Л.Энх-Амгалан: Иргэдийн маань эзэмшдэг хувьцаа өгөөжтэй байх ёстой
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Л.Энх-Амгалан
2013.05.23

Л.Энх-Амгалан: Иргэдийн маань эзэмшдэг хувьцаа өгөөжтэй байх ёстой

“Ярилцах цаг”-ийнхаа зочноор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг урилаа.

 -Та гишүүн болсноосоо хойш хэвлэлд бараг яриа  өгсөнгүй. Ярих шаардлагагүй гэж боддог юм уу?

-Хэрэгтэй гэж үзээд сонин хэвлэлд ярилцлага өгөөч гэвэл мэдэхийнхээ хүрээнд ярьж бололгүй дээ. Сүүлийн үед твиттерт идэвхтэй жиргэж байгаа. Твиттер, фейсбүүк, вэб хуудас бол улстөрчдийн иргэд сонгогчтойгоо цаг алдалгүй ярилцах том боломжийг олгодог мэдээллийн хэрэгсэл. Манайд 20, 30 гаруй мянган дагагчтай УИХ-ын жиргээч гишүүд олон байгаа.­­­­­­­­­­­

-Та хэдэн дагагчтай жиргээчин бэ?

-Би твиттерт сүүлд нэгдсэн ч найман сарын хугацаанд 10 гаруй мянган дагагчтай болсон. Хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд иргэд сонгогчтойгоо харьцахад жиргээ их тусалдаг юм. УИХ-ын гишүүдийн вэб

Би твиттерт сүүлд нэгдсэн ч найман сарын хугацаанд 10 гаруй мянган дагагчтай болсон.

сайтуудыг эрэмбэлэхэд миний вэб хамгийн олон хүн зочилдог сайтын нэг болсон үзүүлэлт байгаа. Энэ мэтээр мэдээллийн технологи бидний амьдралыг улам бүр хөнгөвчилж байна. Сонин хэвлэлд ярилцлага өгсөн тоо цөөхөн байгаа нь үнэн байх. Гэхдээ би нэг зүйлийг анзаарахад баялаг бүтээдэг хүмүүст нийтлэг нэг зан гэх үү,  зарчим гэх үү тийм зүйл байдаг. Хийхээсээ өмнө биш хийснийхээ дараа ярьдаг. Би ийм зүйл хийчихлээ, ийм зүйл бүтээлээ гэж ярьдаг. Ийм орчинд, ийм хүрээлэлд олон жил ажилласан учир ярихыг гол болгодоггүй, хийж бүтээхийг урьтал болгодог. Хийснийхээ дараа  ярихыг хүсдэг гэвэл өөрийгөө дөвийлгэсэн болчихгүй байгаа.­­­­­­­­­­­­­­­­­­­

-Тэгвэл өнгөрсөн хуга­цаанд хийсэн зүйлээсээ яриач. Гишүүн болоод жил өнгөрөх нь?

-УИХ-ын Эдийн засаг болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харъяалагддаг. УИХ-аар хэлэлцэж буй асуудлуудад нэлээд идэвхтэй ажил­лахыг зорьж байгаа.

Зарим хуулийг хэлэлцүү­лэгт бэлтгэх үүрэгтэй аж­лын хэсэгт орсон. Энэ нь иргэдэд хамгийн их хэрэг­цээтэй хуулийн төслүүд байгаа.

-Ямар хуу­лийн төсөл байна вэ. Та­ныг иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төсөл дээр ажиллаж байгаа  гэж сонссон?

-Иргэний эрүүл мэн­дийн даатгалын хуулийн төслийн ажлын хэсэгт ажил­­лаж байна. Энэ бол иргэдийн хамгийн их хүсэн хүлээж буй зүйл. Энэ хуулийг баталж гар­гах нь магадгүй энэ удаагийн УИХ-ын хийх хамгийн том түүхэн шийдвэрүүдийн нэг  болох байх. Эрүүл мэндийн үйлчил­гээ­ний чанар, хүртээмж, даатгалын байгууллагын тогтолцоо, иргэдэд тулгарч буй асуудалд иргэд сэтгэл дундуур явдаг. Эрүүл мэн­дийн даатгал бол иргэдийг санхүүгийн эрсдлээс хамгаа­лах үндсэн зорилготой тогтолцоо. Харам­салтай нь манай улсад ийм тогтолцоо болж чадаа­гүй. Харин эсрэгээр гэнэ­тийн өвчин зовлон тохио­ход хамаг хөрөнгөө за­раад, эсвэл насан туршдаа өр зээлэнд баригдаад дуусдаг эмгэнэлтэй хувь заяа бидний дунд нийтлэг тохиолддог. Ийм учраас ард иргэдээ эрсдэлээс авардаг эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгох ёстой.

