Д.Ганхуяг: “Чалко”-тай байгуулсан гэрээг ашигтай болгосон
Манай улсын уул уурхайн салбарт тулгамдаж буй олон асуудал байгаа. Тухайлбал Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтаас болж хоёр тал үл ойлголцолд хүрсэн. Мөн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын “Чалко” компанийн хоорондох уур амьсгал ширүүссэн.
Түүнчлэн уул уурхайн салбартай холбоотой хуулиудаас болж гадны хөрөнгө оруулалт багассан гээд дурьдаад байвал тус салбарт болж бүтэхгүй зүйл их байгаа юм.
Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын асуудлыг үндэсний эрх ашигт нийцсэн хоёр талд харилцан ашигтай нөхцөлийг бүрдүүлэхээр “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн манай талын гурван гишүүн Лондон хотод ажиллаж байгаа. Мөн “Чалко” компанийн захиралтай Уул уурхайн сайд Д.Ганхуяг уулзаж, үл ойлголцлоо нэг тийш болгосон. Үүний ачаар “Чалко” компани, Монголын Засгийн газрын хоорондох уур амьсгал зөөлрөх тийшээ хандсан.
Гэхдээ Оюутолгойн асуудал, мөн “Чалко” компанийн удирдлагуудтай манай талын албаны хүмүүс чухам юу талаар ярилцаж, ямар шийдэлд хүрсэн нь тодорхойгүй хэвээр байгаа. Тиймээс энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодруулав. Тэрбээр “Лондон хотод ажиллаж буй “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн манай талын гурван гишүүн “Рио Тинто” компанийхантай өнөөдөр (өчигдөр) уулзалтаа хийх байх. Уулзалтуудаа хийгээд тодорхой шийдэлд хүрэх байх. Одоогоор мэдээлэл ирээгүй байна” хэмээн хариуллаа. Харин “Чалко” компанийн захиралтай уулзаж юу ярьсан талаараа Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Чалко” компаниас зээлсэн, өөрөөр хэлбэл нүүрсээрээ бид өрөө төлж байгаа учраас энэ жилдээ гурван сая тонн нүүрс нийлүүлнэ. “Чалко” компанийн захиралтай уулзсан.
“Чалко” компанийн захиралд хэлэхдээ “Тус компанийн хувьцааг Монголын ард түмэн эзэмшдэг. Нэн түрүүнд дэд бүтцийг бий болгосноор тус компанийн үнэн цэн улам нэмэгдэнэ” гэж хэлсэн
Тус компанитай байгуулсан гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанид ашигтай өөрчлөлт оруулсанд би талархал илэрхийлсэн. Би “Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар “Чалко” компанийн захиралд хэлэхдээ “Тус компанийн хувьцааг Монголын ард түмэн эзэмшдэг. Нэн түрүүнд дэд бүтцийг бий болгосноор тус компанийн үнэн цэн улам нэмэгдэнэ” гэж хэлсэн. Хоёрдугаарт олон улсын төвшинд боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн нийлүүлнэ. Та бүхэн олон улсын зах зээлийн ханшаар аваарай гэдэг саналыг тавьсан. Өөр зүйл яриагүй” гэв.
“Эрдэнэс Тавантолгой” компани нь энэ онд Цанхийн зүүн уурхайгаас 4.5 сая тонн, баруун уурхайгаас гурван сая тонн, нийт 7.5 сая тонн нүүрс олборлох зорилт тавин ажиллаж байгаа аж. Хэрвээ зорилтондоо хүрвэл өнгөрсөн онд олборлон, экспортолсон нүүрсний хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нүүрсийг олборлох юм байна. Цанхийн баруун уурхайгаас гурван сая тонн нүүрс олборлон борлуулснаар экспортын орлого 120-150 сая ам.доллараар нэмэгдэх гэнэ. Мөн БНХАУ-ын “Чалко” компанид нүүрс нийлүүлэх гэрээний дагуу зээлийн өрийн үлдэгдэл болох 170 сая ам.долларыг энэ онд багтаан нүүрсээр төлж дуусгах аж.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Цанхийн баруун талбайд гэрээт олборлогчоор “Хишиг арвин индиусртал”, “Мера”, “Монголын үндэсний олборлогч” компанийн “Монгол уурхайчид” түншлэл шалгаран олборлолтын ажлыг гүйцэтгэж буй. Эдгээр компанийн ажиллаж буй Цанхийн баруун уурхай 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Тус уурхайн нүүрсний экспорт энэ сарын 5-ны өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 22-ны байдлаар 636 машин нүүрс буюу 63 мянга 754 тонн нүүрс тээвэрлээд байгаа аж. Нөгөөтэйгүүр нүүрс экспортлох гэрээг БНХАУ-ын “Вэнсьвэй”, “Пушин” зэрэг таван компанитай хийжээ.
Харин ойрын үед “Оюутолгой”-н зэсийн баяжмал хил дээр гацсан гэх мэдээлэл олны дунд тархсан ч салбарын сайд үүнийг үгүйсгэж “Зэсийн баяжмал экспортод гардгаараа гарч байгаа. Гэрээнд заасны дагуу бүх ажил хэвийн үргэлжилж байгаа” хэмээв. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардал хэтэрснийг салбар хариуцсан сайд нарын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулан шалгалт хийж байгаа. Гэвч хараахан үр дүн нь гараагүй байна.
АЛТ ОЛБОРЛОЛТ ТӨЛӨВЛӨСӨН ХЭМЖЭЭНЭЭСЭЭ ДАВЖЭЭ
Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, экспортын 90 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 85.5 хувийг тус тус бүрдүүлдэг.
Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа. Тухайлбал дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, экспортын 90 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 85.5 хувийг тус тус бүрдүүлдэг. Энэ оны эхний найман сарын байдлаар зэсийн үйлдвэрлэл 461.7 мянган тонн буюу 73 хувийн гүйцэтгэлтэй.
Молибденийн үйлдвэрлэл 2.411 мянган тонн буюу 99 хувийн гүйцэтгэлтэй, зэс молибденийн татварын орлогын гүйцэтгэл 80 хувьтай явж байгаа аж. Харин нүүрсний үйлдвэрлэл 14.9 сая тонн буюу 64 хувь, татварын орлого бүрдүүлэлт 163.3 тэрбум төгрөг буюу 55 хувь гэх мэт гүйцэтгэлтэй байгаа бол алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээс давжээ. Тодруулбал 5773.6 килограмм алт олборлож 180 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого бүрдүүлэлт 169 хувьтай байна. Төмрийн олборлолт 3815.9 мянган тонн буюу 58 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 40 хувьтай, цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 73.8 мянган тонн буюу 228 хувийн гүйцэтгэлтэй татварын орлогын гүйцэтгэл 24.1 тэрбум төгрөг буюу 268 хувьтай байна.