Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.09.12

Х.Амгаланбаатар: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх ёстой

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, цалин хөлсний асуудлаар бүх нийтийн жагсаал цуглааныг зохион байгуулахаар болсон байна. Жагсаал маргааш 12:00-14:00 цагийн хооронд Эрх чөлөөний талбайд болох аж. Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодрууллаа.

МҮЭХ-ноос маргааш жагсаал зохион байгуулахаар боллоо. Гол нь хэнд хандсан, ямар шаардлага тавьж байгаа вэ?

УИХ-д хандсан мэдэгдэл гаргаж байна. Өөрөөр хэлбэл улс орны нийгэм, эдийн засагт тулгамдсан зарим асуудал болох бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, валютын ханшын асуудал хүнд байна. Үүнтэй холбоотойгоор ард иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ аваач ээ, энэ чиглэлээр Засгийн газарт чиглэл өгөөч ээ, валютын ханшаа тогтворжуулах талаар мөнгөний бодлогын хүрээнд арга хэмжээ аваач ээ гэсэн шаардлага хүргүүлж байгаа.

УИХ шаардлагын хариуг энэ сарын 20-ны дотор өгөх ёстой. Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнэ өртөг бодитойгоор нэмэгдсэн байгаа учраас иргэдийн  амьдрал хүндэрч байна гэдгээ илэрхийлж байна. Хүндэрч байгаа учраас цалин, тэтгэвэрийг нэмээч ээ гэсэн санал шаардлагыг ээлжит бус чуулганд хандаж мэдэгдэл хэлбэрээр илэрхийлж байна.

Шаардлагын хариуд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг саяхан нэмэгдүүлсэн гэж хэлэх байх даа?

Тэр бол хамаа байхгүй. Тэр чинь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ. Салбар бүрийн цалингийн доод хэмжээ гэдэг бол арай өөр ойлголт. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нь ард иргэдийн амьдралд хүрэлцэхгүй, болохгүй байгаа болоод л МҮЭХ-ноос цалин, тэтгэвэрийг нэмэгдүүл гэж хэлээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар хичнээн хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа вэ?

Өнөөдрийн байдлаар нийт ажил хийж байгаа хүмүүсийн 8,7 хувь нь л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг.

Өнөөдрийн байдлаар нийт ажил хийж байгаа хүмүүсийн 8,7 хувь нь л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Тэгэхээр үлдсэн 90 хувийнхаа цалинг нэмэгдүүлэхийн төлөө бид явах ёстой. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхийн төлөө бид явах ёстой. 2013 онд 90 хувийн цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэнгүй.

Ийм учраас л 90 орчим хувийнхаа цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэх замаар үнийн өсөлтөөс орлогыг нь хасах шаардлагатай байгаа юм.

Гурван талт  хэлэлцээрийн заалт байгаа байхаа?

Тийм. Хэрэв бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл, инфляцын түвшин оны өмнөхөөс мөн нэмэгдвэл цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн асуудлыг ярилцана гэсэн том заалт байгаа. Тийм учраас энэ заалтынхаа дагуу хэлэлцээрээ эхлүүлье гэсэн саналыг УИХ-д хүргүүлж байна.

Тухайн хэлэлцээрийнхээ үед ямар хувь хэмжээгээр нэмэгдүүлэх бололцоо байгаа юм, хэзээнээс нэмэгдүүлэх талаараа ярих байх гэж бодож байна. Бид МҮЭХ-ны саналаа иргэдийнхээ өмнөөс тавьчихлаа. УИХ-д мэдэгдэл хэлбэрээр тавилаа. Засгийн газарт шаардлага хэлбэрээр саналаа илэрхийлж байна.  

Эдийн засгийн хүндрэл үүссэн энэ үед цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж бий юу. Та юу гэж бодож байна вэ?

Байлгах хэрэгтэй. Яагаад гэхээр эдийн засгийн хүндрэл гэдэг нь ард иргэдийн амьдралын хүндрэлийн асуудал гэж би бодож байна. Тэгэхээр ард иргэдийн амьдралын хүндрэлийн асуудлыг тоохгүйгээр эдийн засгийн тоогоор хөөцөлдөөд байвал энэ гацаанаас гарахад улам л хүнд болдог.

Гэхдээ бид эдийн засгийн хүндрэлийг бүр хямралын хэмжээнд хүрээгүй байгаа байх гэж бодож байна. Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэгэхээр цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх бололцоотой байна гэж бодож байна.