Нийт эрүүл мэн­дийн даатгалын санд 120 орчим тэрбум төгрөгийн хураамж ордог

Даатгалд хамрагдсан хүн төлсөн даатгалынхаа хэрээр сэт­гэл­дээ хүрсэн үйлчилгээг авдаг тогтолцоо байх ёстой. Төрөөс даат­галыг нь даадаг хэсэг хүмүүс бий. Нийт эрүүл мэн­дийн даатгалын санд 120 орчим тэрбум төгрөгийн хураамж ордог. Түүний зөвхөн 12 тэрбумыг төрөөс төлдөг. Цаана нь 110 орчим тэр­бумыг хөдөлмөр эрхэлдэг хүмүүс өөрсдөө, мөн ажил олгогчоос төлж байна. Төрөөс даатгалыг нь төл­дөг хүмүүст нийт даатгалын мөнгөний 80-90 хувийг зориулдаг. Гэтэл даатгалын ихэнх хувийг бүрдүүлдэг хүмүүс нь  сэт­гэлдээ нийцсэн үйлчилгээ авч чаддаггүй. Шинжил­гээ өгөхөд л өөрөө мөнгө төлдөг, өндөр үнэтэй эм­чил­гээ оношлогоо хийл­гэхэд даатгалаараа хам­раг­даж чаддаггүй.

Зөвхөн ганц жишээ дурдахад эмнэл­гийн нийт зардлын 50 гаруй хувийг иргэд халааснаасаа төлдөг харамсалтай тогтол­цоотой болжээ. Эрүүл мэн­дийн даатгалаас төлөгдөх ёстой зардал болох шин­жилгээний мөнгө, эм тарианы мөнгө, эмчилгээ­ний мөнгө, мэс заслын төлбөр гээд бүгдийг иргэд төлж байгаа тохиолдолд иргэд маань яаж эрүүл мэндийн даатгалд итгэх вэ. Мэдээж хэрэг иргэ­дийн даатгалд хамрагдах сонирхол нь буурсаар л байх болно. Бид энэ хуу­лийг өөрчилж сайн хууль  болгон баталж чадвал олон жил ярьсан эмнэлэг, эм­нэл­гийн үйлчилгээ, эмч нарынхаа асуудлыг ч ший­дэж чадна.

 Хувьцаагаа зарцуулах эрхгүй эзэмшигч байгаад яах вэ

-Үнэт цаасны зах зээ­лийн тухай хуулийн төс­лийг парламент хэлэлцэж байна. Танд илүү ойрхон төсөл учир энэ талаар тодорхой тайлбарлаж өгөөч?

-Үнэт цаасны зах зээ­лийн тухай хуулийн төс­лийн ажлын хэсэгт орсон. Бусад хөгжиж дэвшсэн улс орны иргэдийн орлогын гол эх үүсвэр нь цалин, хадгаламжаас гад­на үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулж, хөрөнгө чинээгээ өсгөдөг. Монголын 2.8 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч болчих­сон чухал цаг үед энэ хуулийг хэлэлцэж байна. Гэтэл та бид бүгдээрээ “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч мөртлөө 1072 ширхэг хувьцаа­ныхаа үнэ цэнийг ч мэддэггүй тийм л хувьцаа эзэмшигчид болж байна шүү дээ.

