Д.Дамба: Манай улстөрчид мэдрэмжгүй байна
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба
2013.09.04

Д.Дамба: Манай улстөрчид мэдрэмжгүй байна

Уул уурхайн үндэсний ассоциацийн захирал Д.Дамбатай уулзаж ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулганаар уул уурхайн салбартай холбоотой хэд хэдэн  хуульд өөрчлөлт оруулахаар болсон.  Зарим хүмүүс нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих вий гэж эмээж байгаа?

-Гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн долдугаар сард 80 хувиар буурсан мэдээлэл байна лээ.  Эдийн засгаа ийм байдалд оруулсныхаа дараа ухаарч байгаа нь харамсалтай. Гэхдээ алдаагаа олж хараад засахаар оролдож буй нь сайн хэрэг. Гох дэгээ болсон хуулиудаа өөрчлөхгүй бол Монгол Улс хичнээн их баялагтай байгаад хоосон хоноход хүрнэ. 

Өнгөрсөн 2012 оны тавдугаар сард баталсан нөгөө айхтар хуулийг өөрчилж, “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн төсөл Эдийн засгийн хөгжлийн яам боловсруулж байгаа юм билээ. Хуулийн төслийг олж харсан манай салбарынхан “боломжийн” гэсэн үнэлгээг өгч байгаа. Тиймээс нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих хэмжээнд хүрэхгүй байх гэж найдаж байна. 

Шинээр боловсруулж байгаа хуулийн төсөлд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч гэж ялгахгүй, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаараад тогтвортой байдлын гэрээг хэр хугацаагаар сунгах вэ гэдгээ шийдээд явах бололтой юм билээ.  Тогтвортой байдлын гэрээг ямархуу нөхцөлтэйгөөр батлах нь  хөрөнгө оруулагчдад  маш чухал байдаг. 

Ер нь сэтгэлийн хөөрлөөр олон нийтэд таалагдах гэж хууль батлах нь осолтой, эргээд  иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлдөг юм байна гэдгийг манай хууль батлагчид бага зэрэг ойлгож авсан болов уу. Алийн болгон алдаатай хууль батлаад, эдийн засгаараа хохирсны дараа алдаагаа ухаарах ёстой гэж. Хуулийг  амьдрал дээр үндэслэж гаргадаг болохоос хэн нэгэнд таалагдахын тулд гаргадаг юм биш л дээ.

-Ашигт малтмалын тухай хууль намрын чуулганаар батлагдаж чадах болов уу?

-Анхны боловсруулсан төсөл нь маш түүхий, уул уурхайн салбарынхан битгий хэл иргэний нийгмийнхэн маш муу хуулийн төсөл болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ямар ч байсан энэ хуулийг эргүүлсэн татсан, ажлын хэсэг байгуулсан байгаа.

Манай ассоциацийн зүгээс саналаа хүргүүлсэн. Бас Төрөөс баримтлах эрдэс баялгийн бодлогод ч саналаа хүргүүлээд байна. Намрын чуулганаар эхлээд Төрөөс баримтлах эрдэс баялгийн бодлогоо хэлэлцэх байх гэсэн хүлээлттэй байгаа. Бодлогоо тодорхой болгосны дараа хуулиа гаргах болов уу.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ч гэсэн Монголын төр ашигт малтмалын салбарт ямар бодлого баримтлах вэ, “Ашигт малтмалын тухай хууль”-ийг яаж батлах вэ гэдгийг харзнаж байгаа нь үнэн. Ашигт малтмалын тухай хуулиас гадна Цөмийн энергийн тухай хуулийг ч нэн түрүүнд өөрчлөх хэрэгтэй. Наадмаар далимдуулаад хэдэн нөхдүүд гурилдаад өнгөрсөн хууль шүү дээ.

-“Эрдэнэс Оюутолгой”-н удирдлагууд РиоТинтотой уулзахаар удахгүй Лондон явах мэдээлэл байгаа. Энд болж байгаа үйл явдлыг тэнд очиж ярилцах хэрэг  байна уу?

-Байлгүй яахав. “Эрдэнэс Оюутолгой” хувь нийлүүлэгч нэг компани. “РиоТинто” нөгөөх нь. Хоёр хүн хамтраад хийж байгаа бизнесийнхээ бэрхшээл, цаашдын хөрөнгө оруулалтын талаар ярих нь зүйн хэрэг биз дээ. Түүнээс эмээлийн хоёр бүүрэг шиг хоёр тийшээ харчихаад бие бие рүүгээ цэхэлзээд суугаад байвал ажил явахгүй. Харин ч хувь нийлүүлэгчид хоорондоо уулзаж асуудлаа ярих гэж байгаа нь сайн хэрэг.

Оюутолгойн ил уурхай нь далд уурхайнхаа дэргэд нөөцөөрөө ч, эдийн засгийн үр өгөөжөөрөө ч жижигхэн.

