С.Ганбаатар: "Рио тинто" Эдийн засгийн удаашралаар далимдуулж ерөнхий сайдын гарыг мушгих гэж оролдож байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар-тай ярилцлаа. Оюутолгойн асуудлаар тууштай дуугарч буй ганц улстөрч болох энэхүү эрхмийг “Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээгч” гэж хүртэл цоллоод амжсан. Магадгүй, тэрбээр жинхэнэ үнэнийг хэлж, яриад байгаа ч байж мэдэх юм.
-Оюутолгойн далд уурхай зогссонтой холбоотойгоор 2000-аад монгол хун ажилгүй болсон. Энэ асуудал дээр Үйлдвэрчний эвлэлийг тэргүүлж байсан хүний хувьд юу хэлэх вэ?
-Ер нь аливаа байгууллага хүмүүсийг ажлаас нь халах, солих шийдвэрийг үйлдвэрчинтэй харилцан зөвшилцөхгүйгээр гаргаж болдоггүй. Оюутолгойн гэрээний 8.1-т Монгол Улсын хөдөлмөрийн хууль тогтоомжийг мөрдөж ажиллана гээд заачихсан байгаа.
Харин хөдөлмөрийн хууль тогтоомжид нь хөдөлмөрийн харилцаанд маргаантай асуудал гарвал хамтын гэрээ хэлэлцээрийн дагуу ярьж байж шийдвэр гаргадаг. Хэрэв тэгэхгүй гэвэл, дундын зуучлагч авдаг. Нэг ёсондоо тодорхой процесс байдаг. Гэтэл “Рио Тинто” ингэхгүйгээр манжийн үеийн мөнгө хүүлэгчид шиг дураараа дургиж байна.
-Энэ асуудал дээр манай талын шийдвэрлэх түвшний хүмүүс тодорхой байр суурь илэрхийлэхгүй байна. Ярилцаж байна гэдэг үгийг л хэлээд сууж байгаа шүү дээ?
-Улстөрчид, Ерөнхий сайд, салбарын сайд нь байр сууриа илэрхийлэх л байх. Хамгийн гол нь “Рио Тинто”-ийн байр суурь тодорхой байх хэрэгтэй байна. Тэд өнөөдөр албан ёсоор байр сууриа илэрхийлэх л байх. Хамгийн гол нь “Рио тинто”-ийн байр суурь тодорхой байх хэрэгтэй байна.
Тэд өнөөдөр албан ёсоор байр сууриа хэнд ч илэрхийлээгүй. Энэ чинь өөрөө хууль зөрчиж байгаа явдал. Тэгсэн хэрнээ захиалгат мэдээллийн сувгуудаараа гадаа- дад болон дотоодод маш ноцтой мэдээллүүдийг түгээж байна. Түүний цаана Монголын шийдвэр гаргагчдыг ард түмэнд нь эвгүй харагдуулах бодлого барьж байна. Энэ бол маш ноцтой зүйл. Миний зүгээс ингэж үзэх маш олон үндэслэл байгаа. Хэвлэл мэдээллийн зөвлөгөө авах, өгөх үйлчилгээ гэх нэрийдлээр хувь хүмүүст 1.3 тэрбум төгрөг өгсөн.
Монголын урлагийн зөвлөл гэдэг байгууллагад л гэхэд 17 сая ам.доллар өгсөн байгаа. Харин тэр пиарчдынх нь өгсөн месежүүдийг Ерөнхий сайд нь ч, ард түмэн нь тойрч үймэрч байна. Үүний оронд манай шийдвэрлэх түвшний хүмүүс байр суурийг нь албан ёсоор сонсох эх ёстой юм. Оюутолгойн асуудлаар ярилцаж байна, ярилцах гэж байна гэсэн Оюутолгойн менежер шиг зүйл ярихаа одоо зогсоох ёстой.
-Түүнээс гадна ажлаас халагдсан хүмүүс чухам яагаад чимээгүй болчихов гэдэг нэг асуудал гарч ирж байна?
“Рио Тинто”-д ажиллаж байгаа монгол залуучууд яагаад ийм сул дорой, хүнээс хараат юм бол гэдгийг гайхаж сууна.