“Эрдэнэс Таван­толгой” компанийн сан­хүүгийн тоо, ашигт ажил­лагаа, үйл ажиллагааны зардал, энэ компанийн үнэ цэнийг ч мэддэггүй. Ийм хувьцаа эзэмшигч байна гэдэг утгагүй зүйл. Эзэмшиж байгаа хувь­цаагаа захиран зарцуулах эрхгүй, хувьцаа эзэмшиж байгаа компанийхаа удирд­лагад төлөөллөө та­вих эрхгүй хувьцаа эзэм­шигч байгаад яахав. Ийм битүү хатуу ойл­гомж­гүй байдлаас болоод өмнөх ягаан, цэнхэр та­салбар мэт болох вий гэсэн хардлага дахин цухал­захаас өөр яах билээ.

-Бид хувьцаатай бол­сон гэдэг ч захиран зар­цуулах эрх нь нээгдээгүй байгаа шүү дээ?

-Энэ асуудлыг нэг мөр болгох ёстой гэдэг үүднээс би энэ төсөлд илүү ажиллаж байна. Учир нь Монголын нийт хүн амын амьдралд шууд хамаатай сайн хууль гаргаж чадвал бизнесийн орчин сайжир­на, ажлын байр ч нэмэг­дэнэ. Нийт иргэдийн банкин дахь хадгаламж 5,7 их наяд орчим төгрөг байдаг. Хүмүүс мөнгөө өсгөнө гэхээр зөвхөн хадгалуулдаг. Үүнээс өөр сонголт одоохондоо алга. Иргэд эдийн засгийн өсөлтийг шууд хүртэх санхүүгийн боломж нь үнэт цаасны зах зээл учраас энэ боломжийг ард иргэддээ тэгш хүртээе гэвэл энэ зах зээлээ сон­годог утгаар нь хөгжүүл­мээр байна. Хамгийн ойрын нэг тоо баримтыг дурдахад эдийн засгийн өсөлтийг бүрдүүлж байгаа топ 200 компани ердөө 400 орчим гэр бүлийн эзэм­шилд байна. Ийм өсөлттэй улс орны эдийн засгийн хөгжлийг тодорхойлж бай­гаа үндэсний компаниуд хувьцаагаа бирж дээр гар­гаж, банкны өндөр хүүтэй зээлээс өөр урт хугацааны санхүүгийн эх үүсвэр та­тах, нөгөө талаасаа ард иргэд үндэсний компа­ниу­дынхаа хувьцааг эзэм­ших боломжийг цаг алдал­гүй бүрдүүлэхгүй бол ний­эмд баян хоосны ялгаа улам гүнзгийрэх бодит  эрсдэл үүсээд байна.

-Тэгвэл төрийн өмчит ком­паниудаа яах естой вэ?
“Эрдэнэт”, МИАТ, “Эрдэнэс Таван­толгой” гэх мэт томоохон компаниудын захирал хэдэн төгрөгийн цалин авдаг, ямар хангамжтай байдгийг иргэд бид мэдэх естой.

-Ер нь цаашдаа тө­рийн өмчит компани ул­сын үйлдвэрүүдээ нээлт­тэй компани болгож ард иргэд маань үнэ цэнэтэй компаниудынхаа хувьцаа эзэмшигч болох болом­жийг нь нээх ёстой. Энэ нь иргэдэд ашигтай, бас төрдөө ч ашигтай.Төрийн өмч бол Монголын ард түмний өмч. Эдгээр өмч дан ганц төрийн өмчийн хороо гэсэн хэдэн нөхдийн гарт биш ард түмний хараа хяналтад байх ёстой.  Ту­хайлбал, “Эрдэнэт”, МИАТ, “Эрдэнэс Таван­толгой” гэх мэт томоохон компаниудын захирал хэдэн төгрөгийн цалин авдаг, ямар хангамжтай байдгийг иргэд бид мэдэж байх естой. Улсын өмчит компаниудын тайлан баланс ард иргэдэд ил тод байх ёстой. Үүнийг хийх арга нь компанийг  нээлт­тэй олон нийтийн болгох. Тиймээс энэ хуулийг да­руйхан баталж гаргах ёс­той. УИХ-ын гишүүн болохдоо цөөн хэдэн хуулийг өөр­чилье, үүнд гар бие заавал оролцох ёстой гэсэн хүсэл зорилго надад байсан.

-Цөөн гэнэ ээ. Ямар хуулиуд вэ?