Да.Ганболд “Ямар танилцах гэж очиж байгаа биш. Ярих юмтай, тооцоо судалгаатай, тоо баримтаа сайн харж, судалж байгаад уулзана” гэж байна лээ. Зөв шүү дээ.Ажил нь сайжрах ёстой, учраа ололцох хэрэгтэй. Түүнээс буруу зөрүү захидал Засгийн газрын өмнөөс бичээд, хувь нийлүүлэгчээ айлгаад байж болохгүй биз дээ.

Чи нэг найзтайгаа бизнес хийхээр болтол нөгөөх нь цагдаагаар чамайг дарамтлуулна гэх ухааны захиа бичээд байвал ямар санагдах уу. Миний хувьд хувь нийлүүлэгчид уулзаад юун дээрээ алдав, хоёр дахь хөрөнгө оруулалтынхаа эх үүсвэрийг яаж гаргах вэ гэдгээ зохицуулах ёстой гэж бодож байна.

Оюутолгойн төслийг явуулахгүй бол манай эдийн засаг улам дордоно. Хамаг гол нөөцөө далд уурхайгаар олборлох болохоор яаж ийж байгаад төслийг урагшлуулах нь зүйтэй. Ил уурхай нь далд уурхайнхаа дэргэд нөөцөөрөө ч, эдийн засгийн үр өгөөжөөрөө ч жижигхэн.

-Урт нэртэй хуулийг ч бас өөрчлөхөөр ярьж байгаа. Үүнээс болж Монголын эдийн засаг асар их хохирол амслаа шүү дээ?

-Энэ хууль эхнээсээ л бүтэхгүй гэдэг нь тодорхой байсан даа. Манай дархан аварга мэтийн улстөрчид уул уурхайнхны үгийг сонсоогүй болохоос. Үүнээс болоод эдийн засаг асар их алдагдалд орсон. Монголбанкинд алт тушаадаг хүнгүй болсон. Татвар төлдөг компаниуд олноороо үүдээ хаалгасан.  Харин “нинжа” нар л хожсон байх.

Тэд компаниудын эзэнгүй талбайгаас алт ухаж аваад хууль бусаар зарсан, хөлжсөн ч байх. Үүний хор уршгийг дөрвөн жилийн дараа л ойлгож байна. Ахиад л нөгөө хэн нэгэнд таалагдах гэсэн хууль шүү дээ. Энэ хугацаанд Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ багасч, хар захаар л урсаад өнгөрдөг болсон. Үүнд хэн хохирсон гээч ард түмэн.

Улстөрчид ямар ч хохирол амсаагүй, хариуцлага үүрээгүй. Эдийн засаг хүндрээд валютын ханш тогтворгүй болоод ирнэ гэдэг эцсийн бүлэгт иргэд хохирлыг нь амсдаг юм.  Манай улстөрчдийн ийм л мэдрэмжгүй байна. Улстөрч хүн уг нь мэдрэмжтэй, судалгаатай, тооцоотой, хариуцлагатай байх ёстой.

Өнөөдөр валютын ханш савалгаатай байгаа нь энэ хуулийн гажуудлаас болсон. Монголбанкинд тушаадаг алтны нөөц багассантай холбоотой шүү дээ.  Банкиндаа алтны нөөцгүй улс орны мөнгөн тэмдэгт зүгээр л цаас болчихдог юм. Засгийн газар гэхээсээ илүү УИХ-ын гаргасан хууль эдийн засагт асар их хохирол дагуулдаг. Үүнийг олон ч хуулиуд нотолж байна.

-Манай нүүрсний экспортын орлого буурлаа. Тавь ч хүрэхгүй доллараар бид нүүрсээ борлуулж байна?

-Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ уналттай байгаа. Ер нь зах зээл дэх үнэ байнгын өсөлттэй,эсвэл уналттай байхгүй тодорхой.Эдийн засаг үргэлж эргэж хөрвөж байдаг. Эрэлт нийлүүлэлтээсээ шалтгаална. Монголын нүүрсний ганц том худалдан авагч нь Хятад. Гэтэл Хятад улсын худалдан авалт буурлаа. Үүнийг дагаад манайд орж ирэх ашиг нь мэдээж багасна.

Засгийн газар гэхээсээ илүү УИХ-ын гаргасан хууль эдийн засагт асар их хохирол дагуулдаг.

Дээрээс нь Монголын УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүд орлого орох сувгуудыг хаачихсан.  Гэхдээ Монгол Улсад алдагдлаа багасгаж, зардлаа хэмнэх боломж байна. Нүүрс нь стратегийн ашигт малтмал гэдэг нь тодорхой болчихлоо шүү дээ. Үүнийгээ тодорхойлоод энэ чиглэлээр бодлогоо гаргах хэрэгтэй.  Татвараа багасгах ёстой.

