Ж.Батсуурь: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнд эмзэглээд байх шаардлагагүй
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2013.08.30

Ж.Батсуурь: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнд эмзэглээд байх шаардлагагүй

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг “Ярилцах танхим” булангийнхаа энэ удаагийн зочноор урилаа. Түүнтэй эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсан юм.

-Та эдийн засагч хүний хувьд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ. Эдийн засгийн энэ нөхцөл байдал хүндэрсэн нь юунаас болсон гэж бодож байна вэ?

-Өнөөдөр Монгол Ул­сын эдийн засаг тийм ч таатай биш байна. Үүнийг хоёрхон зүйлээс харж болно. Нэгдүгээрт гадаадын хөрөнгө оруулалт нэлээд хэмжээгээр буурсан. Мөн төсвийн орлого нэлээд хэмжээгээр тасалдсан. Өнгөрсөн 2012 онд ч гэсэн төсвийн орлого их хэмжээгээр тасалдах нөхцөл бүрдсэн. Тухайн үед  хоёр ч удаа төсвийн орлого зарлагад тодотгол хийсэн. Өөрөөр хэлбэл 2012 онд төсвийн орлого бидний бодож байснаас хамаагүй буурсан. Тэгэхээр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал чухам юунаас болоод байгааг эдийн засагч, инженер хүний хувьд дүгнэж хэлмээр байна. Монгол Улсад өнөөдөр маш их бүтээн байгуулалт хийх шаардлагатай байгаа. Ийм байхад бид сүүлийн дөрөв, таван жилийн дотор маш их тансагласан.

Өөрөөр хэлбэл хуучин барилгуудаа засаж,  тордохыг мартаж, шинэ барилга барихыг эрмэлзсэн. Энэ нь  их хэмжээний зарлагыг бий болгосон гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж валютын ханшны өсөлт бий болсон. Европын холбооны улсууд, мөн АНУ-ын эдийн засаг өсөлттэй гарах эхлэл тавигдсан энэ үед манай улсын эдийн засаг хямарсан нь улс төрийн бусад зохицуулалтаас шалтгаалж байгаа гэж хэлэхээс өөр арга алга. Монгол Улс маш их байгалийн баялагтай орон. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд  ашиг малтмалын салбарт  үйл ажиллагаа явуулснаар төсвийн орлого нэмэгдэж, эдийн засаг өсөлттэй гарсан. Нэгдүгээрт Алт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн цагаас уул уурхайн салбарт алтны болон хайгуулын олборлолт нэмэгдсэн. Хоёрдугаарт нүүрс экспортолж ашиг, орлогоо нэмэгдүүлсэн. Уул уурхайн салбар гэдэг нь өөрөө Монгол Улсын эдийн засгийн чадавхийг сайжруулахад онцгой хувь нэмэр оруулсан.

2000 оноос хайгуулын лицензийг гадаад, дотоодын компаниудад эзэмшүүлж эхэлсэн.

Тухайлбал 2000 оноос хайгуулын лицензийг гадаад, дотоодын компаниудад эзэмшүүлж эхэлсэн. Тухайн үед эдийн сайжирч байсан ч дараа нь том хэмжээний газар эзэмшдэг байсан компани талбайгаа хүлээлгэж өгөхтэй зэрэгцэн лицензийн орлого тасарч, бараг аймгийн төсөвт нөлөөлж байсан. Энэ их байгалийн баялгаа зөв ашиглаж чадвал эдийн засагт эерэг нөлөөтэй гэдэг нь 2000 оны үед ажиглагдсан. Ерөнхийдөө аливаа улс, орон өөрийнхөө давуу байдалд тулгуурлан хөгждөг. Эдийн засгаа “босгодог” онцлогтой. Тэгэхээр Монгол Улс уул уурхайн салбараа түшиглэж хөгжих хэрэгтэй. Ийм байхад өнгөрсөн 2006 онд 68 хувийн татвар гэх зүйлийг  УИХ-аар баталсан.

