Д.Ганхуяг: Уул уурхайн салбарын ирээдүйд итгэлтэй байж болно
Уул уурхайн сайд Д.Ганхуяг яамныхаа хэвлэлийн танхимд сэтгүүлчдэд зориулсан ээлжит мэдээллээ хийв. Сүүлийн өдрүүдэд тэрбээр амьсгаа өндөртэй яваа. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа “Урт нэртэй хууль”-ийн журамд оруулах өөрчлөлт болон “Эрдэнэс Оюу толгой” компанийн захирал асан Ц.Сэдванчигийг ажлаас нь халсан асуудалд Д.Ганхуяг сайдыг буруутгах хүн олон байгаа.
Түүнчлэн Ц.Сэдванчигийн хэвлэлд өгсөн ярилцлагад дурдсанаар бол Оюу толгойн асуудлаар Лондонд хэлэлцээр хийж байгаа монголын талын гурав олиггүй мэдээтэй ирвэл Д.Ганхуяг сайдын байдал улам л базаахгүй болох нь тодорхой. Ингээд Д.Ганхуягийн сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсаныг хүргэе.
-Таны толгойлсон яам “Ил тод уул, уурхай” гэж бүтэн жил ярилаа. Энэ хооронд ямар ажил амжуулав аа?
-Хамгийн эхлээд бид зорилгоо тодорхойлсон. Монголын Геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд ил тод, хариуцлагатай, аюулгүй, хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй, харилцан ашигтай, хууль дээдлэх, нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийх гэсэн найман гол зарчмыг мөрдлөг болгон ажилласнаар ХХI зууны уул уурхайн бүтээн байгуулалт монголд жинхэнэ утгаараа хөгжих нөхцөл бүрэлдэнэ.
Өнгөрсөн хугацаанд яамны сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 129 ажлын хэсэг ажилласнаас 52 нь үүрэгт ажлаа дуусгаж, одоо 77 нь монголын уул уурхайн салбарын шинэчлэлийг эрчимжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна.
Уул уурхай бол монголын эдийн засгийн тэргүүлэх салбар. Иймд хууль, эрх зүйн орчин нь ойлгомжтой, тодорхой байх нь хамгийн эхний шалгуур. Манай яамны зүгээс хамгийн сүүлд хийсэн тодорхой ажил нь УИХ-ын ээлжит бус чуулганаар “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай”,
“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийн төслүүд, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг өргөн барьж хэлэлцүүлж байна.
-“Урт нэртэй хууль”-д гар хүрснээр ямар ахиц, дэвшил гарах вэ?
Урт нэртэй хуулийн дагаж, мөрдөх журамд өөрчлөлт оруулснаар 1336 тусгай зөвшөөрөл эзэмшигч, давхардсан тоогоор 827 аж ахуйн нэгжийн байгаль орчны нөхөн сэргээлт, нөхөн олговрын асуудал тодорхой болно
-Манай иргэдийн дунд урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах нь гэсэн ташаа ойлголт яваад байгаа. Тэгвэл бидний өргөн барьсан хуулийн төслөөр энэ хуульд нэг ч үг, өгүүлбэрийн өөрчлөлт орохгүй. Нэг ч тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй.
Харин энэ хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуульд л өөрчлөлт орох юм. Ингэснээр уг хууль бүрэн хэрэгжих боломжтой болно. Хуулийн хэрэгжилтийг дагаад байгаль орчны нөхөн сэргээлт стандартын дагуу хийгдээд явна.
Урт нэртэй хуулийн дагаж, мөрдөх журамд өөрчлөлт оруулснаар 1336 тусгай зөвшөөрөл эзэмшигч, давхардсан тоогоор 827 аж ахуйн нэгжийн байгаль орчны нөхөн сэргээлт, нөхөн олговрын асуудал тодорхой болох учиртай.
Энэ нь одоогоор хүчинтэй байгаа хайгуулын 909, ашиглалтын 427 тусгай зөвшөөрлийг лиценз нэг бүрээр нь тал талаас нь сайтар тодруулан ярилцаж асуудлыг нэг тийш шийдэх тухай л асуудал юм.
-Та бүхний санаачилж, УИХ-д өргөн барьсан “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төсөл нь өнөөдрийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын санаачлан батлуулсан 68 хувийн гэнэтийн ашгийн буюу “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль”-ийн эсрэг гарч байгаа хууль гэх хүн олон байна. Таны өргөн барьсан хууль батлагдсанаар ямар эерэг үр дүнд хүрэх вэ?
-Хүмүүсийн ярьдаг 68 хувийн гэнэтийн ашгийн татварын хууль хэрэгжиж эхэлснээр алтны худалдаа далд хэлбэрт орж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс багассан. Монгол Улс 2005 онд 24 тонн алт олборлож байсан бол 2012 онд зургаан тонн болж дөрөв дахин буурсан үзүүлэлттэй байгаа.