-“Рио Тинто”-д ажиллаж байгаа монгол залуучууд яагаад ийм сул дорой, хүнээс хараат юм бол гэдгийг гайхаж сууна. Өөрсдөдөө дурлахьгг хүлээгээд суухын оронд өөрсдийнхөө эрх ашгийг тунхаглаж тавих ёстой. Тэр эрх нь хөдөлмөрийн хуулиар тэдэнд олгогдчихсон.
Нөгөөтэйгүүр хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн эрх ашгийн төлөөллийн байгууллага нь асуудлыг босгож тавиад, ширээнд сууж яриад эргээд гэр бүлд нь мэдээлэл өгөх ёстой. Гэтэл манайхан залуучуудын ярьдгаар нээнтэг гэдэг юманд орчихсон юм шиг л байгаад байна.
-Далд уурхайн хөрөнгө оруулалтаас гадна анхны хөрөнгө оруулалт нь өсөөд байгаа. Бүр 24 тэрбум ам.доллар болох тухай асуудлыг Оюутолгой тавьж байгаа. Тэгэхээр энэ мэдээжийн гэрээ болоод хууль зөрчиж буй асуудал дээр улстөрчид яагаад дуугарахгүй байна вэ?
-Уг нь 76 гишүүнд ард түмэн бидний өмнөөс дуугарч, яриарай гэж УИХ-ын гишүүний мандатыг өгсөн. Үүний төлөө бид цалин авч байгаа. Энэ эрхийнхээ хүрээнд би “Рио Тинто”-гийхноос маш энгийн асуулт асууж байгаа.
Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын гэрээний есдүгээр зүйлд нийт хөрөнгө оруулалт дөрөв орчим тэрбум ам.доллар байна гээд заачихсан байна. Үүнийг УИХ баталгаажуулсан учраас хууль. Дараа нь үүнийгээ засвартайгаар 5тэрбум 124сая ам.доллар болгон засварлаж баталсан. За, алдаатай наймаа байжээ гээд хүлээн зөвшөөрье. Үүний задаргаан дотор далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал 1 тэрбум 512 сая ам.доллар гэж байгаа.
Ил уурхайн хөрөнгө оруулалт нь 224 сая ам.доллар байгаа. Гэтэл одоо анхны хөрөнгө оруулалтаа нэмээд дөрвөн тэрбум нь 14, 24 тэрбум ам.доллар болгоно гээд байгаа. Хэрэв энэ тоонуудыг зөвшөөрөх юм бол ирээдүйд орлого, ашиг авах нь бүү хэл бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэг болно. Ноогдол ашиг 2048 болтол авч чадахгүй гэсэн үг. Тэд миний асуултад яагаад хариулахгүй байгаа юм. Яагаад УИХ, Засгийн газраар баталсан тоог дур мэдэн өөрчлөх визийг хөрөнгө оруулагчдад өгөөд байгаа юм.
-Таныг Оюутолгойн асуудлаар эсрэг байр суурьтай байснаас гадаадын хөрөнгө оруулалт буурсан, хөрөнгө оруулагчид үргэсэн гэх хүн байгаа. Та үнэхээр юуны төлөө ингэж тууштай дуугардаг юм бэ. Ямар нэг ашиг сонирхол байдаг юм уу?
-Би ард түмний итгэлийг авсан учраас л энэ бүхнийг хэлж, асууж, дуугарч байгаа.
Эрдэнэс таван толгойн захирал асан Ц.Сэдваанчиг
Ингэснийхээ төлөө тэдний захиалгат нийтлэлчдэд эвгүйгээр дуудуулж болно. Гэхдээ л би үүргээ биелүүлж байгаа. Би Ц.Сэдваанчигийг Монголын эрх ашгийн төлөө зогсч, албан тушаалаа золиосолсон гэж харж байгаа. Манайхан хөрөнгө оруулагчдын, мөнгө цацсан хүмүүсийн аманд унаж болохгүй. Надад хөрөнгө оруулагчдыг үргээгч гэдэг нэр цол өгч байгаа. Тэгж ярих юм бол, тэр пиарчдыг нь би угаадас долоогчид гэж хэлнэ.