-Цөөн ч гэсэн иргэдэд маш их хамаатай, тэдэнд тулгамдсан асуудлыг ший­дэх хуулиуд байгаа. Нэгдүгээрт, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэх.  Бидний амьдралд үргэлж тулгамддаг амин чухал асуудлын нэг яах аргагүй мөн. Засгийн газар, бас зарим  УИХ-ын гишүү­дийн өргөн барьсан гурван хуулийн төслийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх аж­лын хэсэгт орж ажил­лаж байна. Тэгэхээр энэ хуульд өөрийн санаа бод­лоо тусгах сайхан бо­ломж бүрдлээ. Хоёр­дугаарт, Хү­ний хөгжил сангийн хуульд өөрчлөлт оруу­лах­гүй бол бүрхэг болсон байгаа л даа. Улс орны хөгжлийн  амь тариа нь болдог Баялгийн сантай бас Баялгийн сангийн хуультай болох ёстой. Ард иргэддээ захиран зарцуу­лах эрхгүй, компанийн за­саглалд нь төлөөллөө хэ­рэгжүүлэх боломжгүй хувь­цаа гэдэг үнэ цэнэгүй эрээн цаас тарааж бо­лохгүй.

Саяхан УИХ дээр танилцуулсан статис­тикийн мэдээллээр манай хүн амын 98 хувь нь ямар нэг халамжинд хамрагд­жээ. Энэ бол маш их сэт­гэл эмзэглүүлсэн баримт. Манай төр үндсэндээ ха­лам­жийн төр болжээ. Ийм хэт хавтгайрсан халам­жийн бодлого явуулсан улс гүрнүүд мөхдөг аймшиг­тай, эмгэнэлтэй гашуун хувь заяа олон бий. Тийм учраас бид байгалийн баял­гаа зөв удирдаж, зөв бодлого явуулахад баял­гийн сангийн зөв удирд­лага бидэнд үгүйлэгдэж байгаа учраас Баялгийн сангийн хууль заавал хэрэгтэй. Гуравдугаарт, Нийгмийн даатгалын бо­лон тэтгэврийн даатгалын тухай хуулийг өөрчлөх нийгмийн хэрэгцээ шаард­лага байна. Нэрийн дансандаа мөнгө байр­шуулдаг ч өнөөдөр бидний нэрийн дансанд мөнгө алга. Засгийн газар нь Нийгмийн даатгалын санд таван их наяд төгрө­гийн өртэй. Тэгэхээр цаа­шид нэрийн дансыг мөн­гөжүүлж иргэдийг ирээдүйд санхүүгийн эрсдлээс хамгаалах ёстой. Гадаа­дын олонх оронд иргэд нь тэтгэвэрт гарахдаа орло­гын гурван эх үүсвэртэй байдаг.

Нийгмийн даатгалын тогтолцоог олон тэтгэврийн тогтолцоонд  шилжүүлэх ёстой

-Тухайлбал, ямар эх үүсвэр байдаг вэ. Гадаа­дын ямар туршлага байна вэ?

Шинэ хуулиар бол 1960 онд төрсөн хүмүүс удахгүй тэтгэвэрт гарч эхэлнэ. Гэвч нэрийн дансанд нь мөнгө алга.

-Тэтгэвэр, хадгаламж, хувийн тэтгэврийн санд тодорхой хэмжээний мөн­гө хийж хуримтлуулсан байдаг. Гэтэл манай улсад зөвхөн нийгмийн даатга­лын ганцхан тогтолцоо бий. Цаашид хувийн тэт­гэврийн даатгалын тог­толцоог бий болгох ёстой. Шинэ хуулиар бол 1960 онд төрсөн хүмүүс удахгүй тэтгэвэрт гарч эхэлнэ. Гэвч нэрийн дансанд нь мөнгө алга. Иймд нийг­мийн даатгалын тогтол­цоог олон тэтгэврийн тог­толцоонд  шилжүүлэх ёс­той.  Өсдөггүй бас үрж­дэггүй, дансандаа мөнгө­гүй ийм тэтгэвэрийн сан байж болохгүй. Ху­виараа хөдөлмөр эрхэлж байгаа болон малчид маань нийгмийн даатга­лын гадна хаягдаж үлд­сэн байна.