Одоо дэлхий нийтэд алтны хуримтлалын “хуримтлал, бас дахин хуримтлал” гэсэн зарчим хамгийн хүчтэй явж байна. Бидний өргөн барьсан хуулийн дагуу алтны худалдааг ил тод болгосноор Монголбанкны гадаад валютын нөөц жилд 1.7-2.0 тэрбум ам.доллар, таван жилд 8.5-10 тэрбум ам. доллар болж нэмэгдэх юм.
Түүнчлэн Монгол Улсын ДНБ 2013 онд 12 орчим тэрбум ам. доллар болох тооцоо гарч байгаа. Өнөөдөр Монголбанк 2.7 тэрбум ам.долларын нөөцтэй байгаа. Ойрын хугацаанд Оюу толгойг оруулаад 38 орчим тонн алт олборлох боломж бүрдэж, эдгээр алтыг Монголбанк зах зээлийн ханшаар худалдан авснаар жилдээ хоёр тэрбум орчим ам. долларын алтны нөөцтэй болох боломж бүрдэнэ.
Энэ хууль батлагдаж, гэрээ байгуулагдсан тохиолдолд монголын эдийн засагт дахиад хоёр тэрбум ам.долларын нэмэлт баталгаа орж ирнэ. Энэ бол бид үнэхээр зөв чиглэлд яваагийн баталгаа. Бид ийм л ирээдүйн төлөө өнөөдөр уйгагүй ажиллаж байна.
- “Эрдэнэс Таван толгой” компанийн үйл ажиллагаа ямархуу байгаа вэ. Хятадын Чалко компанид төлөх өр юу болж байна?
Зөвхөн баруун Цанхийн ордын нүүрсний экспортоос улсын төсөвт 120-150 сая ам. доллар орж ирэх юм.
-Энэ онд “Эрдэнэс Таван толгой”-н зүүн Цанхийн уурхайгаас 4.5 сая, баруун Цанхиас гурван сая, нийтдээ 7.5 сая тонн нүүрс олборлох зорилт тавьж, ажил хэвийн явж байгаа. Энэ нь 2012 онд экспортлосон нүүрсний хэмжээнээс гурав дахин өссөн үзүүлэлт гэдгийг мэдэгдэх нь зүйтэй байх.
Зөвхөн баруун Цанхийн ордын нүүрсний экспортоос улсын төсөвт 120-150 сая ам. доллар орж ирэх юм. Хятадын Чалко компанид төлөх ёстой 170 сая ам. долларыг энэ онд багтаан төлж дуусгана. Энд асуудал байхгүй. Баруун Цанхийн ордын нөөц цаашдаа ч нэмэгдэх боломжтой.
Одоогоор 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдоод байгаа. Баруун Цанхийн нүүрсний экспорт энэ сарын 5-ны өдөр эхэлсэн бөгөөд өнгөрсөн даваа гарагийн байдлаар 636 машин буюу 63.754 мянган тонн нүүрс тээвэрлээд байна. Баруун Цанхийн нүүрсийг БНХАУ-ын Вэнсвэй,Пушин зэрэг таван компанид нийлүүлэх гэрээ хийгдсэний дагуу экспорт хэвийн хэмжээнд явж байгаа.
-Уул уурхайн татварын орчин тогтворгүйгээс гадны хөрөнгө оруулалт их хэмжээгээр буурлаа. Та бүхний өргөн барьсан гурван хууль батлагдсанаар энэ байдал үндсээрээ өөрчлөгдөх боломжтой юу?
-Уг нь татварын хувьд Монгол Улс Ази тивд хамгийн ойлгомжтой, бага татвартай орон шүү дээ. Нэг шатлалтай, элдэв нэмэлт дарамт багатай орон гэж ойлгож болно. Бидний өргөн барьсан хууль хүчин төгөлдөр болсноор одоогоор хүлээлтийн байдалтай байгаа гадаадын хөрөнгө оруулагчид монголыг дахин сонирхох нөхцөл бүрдэх юм.
2013 оны эхний хагас жилийн байдлаар нийтдээ 961 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байгаа нь 2012 оныхоос 43 хувиар эрс буурсан үзүүлэлт. Бид уул уурхайн салбараа дэлхийн жишигт нийцүүлж, гадны хөрөнгө оруулагчдыг урин дуудахын тулд хууль эрх зүйн орчноо ойлгомжтой, тогтвортой болгох шаардлага дээрх тоон үзүүлэлтээс тодорхой харагдаж байгаа юм
Ийм ч учраас бид яг одоо хүлээгдэж байгаа чухал ач холбогдолтой гурван хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Тун удахгүй эдгээр хууль амьдралд хэрэгжиж, Монгол Улсын эдийн засаг үсрэнгүй хөгжихөд шийдвэрлэх нөлөө үзүүлэх нь дамжиггүй.