Энэ нь уул уурхайн салбар, тэр дундаа гадаад,  дотоодын хөрөнгө оруулагчдад маш том цохилт болсон. Энэ нь бидний уул уурхайн салбарт хийсэн нэг том алдаа байсан. Гэхдээ 2009 онд 68 хувийн татварын хуулиа байхгүй болгосон. Мөн  2010 оны зургаадугаар сард хэрэгжиж байсан Ашигт малтмалын тухай хуулийн үйлчлэлийг хүчингүй болгосон. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Ашигт малтмалын тухай хуулиа сайжруулна гээд гурван ч удаа хууль гаргаж, түүнийгээ хүчингүй болгосоор ирсэн. Өөрөөр хэлбэл ганц саалийн үнээгээ туршилтын туулай болгосон.

-Тэгвэл “Урт нэртэй” хуулийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Монгол хүн байгаль, эх дэлхийгээ хайрлаж, зөв зохистой ашиглахыг хүсдээ. Энэ талаас нь авч үзвэл маш зөв хууль болсон. Гэхдээ энэ хуульд маш том алдаа гаргасан. Тодруулбал Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь Ашигт малтмалын  тухай хуулийн дагуу олон жил лиценз эзэмшин, хөрөнгө оруулалт хийж  үйлдвэр байгуулсан компаниудыг үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан хэрэг болсон.

Уг нь тус хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хуульд заасан газруудад лиценз олгохгүй гэсэн бол ямар ч асуудал гарахгүй байх байсан. Гэтэл хууль хэрэгжиж эхлэхээс өмнө лиценз эзэмшиж байсан компаниудын гаргасан зардлыг улсын төсвөөс төлж өгнө гэсэн шийдвэр гаргаж, лицензийг нь хураах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл “Урт нэртэй” хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх болсон нь уул уурхай, ашигт малтмалын салбарт  маш хүнд цохилт болсон. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг ч үргээсэн. Ер нь тэгээд уул уурхай, ашигтмалаа ашиглахгүйгээр улс, орон хөгждөггүй юм шиг байна билээ.

-УИХ-ын ээлжит бус чуулган  ирэх сард хуралдах гэж байна. Хуралдаанаар төсөвт тодотгол хийнэ, хийхгүй гээд л байх юм. Таны бодлоор төсөвт тодотгол хийх шаардлага бий юу?

-Би төсөвт тодотгол хийхийн эсрэг байдаг.

Төсөвт тодотгол хийнэ гэдэг нь төсвийн орлого даваад биелчих юм бол илүү гарсан мөнгийг юунд зарцуулах вэ гэх мэтээр тодотгол хийхийг хэлнэ. Тэгэхээр одоогийн нөхцөл байдлыг харвал тодотгол хийх шаардлагагүй.

Үнэхээр илүү гараад байгаа бол Төсвийн тогтворжилтын санд байршуулж дараа жил зарцуулж болно шүү дээ. Харин орлого бүрдэхгүй болохоор орлогоо хасаад орлогын төлөвлөгөөг таслаагүй юм шиг харагдуулах гээд байгаа байх. Тэгэхээр Засгийн газар төсвийн орлого тасарсан бол шалтгаанаа тайлбарлаж хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Төсвийн тодотгол хийчихээр эдийн засаг эрүүлждэг зүйл биш. Хэрвээ Засгийн газар энэ оны Төсвийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн баривал УИХ хэлэлцэх л байх.

-Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтаас болж хоёр тал үл ойлголцолд хүрсэн. Хэрвээ манай тал “Рио Тинто” компанийн саналыг хүлээж авбал маш их хохирол амсахаар байгаа.  Ер нь энэ асуудлыг хэрхэн шийдвэл зохистой юм бол оо?

-Хоёр хүн хоорондоо хэлэлцэж, гэрээ хийчихээд байхад гуравдагч этгээд “Чи хохирчихоод байна” гэж хоёулангийнх нь өөдөөс турхирч, гэрээг шүүмжлэхээсээ илүү яаж хэрэгжүүлэх вэ, хэрхэн үр дүнг нь хүртэх вэ гэдэг асуудлыг ярих ёстой. Ерөнхийдөө олон улсын жишгийн дагуу байгалийн ашигт малтмалыг олборлох зардлаа “Рио Тинто” компани гаргах, мөн бүх татвараа төлөх юм бол Монголд ашигтай байгаа нэг хэлбэр шүү дээ. Тийм учраас их, бага хувь эзэмшсэнээрээ Монгол хохирлоо гэх зүйл байхгүй. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт ихэссэнд эмзэглээд байх зүйл байхгүй. Нэг үйлдвэр барихаар төлөвлөөд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээ боловсруулсны дараа ажил эхлэхэд анх ярьсан хөрөнгө оруулалт хүрэхгүй байх явдал байдаг. Наад захын жишээг дурьдахад жижиг түц барихад ч тооцоолсон хөрөнгөнөөс дутах явдал гардаг. Энэ асуудлыг харин үнэн зөв зүйлд зарцуулж байна уу үгүй гэдгийг хянаж, ярилцаж, тохироод явах асуудал. Ер нь үйл ажиллагааг зогсоож, хоорондоо зөрчилдсөнөөр үр дүнд хүрнэ гэж хэзээ ч байхгүй.