Албан бус секторт ажиллаж байгаа 400 мянган хүний ирээдүй маш бүрхэг, тэтгэврийн насанд хүрээд шууд ядууралд өртөх бодит аюул нүүрлэж байна. Үүнийг даруй шийдвэрлэх ёстой.Тэтгэврийн олон төрлийн санг бий болгох эрх зүйн орчинг нь бий болгох цаг нь болсон. Дөрөвдүгээрт, Газрын харил­цааны тухайн хуулийг өөрчлөх. Газар бол өмч. Газартай хүн үл хөдлөх хөрөнгөтөй гэсэн ойлголт байх ёстой. Иргэдийнхээ энэ өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, ахуй амьдралаа дээшлүүлэх эх үүсвэр болгох ёстой. Газ­раа хувьчилж авч ахуй амьдралаа дээшлүүлэх энэ бололцоо,  бас ийм эрх манай 2.8 сая иргэнд байгаа гээд л сайхан яриад байдаг. Тэгвэл энэ эрхээ, энэ бололцоогоо хэдэн хүн хүртэж байна гэвэл  чамлалтай тоо гарч байна Хууль гараад 20 гаруй жил болж байгаа ч бүх иргэн газраа өмчилж авч чадаагүй. Хүн амын 10 хүрэхгүй хувь нь газар хувьчилж авсан байна.

Цаана нь 90 хувь нь хувьчилж авах эрхтэй ч боломжгүй байна. Газар хувьчлуулах, эзэмшүүлэх, өмчлүүлж буй явц нэлээд удааширсан байна. Хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд бэлчээ­рийг газрыг цаашид ашиг­луулах, эзэмшүүлэх ха­рил­цааг тодорхой болгоход онцгойлон анхаарна. Ца­гаа хүлээсэн энэ асууд­лаар УИХ шийд­вэр гаргах ёстой гэж бод­дог Тавдугаарт, татварын орчингоо тогтвортой бол­гох бас энгийн ойл­гомж­той болгомоор байна. То­моохон хөрөнгө оруулалт хийж байгаа үндэсний томоохон компаниуд­тай­гаа салбар харгалзахгүй татварын тогтвортой байдлын гэрээг хийдэг, жижиг бизнес эрхлэдэг компаниуд заавал тайлан баланс тушаадаггүй то­дорхой орлогынхоо төв­шингээр тогтмол татвар төлөөд явдаг тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай. Мөн хөдөө орон нутагт хөрөнгө оруулалт хийж ,ажлын байр бий болгож байгаа компаниуддаа тат­варын хөнгөлөлт үзүүлдэг болмоор байна. Аж ахуйн нэгжийг том, жижиг гэж ялгахгүйгээр 10 хувийн нэмүү өртгийн татварыг өөрчилж, 3-5 хувийн ху­далдааны татварын тог­толцоонд шилжмээр байна.

-2014-2016 оны төс­вийн хүрээний мэдэгдлийн төслийг УИХ хэлэлцэж байна. Ирэх гурван жилд тойрогтоо шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг тусгуулж чадсан уу?

-УИХ-аар 2014-2016 оны хөрөнгө оруулалтыг нэг мөсөн батлах гэж бай­на. Иргэдээсээ санал ав­сан. Өнгөрсөн Их хурал, хамтарсан Засгийн газрын хийсэн хамгийн том түүхэн шийдвэрийн нэг бол Орон нутгийн хөгж­лийн санг бий болгосон явдал. Орон нутагт төсвийн эрх мэдлийг өг­сөн. Өмнө нь Их хурлын гишүүн очихоор иргэд худаг, сургуулийн засвар, дусаал гоождог дээвэр, хагарсан цонх ярьдаг байсан. Одоо орон нутгийн хөгжлийн санд мөнгө хуваарилагдаж очсон. Ту­хайн сумын хүн амын тооноос хамаарч дунджаар 250-500 сая төгрөгийн санхүүжилт очиж байна. Энэ бол их хэмжээний хөрөнгө оруулалт.

