Д.Батцогт: Ардчилсан нийгэмд тэмцэж болох ч буу шийдэмдээ тулах нь буруу
NBS телевизийн БЛИЦ ярилцлагын цагт УИХ-ын гишүүн Д.Батцогт оролцлоо.
-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй асуудлууд дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ээлжит бус чуулган эхэллээ. Янз бүрийн үймээн самуун гарсан сураг сонслоо. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг олонхиос оруулж ирж байна. Хөрөнгө оруулалтын тухай хууль, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, урт нэртэй хуулийн мөрдөх журмын тухай хуулийг тодорхой хэмжээгээр өөрчлөх санал.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах, алтны худалдааг ил болгоё гэж байгаа. Энэ асуудлуудыг хам хум яриад батлах биш гишүүд удаан танилцаж, ул суурьтай ярилцан сайн хууль гаргах хэрэгтэй.
-Эдийн засгийн хямралын талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Бид бүлэг дээр Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны дэд ерөнхийлөгчийг дуудан мэдээлэл авсан. Ер нь Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Монголбанкны удирдлагуудаас бүлэг дээрээ мэдээлэл авах бодолтой байгаа.
Тэр хүмүүсийн тайлбарлаж байгаагаар эдийн засаг хямраагүй. Хямралтай холбоотой тодорхой шинж тэмдгүүд илэрсэн зүйлүүд бий. Энэ дээр яаралтай ажиллаад явбал сайжруулах бололцоо бий гэсэн тайлбарыг хэлж байна.
-Н.Алтанхуягийн Засгийн газар хэр ажиллаж байгаад ямар дүгнэлт өгөх вэ?
-Миний хувьд Засгийн газарт тийм онц дүн өгөхгүй. Хэтэрхий болохоо байсан гэж бас хэлмээргүй байна. Ер нь тааруухан ажиллаж байгаа. Бидний хүсч байсан хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа. Гэхдээ энэ бол засгийг тогтворгүй болгох чиглэлээр хэлж байгаа үг огт биш. Харин УИХ нь Засгийн газраа сайн ташуурдаж, анхааруулан, шахаж шаардаж ажиллах ёстой.
-“Урт нэртэй” хуулийн тухайд ямар бодолтой байна вэ?
-“Урт нэртэй” хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор дагнасан тэмцэл явуулдаг ТББ-ууд бий. “Урт нэртэй” хууль бол байгаль орчноо хамгаалах зориулалттай хийсэн хууль. Тэгсэн мөртлөө тэр салбарт хийгдэж буй эрүүл саруул хөрөнгө оруулалтуудыг хаасан зүйл бий. Нөхөн сэргээлтээ сайн хийгээд, унаган байгалиар нь түүнээс ч илүү гоё болгож чадаж буй компани нь ажиллахад яагаад болохгүй гэж.
УИХ нь Засгийн газраа сайн ташуурдаж, анхааруулан, шахаж шаардаж ажиллах ёстой.
Алт хөтөлбөр хэрэгжиж, нэг хэсэг байгалийг талхалсан, сүйтгэсэн, гол горхийг ширгээсэн янз бүрийн зүйл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ бид аливаа асуудалд уян хатан байж хуулиа зөв талаас нь бодож тунгааж хийх ёстой. Ардчилсан нийгэмд тэмцэл өрнүүлэх асуудал бий. Гэхдээ буу шийдэмдээ тулж байгаа нь буруу.
-УИХ-д суух, гудамжинд жагсах хоёрын ялгаа хэр анзаарагдаж байна вэ?
-Аливаа зүйлийг шүүмжлэх амархан. Харин хийж бүтээнэ гэдэг амаргүй. Энд тийм ялгаанууд харагдаж байна. Өмнө нь дандаа сөрөг байр сууринаас асуудалд ханддаг байсан. Одоо бол хийж бүтээх үүрэг нь УИХ-ын гишүүнд бий, үүнийгээ ухамсарлаж байгаа учраас шинэ гишүүний хувьд ажилдаа дадлагажих, мэдэхгүй, чадахгүй зүйлээ хурдан суралцах, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулах зүйл байгаа. Энэ дээрээ цаашид идэвхитэй ажиллана.
-Эдийн засаг хямарсан энэ үед ингэж их өр зээл авах нь хэр зохистой юм бол?
-Хийж бүтээн, дэд бүтцээ хөгжүүлж, нэмэн өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг бий болгоход бидэнд санхүүгийн эх үүсвэр гарцаагүй дутагдаж байгаа.
Санхүүгийн эх үүсвэрийг гадны зах зээлээс л босгоно. Энэ хүрээнд хийж буй ажлыг буруу биш байх гэж бодож байна. Харин зээлж, олж буй мөнгөө зөв зүйлд, үр ашигтай, хурдан хугацаанд зарцуулах нь чухал.