Үйлдвэрчний эвлэл улс төрийн гэхээсээ илүү эдийн засгийн тэмцэл явуулдаг байгууллага
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.06.11

Үйлдвэрчний эвлэл улс төрийн гэхээсээ илүү эдийн засгийн тэмцэл явуулдаг байгууллага

Time.mn-ийн таван асуултад МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хариуллаа.

1.Та МҮЭ-ийн холбоог албан ёсоор даргалж эхэллээ. Холбооны үйл ажиллагааг сайжруулахын тулд хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?

-Мэдээж эвлэлдэн нэгдсэн гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд бид ажилладаг. Эвлэлийн талаас бол салбар холбоодын дарга нарын ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай байна. Гэрээ хэлэлцээр хийх, нөлөөллийг нь сайжруулах ур чадварыг нь дээшлүүлэх хэрэгтэй болж байна.

Мөн алслагдсан сум, хороодын үйлдвэрчний эвлэлийн нэгжүүдийн үйл ажиллагааг шинэ түвшинд аваачих хэрэгтэй болж байна. Тэнд мэдээ мэдээлэл маш хомс очиж байгаа гэсэн шүүмжлэл гардаг. Тэр нь ч үнэн. Тиймээс бид мэдээлэл хүргэх,  холбоо боломжийг сайжруулахад өнөөдрөөс эхлэн анхааран ажиллахаар болж байгаа юм.

Үйлдвэрчний эвлэлүүд ажлаа тайлагнав.

Тэгж байж бид эвлэлдэн нэгдсэн гишүүдийнхээ санаа бодлыг маш түргэн сонсож, тэдний эрэлт хэрэгцээ, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бололцоо нээгдэнэ. Угаасаа хөдөлмөрчдийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд чанартай хүний нөөцтэй байх ёстой.

Мэдээж үүн дээр анхаарч, боловсрол сургалтынхаа үйл ажиллагааг чиглүүлнэ. МҮЭХ олон улсын үйлдвэрчний байгууллагын гишүүн. Тиймээс олон улсын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилготой ажиллаж байна.

2. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140400 байсныг 192 мянга болгосон. Ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдлөг болох энэ нэмэгдэл бодит цалингийн нэмэгдэл болж чадах уу. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үүнээс дорвитой нэмэх боломж байгаа юу?

-Улс орны эдийн засгийн өсөлт 13.5 хувьтай байна гэдэг бол өндөр хэмжээ. Тэгэхээр энэ хувь хэмжээ бол хөдөлмөрчдийн цалин орлогыг нэмэгдүүлэхэд чиглүүлэхэд анхаарна. Ийм учраас цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага байгаа.

Дээр нь жилээс жилд үйлдвэрлэлийн ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа хүмүүс буурахгүй байна. Тиймээс эрүүл аюулгүй ажиллах ажлын байрны тоог эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр ажлын байр бүр Хөдөлмөр, эрүүл ахуйн тухай хуулиар эрүүл аюулгүй байх учиртай.

Тийм орчинд ч ажиллуулах үүргийг ажил олгогч хүлээдэг. Иймээс МҮЭХ нэлээд шахаж ажиллахгүй бол болохгүй нь. Ямар ч байсан бидний тэмцлийн үр дүнд Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянга болгож нэмсэн. Уг нь өндөр хөгжилтэй орнуудад цагийн 10-15 ам.доллар байдаг.

Бүр 20 ам.доллар болгосон улсууд ч бий. Манайх доод хэмжээг 192 мянгаар тогтоосон нь бидний санасан хэмжээнд хүрч чадаагүй. Тиймээс бид нэмэх талаар цаашдаа тэмцэнэ.

3. Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын улс төрийн нөлөөллийг нэмэгдүүлэх замаар үйл ажиллагааг нь сайжруулах талаар та бүхэн ярьж байсан. Тэрхүү хөтөлбөр ямар шатанд яваа вэ?

-МҮЭХ улс төрийн гэхээсээ илүү эдийн засгийн тэмцэл явуулдаг байгууллага. Харин тэр тэмцэл нь улс төрийн шийдвэрээр бодит ажил болдог. Тиймээс улс төрийн нөлөөллөө бэхжүүлэхэд анхаарах шаардлагатай байгаа.

Энэ чиглэлээр бид УИХ-д Үйлдвэрчний эвлэлийн лобби бүлгийг байгуулахаар ярилцаж байна. Энэ лобби бүлгээр дамжуулж, иргэд, хөдөлмөрчдөд ашигтай хууль эрхзүйн орчныг боловсруулах, батлуулах зорилготой байна. Мөн удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна.

Энэ шинээр сонгогдох Ерөнхийлөгч аль ч намаас сонгогдсон бай хамтарч ажиллах сонирхолтой байна. Ерөнхийлөгч хүн үндэсний эв нэгдлийг илэрхийлэхээс гадна Засгийн газар, УИХ-д тодорхой чиглэл өгдөг бүрэн эрхт субъект.

Мөн Засгийн газартай хөдөлмөр нийгмийн гурван талт харилцааны хүрээнд хамтарч ажиллаж байгаа. Энэ хамтын ажиллагаагаа улам өргөсгөх зорилготой байна.

4. Ээлжит бус хурлаар төлөөлөгчид маш олон санал, шүүмж хэлж байсан. Энэ удаагийн хурлаас эхлэн анхаарч, сайжруулах шаардлагатай ямар асуудал байгааг төлөөлөгчид хэлсэн бэ?

-Өнөөдөр МҮЭХ мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоо, аймаг, нийслэлийн 22 холбооноос бүрдэж байгаа. 2100 орчим аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрчний эвлэлийн хороо ажиллаж байна. Идэвхтэй татвараа төлдөг 220 орчим мянган гишүүнтэй.

Түр ажлын байранд ажилладаг болон ахмад гишүүдээ нэмбэл нийтдээ 450 мянган гишүүнтэй. Ээлжит бус их хурлын хувьд гишүүдийн өмнө ямар тулгамдсан асуудал байгааг харуулсан хурал болсон. 

Мэдээж гишүүдийн өмнөх асуудал бол МҮЭХ-ны тулгамдсан асуудал. Энэ утгаараа тэдний санал, зөвлөмжийг бүтээлчээр тусган авах нь зүй ёсных.

5. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын ерөнхийлөгчийн албан тушаал улс төрийн дамжин өнгөрөх болох нь гэх болсон байна. Энэ тал дээр таны байр суурь?

-Улс төр, УИХ гэдэг бол тийм хүн халгаад байхаар газар биш. Хүмүүс УИХ-д орно гэдгийг муухай газар орох гэж байгаа юм шиг хараад байгаа нь УИХ-ын нэр хүнд олон нийтийн дунд унасантай л холбоотой. Үнэхээр тийм муухай юм бол би тийм газар ороод яах юм.

Уг нь олон мянган хөдөлмөрчдийн төлөө тэмцэж байгаа ийм газар УИХ-д суудалтай байх ёстой. Гадны жишгийг харвал ийм л байдаг. Манай байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үе үеийн дарга нар УИХ, АИХ-ын танхимд сууж л байсан.

Яг өөртэйгээ холбоотойгоор хэлэхэд би УИХ-д орно гэсэн хэтийн зорилго агуулж энэ суудалд суугаагүй.