С.Эрдэнэ: Тэтгэврийг 20-22 хувиар нэмэгдүүлэх талаар судалж байна
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх тухай ярьж, сөрөг хүчний зүгээс байр сууриа байнга илэрхийлсээр байгаа. Цалингийн доод хэмжээг ирэх есдүгээр сараас эхлэн нэмэгдүүлэхээр болсон бол тэтгэврийг ирэх долоо эсвэл аравдугаар сарын 1-нээс нэмэхээр холбогдох газрууд судалгаа хийж эхэлсэн байна. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодрууллаа.
-Өдөр ирэх тусам өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгаа нь цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Тэтгэвэр тэтгэмжийг энэ онд багтаан нэмэх боломж бий юү?
-1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах хуулийг өнгөрсөн жил УИХ-аар батлуулсан. Хуулиар 178 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгасан.
Хуулийн хоёрдугаар заалтад тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлыг жил бүр Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний сан, Засгийн газар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өмнө нь тэтгэвэр нэмэгдүүлэх хуулийн заалт байгаагүй.
Үүнд Засгийн газар өөрийн үзэмжээр хандаж ирсэн. Одоогийн байдлаар Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн санал, Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүдийн тооцоо судалгааг үндэслэн амьжиргааны төвшинтэй уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр санал боловсруулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлсэн.
Тэд манай яамны саналыг хэлэлцэн шийдвэрээ Засгийн газарт хүргүүлэх юм. Хэрэв ирэх сарын 1-нээс тэтгэврийг нэмэгдүүлбэл 20-22 хувь буюу 94 орчим, ирэх аравдугаар сарын 1-нээс нэмбэл 47 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
-Малчдын долоон хувь нь тэтгэврийн даатгалд хамрагддаг. Тэднийг даатгалд хамруулахын тулд урамшууллын ямар бодлого барьж байна вэ?
-Ажилласан жилийг нөхөн тооцох тухай хууль өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Уг хууль ирэх наймдугаар сарын 1 хүртэл хэрэгжинэ. Энэ хугацаанд ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн аль нэг салбар бүлгээр авч үзээгүй. Тиймээс малчид, тариаланчид бүгд хамрагдах боломжтой.
Нэг жилийг хоёр гэж тооцвол малчид 50 настай тэтгэвэрт гарах боломж бүрдэнэ.
Өөрөөр хэлбэл, тэд 5-11 жил нэмж тооцуулах боломжтой. Харин тэтгэврийн насыг хэрхэн тооцох талаар хэд, хэдэн хувилбараар судалгаа хийж байна.
Тухайлбал, малчдын ажилласан нэг жилийг хоёроор тооцох, мөн тухайн малчны хоногт хөдөлмөрлөж буй цагийг жирийн ажил хөдөлмөр эрхэлж буй иргэний нэг өдөр ажилласан хугацаанаас нэг дахин илүү буюу хоёр өдрөөр тооцож болох юм.
Түүнчлэн малчдыг нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломж бололцоог бий болгохын тулд тухайн сард бус улирлын шинж чанартай эсвэл орлого олох тухайн цаг үетэй нь уялдуулан бөөнөөр нь төлөх нөхцөлийг судалж байна.
Хэрэв нэг жилийг хоёр гэж тооцвол малчид 50 настай тэтгэвэрт гарах боломж бүрдэнэ. Үүнийг хийхэд маш олон хууль болон салбар дундын бодлогод өөрчлөлт оруулах шаардлага гарна.
-Тэтгэврийн санг уул уурхайгаас орж ирж буй орлогоос бүрдүүлэх талаар яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ. Нөгөөтэйгүүр энэ сан алдагдалтай ажиллаж байгаа гэсэн. Ямар шалтгаанаар алдагдалд оров?
-Энэ яригдаж байгаа. Тэтгэврийн даатгалын сангийн нэрийн дансны бүрдүүлэлт буюу мөнгөн хуримтлалыг бодит мөнгөн хуримтлалд шилжүүлэх асуудлыг Монголбанк, Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн яамтай хамтран судалгаа хийж байна.
Тэтгэврийн даатгалын санд эхний ээлжинд 20-25 хувьтай тэнцэх хэмжээний бодит мөнгөн хуримтлал бий болгох хэрэгтэй байгаа. Энэ тал дээр Засгийн газар ямар хувилбар сонгох талаар ярилцаж байна.
Тэтгэврийн даатгалын санд эхний ээлжинд 20-25 хувьтай тэнцэх хэмжээний бодит мөнгөн хуримтлал бий болгох хэрэгтэй
Засгийн газар бодит орлогоо зөв тооцон тэтгэврийн даатгалын санд хуримтлуулсан мөнгөө эргэлтэд оруулах, гол бүтээн байгуулалтын салбараа дэмжсэн бодлого явуулах ёстой. Ингэснээр энэ сангийн үйл ажиллагаа үр дүнтэй болох юм.
Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлын хэмжээг 2009 онд тогтоосон. Тэр үед тав орчим их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө байсан. Харин өнөөдрийн байдлаар нарийвчилсан тоо алга.
Ирэх намраас мөнгөн дүнгийн тооцоо судалгаа хийх ажлыг холбогдох яамдуудтай хамтарч хийнэ. Энэ сангаас өнгөрсөн хугацаанд тэтгэвэр олгогдоогүй. Учир нь, одоогоор уг санд бодит мөнгөн хуримтлал бий болоогүй юм.