Хөрөнгө оруулагчид хэдэн улстөрчдөд, тэдний гэр бүл, фракц бүлэглэлд нь мөнгө өгсөн байж болно. Гэхдээ ийм байдлаар улс төр явж болохгүй. Үүний цаана монголчуудын эрх ашиг байгаа. Эцсийн дүнд С.Ганбаатар өөрийнхөө төлөө дуугараагүй. С.Ганбаатарт ямар ч хувь хүний сонирхол, эрх ашиг байхгүй.
Харин ч үүнийхээ хариуд Оюутолгойг зогсоолоо, хөрөнгө оруулагчдыг үргээлээ, энэ олон хүнийг ажилгүй болголоо гэж цоллуулж, пиарчдаар нь нүдүүлж байгаа. Сонин, телевиз хүртэл “Бид Оюутолгойтой гэрээтэй. Ярилцлагыг чинь гаргаж чадахгүй, уучлаарай” гэж байна. Би УИХ-ын гишүүн мөнгө өгч мэдээлэл гаргаж болохгүй гэж боддог. Бидний баялгаар олсон мөнгөөрөө бидний эсрэг пиар явуулж байгаад би гутарч байна.
-Ц.Сэдваанчиг гэснээс та түүний “РиоТинто”-д явуулсан захидалтай танилцсан уу?
-Би Сэдваанчиг гэдэг хүнтэй УИХ-ын гишүүн байхад нь ч уулзаж байгаагүй. Гэхдээ энэ удаагийн үйлдэлд нь үнэхээр баярлаж байгаа. Тэр захидлыг нь яг барьж уншаагүй ч гэсэн ерөнхий агуулгыг нь ойлгосон.
Захидалд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар “РиоТинто”-д хүсэлт тавьсан .байна билээ. Мөн энэ бол Засгийн газар болон Оюутолгойн ТУЗ-ын хэмжээний асуудал биш ээ. УИХ-аар баталсан хууль гэж ойлгож байгаа. Энэ л хамгийн үнэн.
-Гэтэл Засгийн газар түүнээс өөр байр суурьтай байгаа юм биш үү?
-Засгийн газар энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй, ТУЗ- ын гишүүн, төрийн өмчийн хорооны нэг хүнээр шийдүүлэх гэж байгаа бол хууль зөрчих гэж байна.
Тийм ч учраас Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд би хоёр ч удаа захидал явуулсан. Та нар хууль зөрчих гээд байна шүү. Хөрөнгө оруулалтын зардлыг гэрээнд заасан хэмжээгээр нь байлгавал бид 2031 онд гэхэд ноогдол ашиг авч эхэлнэ. Энэ бол хэдэн мянган сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тухай яриа.
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар эдийн засагчид, хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Үнэхээр түмний нүдэн дээр УИХ-аас гаргасан хуулийг зөрчиж, дураараа аашилж байхад төслийг нь зогсоочихож яагаад болохгүй гэж, энэ бол зүгээр л нэг төсөл шүү дээ гэх хүн байна?
-Яг ярих юм бол зогсоочихож болно. Гэхдээ би зогсоо гэсэн байр суурь барьдаггүй. Хамгийн гол нь бид “Рио Тинто”-той хүн шиг яриад, өөрсдийнхөө эрх ашгийг тунхаглах ёстой. Энэ бол миний хүсч байгаа зүйл.
Би өнгөрсөн долоо, найман жил бие даасан шинжээчдийн дүгнэлт гаргаач ээ гэдгийг Оюутолгойтой байнга ярьсан. Энэ миний амнаас гардаг уншлага болсон. С.Ганбаатар зөв яриад байна уу, үгүй юу гэдгийг ингээд л мэдчихнэ. Гэхдээ би зөв ярьж байгаадаа итгэж байна. Би эрдэмтэдтэй уулзаж, зөвлөгөө авдаг болохоороо зоригтой ярьдаг. Харин С.Баярцогт шинжээч шиг ярьж ерөөсөө болохгүй.
