2013.09.16

Нийгмийн үзүүлэлтүүдийн түүвэр судалгааг таван жил тутам явуулна

25 дугаар суваг телевизийн “Хэн юу хэлэв” ярилцлагын цагт Үндэсний статистикийн хорооны Нийгмийн үзүүлэлтүүдийн түүвэр судалгааны менежер Ж.Мөнхбадар оролцлоо.

-Нийгмийн үзүүлэлтүүдийн түүвэр судалгааны эхний үр дүн гарч эхэлсэн үү?

-Нийгмийн үзүүлэлтүүдийн түүвэр судалгааг энэ онд зохион байгуулахаар ажилдаа ороод ажиллаж байна. Статистикийн тухай хуульд хүүхэд хөгжил судалгааг дөрвөн жил тутамд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааг таван жил тутамд зохион байгуулах заалт байсныг энэ онд өөрчлөн нийгмийн үзүүлэлтүүдийн түүвэр судалгааг таван жил тутам явуулахаар шинэчилсэн. Судалгааны мэдээлэл цуглуулах ажил энэ оны 10 сард эхэлж, ирэх оны дөрөвдүгээр сард эхний үр дүн гарна.

-Судалгааны үр дүн гарахаар төрийн бодлого, яамнаас цэцэрлэгийн хүүхдийн хоол тэжээлийг олшруулах тал дээр арга хэмжээ авах болов уу?

-Тэр бодлого хөтөлбөрийг төлөвлөхөд хэрэгтэй суурь мэдээлэл гарч байгаа.

-Өмнөх судалгаанаас олж авсан энэ удаагийн судалгаан дээр анхаарах зүйл юу байна вэ?

-Өмнөх судалгаануудаас харахад ололттой тал бий ч анхаарах шаардлагатай зүйл бас бий. Тухайлбал, өмнөх судалгааны үр дүнгээс харьцуулж харахад бага насны хүүхдийн вакцинжуулалт монголд маш сайн байгаа нь харагдсан. Зарим нэг үзүүлэлтүүд сөрөг үр дүнтэй байна. Жирэмснээс сэргийлэх арга хэрэгслийн талаарх хүртээмж, энэ талын мэдлэг мэдээллийн байдал буурч байгаа.

-2015 он гэхэд бид Мянганы сорилтын сангийн шугамаар амлалт үүрэг авсан. Энэ амлалтаа хэр зэрэг биелүүлж, аль түвшинд нь явж байна вэ?

-Мянганы хөгжлийн зорилтын үзүүлэлтүүдээс энэ судалгаагаар тодорхой үзүүлэлтүүд гарна. Гэхдээ бүх үзүүлэлтүүд энэ судалгаагаар гарна гэж ойлгож болохгүй. Ялангуяа нийгмийн, эрүүл мэндийн, жендерийн тэгш байдлын чиглэлийн үзүүлэлтүүд энэ судалгаагаар гарч байгаа. Нийгмийн чиглэлийн зүйлүүд судалгаагаар гарна.

-2010 онд хүн амын тооллого явагдсанаас хойш монголын хүн ам хэр зэрэг өссөн бэ?

-2007 оноос хойш монгол улсын төрөлтийн түвшин нилээн нэмэгдсэн. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 70 гаруй мянган хүүхэд нэмэгдсэн дүнтэй байсан. Төрөлт нэмэгдсэн нь нэг талдаа эмэгтэйчүүдийн төрөх сонирхол их байгаатай холбоотой.

Салбар яамдууд холбогдох чиглэлээр статистик мэдээллийг ашиглан явуулж буй бодлогодоо дүгнэлт хийх ёстой.

Үүнд тодорхой зүйлүүд нөлөөлж байна. Тухайлбал, хүн амыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ялангуяа эдийн засгийн хөшүүргүүд нөлөөлсөн гэж дүгнэж байгаа. Мөн амьжиргааны түвшин нэмэгдсэнтэй холбоотой.

-Хүүхдээ асарч буй эхэд олгож буй тэтгэмж хэр зэрэг хүрэлцдэг талаар танай судалж, зөвлөмж өгдөг үү?

-Судалгааны хүрээнд энэ чиглэлийн мэдээлэл гарах боломжгүй. Статистикийн хорооны чиг үүрэг бол бодлогын чанартай зөв мэдээллийг гаргахад чиглэж байгаа. Салбар яамдууд холбогдох чиглэлээр энэ мэдээллийг ашиглаж явуулж буй бодлого үр дүнгээ өгч байгаа эсэхэд дүгнэлт хийх ёстой.