“Нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг 10 ам.долларт хүргэнэ” гэв
Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” ээлжит хэвлэлийн бага хурал өнгөрсөн баасан гарагт боллоо. Тус хурлаар Уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр Монгол Улсын уул уурхайн өнөөгийн байдал эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын байдалтай хэрхэн холбогдож байгаа тухай мэдээллийг өглөө.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг “2013 оны эхний хагас жилд улсын нэгдсэн төсвийн орлого өссөн дүнгээр 2.5 их наяд, зарлага нь 2.6 их наяд төгрөг болж, төсвийн тэнцэл 133 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Ийнхүү нэгдсэн төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үед 580 тэрбум төгрөгт хүрч байсантай харьцуулахад энэ оны эхний хагасын төсвийн алдагдал буурсан гэж үзэж байгаа.Уул уурхайн салбар ялангуяа зам тээвэр, барилгын салбарын бүтээн байгуулалт эрчимжиж, үйлчилгээний салбар улам бүр томорч, ноолуурын экспортын орлого эрс өсч байгаа зэрэг хүчин зүйлийн эерэг нөлөөгөөр төсвийн эрсдэлийг хүндрэл багатай туулах бүрэн боломжтой” гэв.
Уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүн
Өнөөдөр уул уурхайн салбар эдийн засгийн 20 хувь, төсвийн орлогын 40 хувь, экспортын 90 хувийг бүрдүүлж байна. Ингэхдээ нүүрс, жонш зэрэг цөөн нэр төрлийн ашигт малтмалын гадаад зах зээл дэх үнээс шалтгаалж манай улсын эдийн засаг аажмаар өсөх үзүүлэлттэй байгаа аж.
Манай улс энэ оны долоон сарын байдлаар 3.4 тонн алт экспортолж 143 сая долларын орлого болж өссөн үзүүлэлттэй байна. Түүнээс гадна манай улсын нүүрс болон жоншны хувьд нөхцөл байдал хүнд байгаа аж.
Тухайлбал өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаас харахад 10 сая тонн нүүрс олборлож, 1.1 тэрбум долларын орлого олсон бол энэ оны байдлаар найм орчим сая тонн нүүрс эскпортлож, 582 сая долларын орлоготой байсан байна. Жоншны хувьд ч экспорт үнийн дүнгээр 20 гаруй хувиар унасан үзүүлэлтэй байгаа аж.
Нүүрсний олборлолтыг 24 хувиар бууруулна
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ онд Зүүн цанхийн уурхайгаас 4.5 сая тонн, Баруун цанхийн уурхайгаас гурван сая тонн нүүрс олборлосон нь өмнөх онтой харьцуулахад олборлолтыг даруй гурав дахин нэмэгдүүлэх боломжтой гэдгийг харуулж байгаа аж.
Түүнчлэн энэ оны хувьд нүүрсний үнэ 50 орчим хувиар буурсан нь олборлолтыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг харуулж байгаа гэнэ. Уул уурхайн яамнаас БНХАУ-ын “Чалко” компанитай байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нүүрсний экспортыг дахин сэргээж эдийн засгийг эргэлтэд оруулснаар Хятадын талд төлөх өрийг бүрэн барагдуулах аж.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг “200 сая гаруй ам.долларын экспортын орлогыг уул уурхайн салбар олох боломжтой байгаа. Энэ үүднээс уул уурхайн үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд нүүрсний олборлолтын өөрийн өртгийг 24 хувиар бууруулж 19 ам.долларт хүргэх зорилтыг Уул уурхайн яам тавин ажиллаж байна.
Нөгөөтэйгүүр манай улсад сүүлийн 20 гаруй жил хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал гарч ирсэн. Дээрх асуудал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар сайжирч байгаа” гэдгийг хэллээ. Тэрбээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо эрс нэмэгдэж байгаа нь уул уурхайн олборлолт, ашиглалт жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгааг хэлсэн.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа Уул уурхайн сайд Д.Ганхуягаас уул уурхайн хөрөнгө оруулалт, гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэр байгаа талаар тодрууллаа.
-Энэ онд хөрөнгө оруулалтын байдал ямар үзүүлэлттэй байгаа вэ?
-ЭЗХЯ болон Монголбанкны мэдээлэлд тулгуурлан зарим нэг шинжилгээ хийж үзлээ. Манай улсад энэ оны эхний хагасын байдлаар нийт 961 тэрбум ам. долларын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оныхоос 43 хувиар буурсан байгаа юм.
Харин олборлох салбарын хувьд хөрөнгө оруулалт 32 хувиар буурсан. Гэхдээ бусад салбаруудад орсон шууд хөрөнгө оруулалтын тухайд хэд дахин буурсан байна. Үүнээс харахад хөрөнгө оруулалт буурч байгаа нь зөвхөн уул уурхайн салбарын хүндрэл биш, нийт эдийн засгийг хамарсан үзэгдэл болж байгаа юм.
-Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц хэр байгаа бол?
-Зэсийн баяжмалын үйлдвэрлэл биет хэмжээгээр төлөвлөснөөс бага байгаа нь Оюутолгой төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байгаатай холбоотой гэж үзэж болох юм. Нүүрсний хувьд татварын орлогын төлөвлөгөө тасраад байгаа нь экспорт буурсантай холбоотой. Үүнд нүүрсний нийлүүлэгчдийн өрсөлдөөн ширүүссэн, үнэ уналттай байгаа зэрэг нөлөөлж байна.
Харин жоншны хувьд гэвэл төлөвлөгөө тасарсан байгаа. Энэ нь нөгөөтэйгүүр цөөн тооны худалдан авагчаас хэт хараат бас боловсруулалтын төвшин бага байгаатай холбоотой юм. Түүнчлэн төмрийн хувьд бодит гүйцэтгэл нь харьцангуй сайн байгаа боловч төлөвлөсөн хэмжээнд хүрч чадахгүй байгаа гэдгийг харуулж байна. Ийм учраас уул уурхайн салбар цаашид төмрийг дотооддоо боловсруулах бодлогыг баримтлан ажиллах болно.
-Цаашид уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг сайжруулах тал дээр ямар аргахэмжээ авч ажиллах вэ?
-Монгол Улсын экспортын хэмжээг 2017 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлж, нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэнэ. Уул уурхайн салбарт зохистой, бодитой төлөвлөлт зайлшгүй шаардлагатай байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн оны сүүлд хийсэн энэ оны уул уурхайн салбарын орлогын төлөвлөгөөг хэт өөдрөг бодож хийж байснаа хүлээн зөвшөөрөх нь зүйтэй байх.
Түүнээс гадна дэлхий даяар уул уурхайн салбарын үйлдвэрлэл хумигдаж, хөрөнгө оруулалт эрс буурч байна. Энэ үүднээс бид дээрх асуудалд хянамгай хандах хэрэгтэй. Манайд шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 тусгай зөвшөөрлийн цаана хийгдэхээр хүлээгдэж байсан хөрөнгө оруулалтын төсөл бий.
Эдгээр төслүүдийг хуульд нийцүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулах арга замыг эрэлхийлэн ажиллана. Тухайлбал энэ салбарт эрхзүйн шинэчлэлтийг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй техник технологийг дэмжих замаар өрсөлдөх чадварыг сайжруулах болно.