УИХ-ын ээлжит чуулганаар маш олон хуулийн төслийг өргөн барихаар нэр бүхий гишүүд боловсруулж  байна. Таны бодлоор нэн түрүүнд ямар асуудлыг хэлэлцэх ёстой вэ?

УИХ-аар маш олон хуулийг баталж, өөрчлөлт оруулдаг. Юм болгоныг хуульчлах гэж оролдвол эцэстээ дампууралд хүргэдэг. Үүнийг санаж яваасай гэж боддог.

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед төсвийн орлого бүрдэхгүй байгаа асуудалд анхаарлаа хандуулах ёстой.  УИХ-аар маш олон хуулийг баталж, өөрчлөлт оруулдаг.  Юм болгоныг хуульчлах гэж оролдвол эцэстээ дампууралд хүргэдэг. Үүнийг санаж яваасай гэж боддог.

-Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ямар бодолтой байна вэ?

-УИХ-д уг хуулийг батлалцсан олон хүн бий. Тэд маш чухал хууль гэж хэлэх байх. Гэхдээ юманд цаг хугацаа гэж байдаг. Үндсэн хууль батлагдаад 20 гаруй жил болчихсон учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  шаардлагатай. Мөн төрийн байгуулалтын системд ч өөрчлөлт оруулах хэрэгтэй.

-УИХ болон Засгийн газрын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Үүнийг зургаан жил болгохоор судалж байна гэсэн сураг байна билээ?

-УИХ болон Засгийн газрын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг сунгах ямар ч шаардлагагүй. Ихэнх улс орнууд энэ системээр явж байгаа. Дөрвөн жил гэдэг чинь богино хугацаа биш шүү дээ. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал бол УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх явдал юм. Засгийн газрын гишүүн гэдэг бол маш их үүрэг хариуцлагыг хүлээсэн, чухал албан тушаал. Тухайн салбарыг удирдахаар дааж давашгүй хууль тогтоомжийг судалж, нэлээд сайн мэдэх шаардлагатай байдаг. Ийм байхад УИХ-ын чуулганд суучихаад салбарын ажлаа хийх нь ямар ч боломжгүй зүйл.

-Хэд хоногийн өмнө Төрийн өмчийн хорооноос төрийн өмчит компаниудыг алдагдалтай ажиллаж байгааг зарласан. Эдгээр компанийн алдагдал эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд багахан ч гэсэн нөлөөлсөн байх. Тэгэхээр алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хувьчилж болдоггүй юм уу?

-Алдагдалтай ажиллаа гээд хувьчлах нь буруу ойлголт. Гэхдээ хувьчлах ёстойгоо хувьчлаад дууссан гэж ойлгож байгаа. Харин “Оюутолгой”, “Тавантолгой” гэх төрийн компаниудыг бий болгоод байгааг нэг их зөв гэж бодохгүй байгаа. Тухайн компани алдагдалтай л ажиллаж байгаа бол удирдлагууд нь хариуцлага хүлээх ёстой.

-Танай намын Бага хурал болж өнгөрсөн. Энэ үеэр Ө.Энхтүвшин дарга хэлэхдээ “Сонгуульд дэмжиж, туслаж оролцох ёстой Бага болон Их хурлын гишүүд мөн Удирдах зөвлөлийн гишүүд тус болоогүй” гэх утгатай зүйлийг онцолсон. Та түүний ийнхүү хэлсэнтэй санал нэгдэж байна уу?

-Ө.Энхтүвшин даргын энэ дүгнэлттэй санал нэгдэж байгаа. Манай нам өнгөрсөн сонгуулиудад нэгдмэл, нэг зорилготой оролцож чадаагүй.

-Ярилцсанд баярлалаа.