Иргэд өөрсдөө хөрөнгө оруу­лал­таа хэлэлцэж, юунд зар­цуулахаа шийддэг  болсон нь маш том ололт. Тэгэхээр би гэхээсээ илүү Хөвс­гөлийн ард түмэн 2016 он хүртэл ийм хөрөнгө оруу­лалт манай аймаг сумдад хэрэгтэй гэдгээ өөрсдөө тодорхойлсон. Одоо энэ хөрөнгө оруулалтын жаг­саалтаа ямар эх үүсвэрээр, хэзээ яаж санхүүжүүлэх вэ гэдгээ л УИХ цаг ал­далгүй шийдвэрлэх ёстой. Би УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Хөвс­гөл аймгийнхаа дэд бүтцийг хөгжүүлэхэд нэ­лээд оролцоотой ажил­ласан хүний нэг гэж хэлэх эрхтэй гэж өөрийгөө бод­дог. Манай компани 2006 онд 5.8 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлөөр Хөвсгөл аймгаа эрчим хүчний сүлжээнд холбо­сон.

 -Манай компани гэж МСS-ийг хэлж байна уу?

Манай компани 2006 онд 5.8 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлөөр Хөвсгөл аймгаа эрчим хүчний сүлжээнд холбо­сон.

-Тийм. Хөвсгөлийг эр­чим хүчтэй холбосноор бүх сумд маань  цахилгаантай болсон. Би гишүүн боло­хоосоо өмнө Ерөнхий сай­дын хөдөөгийн хөгжил, дэд бүтэц хариуцсан зөв­лөхөөр ажиллаж байсан. Зөвлөхөөр ажилласан зургаан сарын хугацаанд олон жил ярьж байсан Булган-Мөрөнгийн чиг­лэлийн хатуу хучилттай замыг Мөрөнгөөс Улаан­баатар руу эхлүүлэх шийд­вэрийг Засгийн газраар гаргуулж, ажлын нь эх­лүүлж байсан. Энэ жил зам маань Мөрөн- Тосонцэнгэл-Тариалан гээд үргэлжлэх юм. Ажил цаг хугацаандаа амжибал энэ ондоо багтаад  аймгийн төв  хатуу хучилтай за­маар Улаанбаатартай  хол­богдох боломж бүрдэнэ.

Хөвсгөлийн бүх баг гар утасны сүлжээтэй болно

-Эрчим хүч гэснээс Хөвсгөлийн бүх сум шилэн кабельд холбогдсон юм билээ. Таны санаачилга мөн үү?

-Би мэдээлэл техноло­гийн салбарт ажиллаж байсны хувьд аймгийнхаа ихэнх сумыг шилэн кабельтай холбосон. Бүх суманд Юнителын сүлжээ оруулсан. “Цахим Хөвс­гөл” гэсэн хөтөлбөр са­наачлан хэрэгжүүлж бай­гаа. Манай аймаг хөдөө­гийн 88 багтай. Эдгээр бүх багт гар утасны сүлжээ оруулахаар ажиллаж байна. “Цахим Хөвсгөл” хөтөлбөр ирэх гурван жил үргэлжилнэ.

-Хөдөөд зөвхөн Юни­телын сүлжээ барих уу?

-Үгүй. Шилэн кабелиа дагаад бүх сүлжээ орох боломжтой. Хүмүүст сонголт өгөх ёстой. Зөвхөн Юнител биш. Ирэх он гэхэд аймгийн хэмжээнд гар утасны сүлжээгүй газар байхгүй болно. Бүх сум, томоохон багуудад үүрэн холбооны сүлжээ оруулсан, олон сумдаа шилэн кабелиар холбосон гэх мэт. Гэхдээ үүнийг зөвхөн төрийн мөнгөөр биш хувийн компанийн­хаа хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж байсан.

-Таныг УИХ-ын ги­шүү­ний цалингаараа нут­гийнхаа оюутнуудыг дэмждэг гэж дуулсан?

-Гишүүний ца­лин­гаа­раа оюутны сан байгуул­сан. Цалингүй ажилладаг гишүүн гэж болно. Жил бүр 100 оюутныг сангаа­саа санхүүжүүлдэг. Гэх­дээ нөхцөлтэй. Нэг айлаас олон оюутан сурдаг, сур­лагын амжилттай, бүтэн өнчин оюутнуудыг дэмж­дэг. Мөн тухайн оюутан буцаж очоод орон нутагтаа ажиллах, тэнд хэрэгтэй мэргэжлээр суралцаж байгаа эсэхийг үндэслэн тэтгэлэг олгодог юм.

