон.
Гуравдугаарт: Цахилгаан дулааны үнийг нэмэгдүүлснээр иргэд болон аж ахуй эрхлэгчдэд ирэх дарамт ачааллыг хөнгөлөх арга хэмжээ авах ёстой. Энэ хөнгөлөх арга хэмжээ дотор, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага гэх мэт холбогдох байгууллагууд хууль бус үнийг зах зээл дээр бий болгохгүй байх чиглэлээр ажиллаж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй байна.
Хэрвээ цахилгаан дулааны үнэ нэмэгдсэнээс болж зах зээл дээр бараа бүтээгдэхүүний үнэ хууль бусаар нэмэгдэх юм бол МҮЭХ-ноос хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт хэлэлцээрээр тохиролцсоны дагуу цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлд засгийн газар болон ажил олгогч нарт тодорхой санал хүргүүлж энэ чиглэлд тууштай ажиллах шаардлагатай болж байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны судалгаагаар зарим бараа бүтээгдэхүүнд тухайлбал атар талхны үнэ 7.7 төгрөгөөр нэмэгдэх судалгааг гаргасан. Алтантариа гурил 2.1 хувиар нэмэгдэх тооцоо судалгаа оруулж гаргуулсан. Тэгэхээр энэ судалгаанаас дээгүүр болж нэмэгдэх тохиолдолд хариуцлагыг засгийн газар, эрчим хүчний зохицуулах хороо болон холбогдох байгууллагууд үүрэх ёстой.
Үр дүн гарахгүй бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх тохиолдолд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлнэ. 2014 оны улсын төсөвт урьдчилсан байдлаар цалин тэтгэвэр тэтгэмжийг 40 хувиас доошгүй нэмэгдүүлэх санал гаргасан.
Үүнийг 2014 оны нэг сарын нэгэн гэж хүлээлгүй нэмэгдүүлэх шаардлага тавьж ажиллана. Зөвхөн шаардлага тавих биш холбогдох байгууллагатай хамтран бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй ард иргэдийн нуруунд ачаа дарамт өгөхгүй байх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн мэдэгдлээ.