Тэр мэтгэлцээнд яаж давж гарах вэ, яаж гоё ярьж хүмүүст таалагдах вэ гэдгийг сайн сурсан байж болно. Гэвч бид асуудал руугаа орох ёстой. Дараа нь хариуцлага гэдэг зүйл заавал яригдана. Хамгийн гол нь туйлшрахгүйгээр асуудлыг шийдэх ёстой. Би хааяа боддог юм. Хэрэв би Монголыг төлөөлж хэлэлцээрт ордогсон бол гэж бодохоор надад маш гоё байдаг.
Орох юмсан. Яг хэлэлцээрт орохоор болвол миний толгойд их юм байгаа. Олон улсад яаж хууль зөрчсөн бэ гэдгийг нь бүгдийг нь мэднэ. Даанч тэгвэл би зарчмаа зөрчинө. Хувь хүнийхээ хувьд хэлэлцээрт орж буй хүмүүс яагаад ийм асуулт тавьдаггүй юм бол, асуултдаа ингээд унагачихаж болдоггүй юм байх даа. Яагаад , яагаад гэж гайхдаг.
-Олон улсад хууль зөрчиж байсан талаар нь танд мэдээлэл байгаа хэрэг үү?
“Рио Тинто” манжийн үеийн мөнгө хүүлэгчид шиг дураараа дургиж байна.
-Судалгаа хий л дээ, манай шийдвэр гаргагчид. Чухам яагаад зардал нь өсөөд байгааг гайхах хэрэггүй. Ирээдүйд манайд орж ирэх мөнгийг холдуулах гэсэндээ ингэж байна. Түүнээс биш өнөөдөр манай бусад уул уурхайн компаниуд ч гэсэн хүнд байна. Ялгаагүй л түүхий эдээ зарж чадахгүй байна. Харин ч “Рио Тинто”-д баяжмалаа зарах эрх нь нээгдчихсэн.
Тэд Швейдэд 225 хүнийг ажлаас нь халах асуудал ярихад ажилчид нь бүгд дэрхийтэл босч ажил хаяж байна. Монголчууд дараа нь харж үзэх болов уу гэж харах биш тэдэн шиг босох л ёстой. Африкийн хоёр компани, Киргизийн нэг алтны компани бас ийм байдалтай байгаа. Норвеги ч хэдэн жилийн өмнө 400 гаруй хүнийг ажлаас нь халах шийдвэрийг “Рио Тинто” гаргаад ажилчид нь жагсаал цуглаан бослого тэмцэл хийгээд хүн болгон 4700 долларын нөхөн олговор авсан байдаг.
-Монголын талын байр суурь хэзээ тодорхой болох вэ гэхээр салбарын сайд нь хүртэл чимээгүй байна. Магадгүй гадаадын хөрөнгө оруулалт үргээд байгаа, эдийн засаг мэдрэмтгий байгаа болохоор ингэж байгаа юм болов уу?
-Ганхуяг сайд “Рио Тинто”-той ханилаад, гэрлээд, нэг гэрт хамт амьдрах гээд байгаа биш. Хамтарч бизнес хийж байгаа, бүх асуудлаа гэрээгээр болон хуулийн дагуу зохицуулж байгаа л улсууд. Хуулийн дагуу, гэрээгээр л асуудлаа ярь.
Түүнээс биш энэ бол дурласан улсуудын хоорон дахь бие биеэ гомдоочих вий гэсэн эмзэглэл биш. Нэг ёсондоо бидний баялгаар хамтарч бизнес хийж байгаа хүмүүс. Хөрөнгө оруулагч биш зээлд зуучлагч юм шиг авирлахаа зогсоох ёстой. Үүнийг нь бид шаардах эрхтэй. Д.Ганхуяг сайдад зовлон байдаг юм бол “Рио Тинто"-той эрхлээд байх биш ард түмэндээ ярих хэрэгтэй. Ард түмэн ойлгоно шүү дээ.
-Нэгдсэн чуулганыг ээлжит бусаар хуралдуулж хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах асуудлыг ярина гэж байна. Энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?