-Улс төрд бизнесмэ­нүүд олноор орж ирлээ гэдэг. Тэр бүлэгт та орно. Парламентад таны ашиг сонирхол бий юү?

-Улс төрд бизне­сийнхэн улам олон орж ирээсэй гэж боддог.

-Яагаад?

Улс төрд бизне­сийнхэн улам олон орж ирээсэй гэж боддог.

-Бидний сонгож авсан нийгэм маань зах зээлийн нийгэм учраас хүссэн, хүсээгүй хувийн хэвшилд тулгуурлаж байна. Дотоодын нийт бүтээг­дэхүүний 80 орчим хувийг хувийн хэвшлийнхэн бүтээж байна. Сүүлийн үед хувийн хэвшлийнхэн, баялаг бүтээж байгаа хү­мүү­сийг нийгэмд хүлээн зөвшөөрөхөөс илүү сөрөг тал  давамгайлах гээд бай­на. Бас сүүлийн үед төр бүх бизнес рүү оролцох хандлага анзаарагдах бол­лоо. Хувийн хэвшлийнх­ний хийж чадах салбар руу төр оролцох нь буруу.

Энэ буруу ойлголтыг засч зал­руулах ёстой. Үүнд хувийн хэвшилд ажиллаж байсан гишүүд их үүрэг  гүйцэтгэх ёстой. Наад захын жишээ гэхэд аймаг, сумын төвд худалдааны захыг хувийн хэвш­лийн­хэн л барих ёстой. Төр гүйж ороод байж болохгүй. Бид төрийн капитализм хөгжих хөрсийг бэлдэж болохгүй. Манай улс эдийн засгийн хөгжлийн чухал цаг үедээ явж байна. Бидэнд эдийн засгийн зөв урт хугацааны тортвортой бодлого хэрэгтэй. Ийм хариуцлагатай цаг үед бизнесийнхэн болон хувийн хэвшлийнхэний дуу хоолой, бодит оролцоо хөгжлийн зөв бодлого боловсруулахад зайлшгүй үгүйлэгдэж байна.

-Хувийн бизнестээ ашигтай хуулийн төсөл санаачилдаг гэж харддаг шүү дээ?

-Би тэгж  боддоггүй. Бид тангараг өргөсөн ги­шүүд шүү дээ. Эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавина гэж тангараг өр­гөсөн. Тиймээс өөрийн эрх ашиг бол эрэмбэ дарааллын хамгийн сүүлд байх учиртай.

-Танай нам парламен­тад цөөнх байх үед та гишүүн боллоо. Ажиллахад төвөгтэй байна уу?

-Үгүй. Монгол Улсад хууль санаачлах 78 субъект бий. Тэдний нэг нь гэдэг бол маш том эрх мэдэл. Нам сөрөг хүчин байгаадаа гол нь биш УИХ-аар баталж буй хууль тогтоомжуудад өөрийн дуу хоолойгоо оруулах, иргэ­дийн өмнө тулгамдаж буй асуудлуудад оролцож байгаа нь эрх баригч эсвэл сөрөг хүчний гишүүн байх нь хамаагүй.

-Сөрөг хүчин хүчгүй, хурдгүй байна гэсэн шүүмж­лэл бий. Саяхан л гэхэд Өвөрхангайн хоёр суудлаа алдлаа. МАН-ын бүлэг юу ч хийж чадаагүй?

-Ардын намынхнаас өө харахаас илүү эрх ба­ригч хүчнээс харах учир­тай. Эрх баригчид сөрөг хүчний ажиллах нөхцөл бололцоог хуулиар хангаж өгөх ёстой. Бүлэг бай­гуулж, байнгын хороонд ажиллуулах ёстой. Манай бүлгийн гишүүд нэг, хоёр байнгын хороонд, зарим нь нэг ч байнгын хороонд харъяалагдаж чадахгүй байна. Ардын намын нэг гишүүн байнгын хороонд ажиллаж чадаагүйдээ хо­хирохгүй. Цаана нь түүнийг сонгосон олон мянган хүний эрх ашиг хөндөгдөж байна. Ардын намын биш ард түмний эрх ашигт халдаж байгаа хэрэг гэдгийг эрх баригчид ухаарах ёстой.