Хилийн шалган нэвтрүүлэх чадамжаа сайжруулж, тээвэрлэлт, дэд бүтцийнхээ асуудлыг хурдан шийдмээр байна. Эдийн засаг хэнийг ч хүлээдэггүй, улстөрчдийн хэрүүлийг сонсоод суугаад байдаг юм биш. Тиймээс шинэ төмөр замынхаа ажлыг эрчимжүүлмээр байна. Харин олзуурхууштай нь хилийн хоёр боомтыг нарийн царигтай төмөр замд холбох шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

-Нүүрсээ түүхийгээр нь зарснаас боловсруулаад гадагшаа гаргавал илүү ашигтай юм биш үү?

-Хятадууд Монголоос угаасан нүүрс авахгүй гэсэн бодлого баримталж байна. Энэ нь өөрсдийнхөө хүмүүсийг орлоготой, ажилтай байлгах гэсэн нарийн ухаан байх. Манайхаас угаасан нүүрс авбал, хүмүүс нь ажилгүй болно шүү дээ. Хятадууд Монголын хилтэй ойрхон нүүрс угаах цөөнгүй үйлдвэр барьсан.

Манайхаас түүхий нүүрс аваад угаах бодлоготойгоор шүү дээ. Тэгэхээр Монгол нүүрсээ угаагаад, боловсруулаад эхэлбэл хятадуудад зарах боломжгүй болно. Хятад дэлхийн олон орны нүүрсний том зах зээл нь болоод байна. Тиймээс өрсөлдөөн дунд амьд үлдэх нь чухал. Монгол нүүрсээ борлуулах боломжоо бусдад алдахгүй байхын төлөө тэмцэх ёстой. 

Нөгөө талаар хятадууд манайхаас угаасан нүүрс авбал татвар нь маш өндөр байдаг гэсэн. Тийм болохоор түүхий нүүрснийхээ олборлолтыг яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.   Харин зэс, төмрийн хүдрийн хувьд арай өөр л дөө. Угааж, боловсруулж  нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргавал илүү ашигтай.

-Зарим хүмүүс хятадуудад нүүрсээ хямдхан зарах шаардлагагүй гэдэг. Та юу гэж бодож байна?

Хятадууд Монголоос угаасан нүүрс авахгүй гэсэн бодлого баримталж байна.

-Манай нүүрсийг хятадуудаас өөр хэн худалдаж авах билээ. Харин Хятадын зах зээл дэх байраа хадгалж үлдэх нь чухал болоод байна шүү дээ. Хятадад нүүрс экспортлох сонирхолтой орнууд нэмэгдсээр байгаа. ОХУ гэхэд Хятад рүү нүүрсээ экспортлох, үүний тулд манайхаар дамжих төмөр замын асуудлыг яриад явж байна.

Бид өрсөлдөгчдөө боломж олгож, зах зээлээсээ шахагдахгүйн тулд нарийн бодлоготой байх ёстой. Энэ мэт асуудал дээр стратегийн бодлогоо хэрэгжүүлэх ёстой юм. Түүнээс нэг жижигхэн шороон ордыг стратегид тооцоогүй гээд үүдийг нь хаах,

эсвэл нэг гайгүй нөөцтэй ордыг стратегид орсон гээд төр мэдэлдээ шилжүүлэхийг стратегийн бодлого гэдэггүй байх.  Тэртээ тэргүй Монгол Улс зэс, нүүрсээрээ амьдралаа залгуулах нь тодорхой шүү дээ. Монголд нүүрснээс их юм алга. Нүүрсээ зарахгүйгээр хөгжих боломж ч алга байна.

-Монгол Улс хүрэн нүүрсээ экспортолж болдоггүй юм уу. Хүрэн нүүрсний нөөц манай хангалттай бий шүү дээ?

-Хятад эрчим хүчний нүүрсээ Өвөрмонголоос авдаг. Өвөрмонголын нутагт эрчим хүчний нүүрсний нөөц асар их бий.  Харин үүнийхээ оронд хүрэн нүүрсээ эрчим хүч болгоод урд хойд хөрш рүү экспортолбол ашигтай. Экспортлохоо байг гэхэд эрчим хүч гаднаас импортлохгүй  байх нь чухал.

-“Дисковер Монголиа” удахгүй болно. Өмнө нь нэлээд олон зочин төлөөлөгч оролцдог байсан. Энэ удаагийн чуулга уулзалтад оролцох хүний тоо буурсан гэл үү?

-Тиймээ, өмнө нь “Дисковер Монголиа”-д 1500 төлөөлөгч ирж оролцсон. Энэ жилийн хувьд хамгийн ихдээ 500 төлөөлөгч оролцох болов уу гэж харж байгаа. Гадаадынхнаас гадна манай үндэсний компаниуд өр зээлдээ дарагдаад юун чуулга уулзалт манатай л байна шүү дээ.