-Юуны өмнө төсөв нэг тэрбум төгрөгөөр цоорсон гээд байгаа. Үүнийг УИХ шийдэх нь зүй ёсны асуудал. Засгийн газар, яамдуудтайгаа нийлж яаж танах вэ гэдгээ яриад, бэлтгэл ажлаа хангахгүйгээр шууд ээлжит бусаар хуралдвал бас нэг төрлийн шоу болно гэдгийг анхаарах ёстой. Нөгөөтэйгүүр эдийн засаг яагаад хүнд байдалд оров гэдгээ ярилцаж, нэгдсэн дүгнэлтэд хүрэх ёстой.
“Рио Тинто” эдийн засгийн удаашралыг монголчуудын, Ерөнхий сайдын гарыг ард нь мушгих боломж болгож хараад байна.
Шинжээч, мэргэжилтнүүдийн дүгнэлтийг гаргахгүйгээр өөрсдийгөө ухаантай, цэцэн гээд бодчихсон улстөрчид гарч ирээд ярих бол утгагүй. Миний зүгээс 1.5 тэрбум ам.доллар авчихаад маргааш вальют болгох зүйл рүү оруулаач ээ гэдгийг өвөлжингөө хэлсэн. Хөршүүд маань хэдэн арван жил манайхыг төмөр хийчих вий гэж санаа нь зовж ирсэн. Тэгвэл бид төмрийн хүдрээ шороогоор нь биш баяжуулж гаргаж болно.
Тэгэх юм бол тонн шороотой төмрийг 75 ам.доллараар өгөхийн оронд баяжмал болгоод 400-500 ам.доллараар өгөөд жилийн дотор наад 1.5 тэрбум ам.долларыг буцаагаад төлчихнө. Зам тавьж, хашаагаа засаад байгааг би эсэргүүцээгүй. Энэ гудамжинд байгаа цэцгэнд дуртай байгаа. Гэхдээ энэ маргааш доллар оруулж ирэхгүй. Нөгөө талаар эдийн засгийн удаашрал чинь нэг талаас боломж. Үүнийг бид ашигласан ч болно. Гадаадын зах зээлд тоног төхөөрөмжийн үнэ буурч байна. Энэ үед өнөөх бондоороо төмрийн үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж авчихаж болно.
Зээл тусламжтай хоршоод үйлдвэрийн суурийг тавьчих л даа. Манайхан тэгэхгүй байна. Гэтэл “Рио Тинто” эдийн засгийн удаашралыг монголчуудын, Ерөнхий сайдын гарыг ард нь мушгих боломж болгож хараад байна. Манайхны бас нэг алдаа төр өөрөө зээл авсан явдал. Төр үүнд хойрго байх ёстой. Үйлдвэрлэл нь явагдаад бараа нь зарагдахгүй, хураагдаад эргэлтгүй гацсан үед бонд гаргаж мөнгө босгох ёстой. Энэ мэт яриад байвал алдаа олон байгаа.
-Таны зүгээс бондын мөнгийг хамгийн түрүүнд үүнд зарцуулах ёстой гэсэн санал гаргаж байв уу?
-Хамгийн эхэнд Дархан- Уул аймагт төмөрлөгийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бизнесмэнүүдийг дэмжиж, хөрөнгө оруулалт хийгээч гэж хэлж байсан. Зарим нь төмрийн хэдэн компанийн лоббигоор явж байна гэж бодож байж магадгүй. Хоёрдугаарт, зэс хайлуулах үйлдвэр яагаад барихгүй байгаа юм бэ. Бид үйлдвэр барина гэж 20 жил ярилаа. Тэгсэн хэрнээ хэрэгжүүлдэггүй, түүнийгээ хийлдээ.
-Ээлжит бус чуулганаар Оюутолгойг ярих болов уу?
-Заавал ярих ёстой. УИХ-ын 76 гишүүн бүгд л Оюутолгойн гэрээг шударга болгоно, гоё болгоод өгнө гэж сонгуулиар ярьсан. Би бол мөрийн хөтөлбөртөө энэ талаар нэг ч үг оруулаагүй. Өнөөх яриад байсан хүмүүс яагаад таг дуугүй байна вэ.