Би мөнгөө хадгаламжинд хийдэггүй

-Та МСS-ийн ажилд оролцдог уу?

МСS группийн тэтгэлэгт оюутнууд

-Хуулиар оролцож бо­лохгүй. Гэхдээ хувьцаа эзэмшигч, үүсгэн бай­гуулагчийн нэг учир хуу­лиар тогтоосон хэм хэм­жээнд оролцдог.

-Тэнд хэдэн хувь эзэмшдэг юм бэ?

-Хуулийн дагуу орло­гын мэдүүлэгтээ бүх хөрөнгө орлогоо уг нь мэ­дүүлсэн дээ.

-Таны хөрөнгийн хэм­жээг зах зээлийн үнэл­гээнд шилжүүлбэл ямар үнэлгээтэй гэж та боддог вэ?

-Энэ их чухал уу?

-Тийм.

-Хөрөнгийн зах зээ­лийн үнэлгээ үргэлж хөдөлж байдаг. Жишээ нь Хонконгийн бирж дээр ММС хувьцаа анх нэг долларын үнэлгээтэй гарч байсан бол өнөөдөр 30 цент болоод уначихлаа. Ийм болохоор эзэмшиж буй хувьцаа болон компанийн үнэлгээ байнга хөдөлж байдаг нь зах зээлийн жам.

-Олон хүн биз­несийнх­нээс нэг зүйлийг их со­нирх­дог. Яаж баян болсон, мөнгөө хаана хадгалдаг бол гээд л?

-Баян ч юу байхав дээ. Бизнес хийж л амьдарсан. Би мөнгөө хадгаламжинд хийдэггүй. Дандаа биз­нест оруулдаг. Хөрөнгө оруулалтад хийдэг.  Мэ­дээллийн технологи, Ха­рилцаа холбооны чиглэ­лийн бизнест олон жил цагаа зарсан. Олон аймаг, сумдыг үүрэн холбооны сүлжээ болон шилэн кабельд холбох, хэдхэн жилийн өмнө л бид ин­тернетээ гадаадаас санса­рын сүлжээгээр дамжуулж маш өндөр үнээр авдаг байсныг шилэн кабелиар дамжуулж авах болсноор интернетийн үнийг 20-30 дахин буулгаж чадсан, “Нэг өрх нэг компьютер” хөтөлбөр гэх мэт мэдээлэл технологийг тансаг хэрэгцээ биш монгол хүн бүрийн өрхийн хэрэглээ болгоход хувь нэмрээ оруулж байсныг манай мэдээлэл холбооны салбарынхан маань мэдэх байх.

-Гишүүний ажлаас бусад цаг хугацааг юунд зориулдаг вэ?

-Уран зургийн хувийн жижиг галерей бий. Уран зургийн сайхан үзэсгэлэн бүрийг хоцрохгүй үзчих хүсэлтэй. Зураг цуглуул­даг хэд  хэдэн хүн бий. Тэд бол үндэсний урлаг соёлоо аварч хамгаалж байгаа эх оронч хүмүүс гэж би бод­дог. Уран зурагт дуртай сонирхолдоо хөтлөгдөж “Монголын дүрслэх ур­лагийн түүх” гэсэн ном бичиж байгаа. Америкийн эрдэмтэдтэй хамтран хийж байгаа юм. Ирэх намар хэвлэгдэнэ.

Хааяа ном уншина, бас ууланд алхана. С.Бямбацогт гишүүн болон хэдэн нөхдийн хамтаар “Хөгжлийн хөтөч” клуб байгуулж, “Нордик загвар”, “Капитализмын тухай танд хэлдэггүй 23 зүйл” зэрэг номыг ор­чуулан гаргахад хувь нэм­рээ орууллаа. Цаашдаа хөгжсөн улс орнуудын хөгжлийн нууц нь юунд байв, ямар загвараар хөгж­сөн тухай цуврал номууд гаргахаар ажиллаж бай­гаа. Сүүлийн үед “Хөвс­гөлийн хүчтэн” дэвжээ­ний бөхчүүдтэйгээ ам­ралтын өдөр Богд ууланд алхаж байна. Сайхан амралт болдог юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.