Өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлтийн асуудал
2013.07.26

Өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт

НҮБ-ын хүн амын сангаас жил бүрийн долдугаар сарын 11-нийг “Дэлхийн хүн амын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Энэ өдрийг тохиолдуулан жил бүр НҮБ-ын хүн амын сангаас хүн ам зүй хийгээд түүнийг тойрсон өргөн утга агуулгыг хамарсан маш чухал, тулгамдсан асуудлыг онцлох сэдэв болгон хөндөж, тэр хүрээнд анхаарал татсан бодит баримтуудыг дэлгэн тавьж зөвлөмж гаргадаг.

“Дэлхийн хүн амын өдөр”-ийн энэ жилийн сэдэв нь “Өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт” юм. Хүн амын дундаж наслалтын хувьд харьцангуй залууд тооцогддог монгол улсын хувьд өсвөр үеийнхэндээ чиглэсэн ямар бодлого баримталж байгаа талаар холбогдох яамны удирдлагууд ярьж байна.

Эрүүл мэндийн дэд сад Ж.Амарсанаа: Монгол орны хувьд эдийн засаг хурдацтай хөгжиж, маш их бүтээн байгуулалтын эрин үе эхэлсэн учраас Засгийн газрын зүгээс хүн амыг ихэсгэх, төрөлтийг нэмэгдүүлэх байр сууринаас хандаж байгаа.

Эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах гэдэг утгаараа хүсээгүй буюу хэт эрт жирэмслэх нь эхчүүд болон хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг учраас энэ тал дээр онцгой анхаарч, салбар бүр дээрээ чармайн ажиллах шаардлагатай байгаа.

Манай улсын нийт хүн амын 8,7 хувийг өсвөр үеийн хүүхэд залуучууд эзэлж байна.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Манай ХАХНХ-ын яам байгуулагдсан цагаасаа эхлэн өсвөр үе, залуучуудын чиглэлээр нилээн олон ажлыг зохион байгуулж нааштай үр дүн гарч эхэлж байна.

Манай улсын нийт хүн амын 8,7 хувийг өсвөр үеийн хүүхэд залуучууд эзэлж байна. Өнөөдөр хамгийн гол зүйл нь өсвөр үеийн нөхөн үржихүйн асуудал, төлөвшил гоо зүйн хүмүүжлийн чиглэлд нилээн анхаарах цаг болсон гэв.

Улс орны одоо хийгээд ирээдүйн хөгжил дэвшилтэй холбоотой энэхүү тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зүйтэй вэ?

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа: Өсвөр үеийнхэнд бэлгийн эрүүл мэндийн цогц боловсролыг олгох, үе тэнгийхнээр нь дамжуулж боловсрол олгоход илүү анхаарах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн залууст ээлтэй үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хэрэгтэй. Мөн 20-иос доош насны эмэгтэйчүүдийн гэр бүл төлөвлөлтийг сайжруулж, үр хөндөлтийг бууруулах шаардлагатай байна.

С.Эрдэнэ: Өсвөр үеэ зөв төлөвшсөн, зөв иргэн болгон хүмүүжүүлэх асуудал бүх нийтийн үйл хэрэг.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Өсвөр үеэ зөв боловсон төлөвшсөн, зөв иргэн болгон хүмүүжүүлэх асуудал бүх нийтийн үйл хэрэг байх ёстой.

Өсвөр үеийнхэн маань гадны, бусдын ямар нэгэн хүчирхийлэлд өртөх, янз бүрийн хүмүүжил боловсролын доголдолд орох гээд олон сөрөг үр дагаварууд гарч байгаа.

Гэхдээ энэ бүгдийг засаж залруулж, ирээдүйн монгол орны төлөвшсөн, чадварлаг, эрүүл саруул иргэдийг бий болгоход бидний хамтын ажиллагаа туйлын чухал гэдгийг онцолж хэлмээр байна.

Өсвөр үеийнхний мэдээлэл авах хамгийн ойрын бөгөөд итгэн үнэмшдэг суваг нь тэдний найз нөхөд, ойр дотныхон. Тиймд өсвөр үе, залууст чиглэсэн дуу хоолойг тэдний үе тэнгийхнээр дамжуулсан нь илүү үр нөлөөтэй гэж бодлого боловсруулагчид болоод ирээдүй залуу үеийг эгнээндээ нэгтгэж чадсан байгууллагын төлөөлөгчид үзэж байна.

Ж.Амарсанаа: 20-иос доош насны эмэгтэйчүүдийн гэр бүл төлөвлөлтийг сайжруулж, үр хөндөлтийг бууруулах шаардлагатай.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа: Охид бүсгүйчүүддээ хэлэхэд монгол орны энэ бүтээн байгуулалтын үед нэг ч болтугай монгол иргэний тоо нэмэгдэж байвал Засгийн газрын зүгээс баярлах байна.

Гэхдээ та бүхэнд анхааруулж хэлэхэд эрсдэлтэй жирэмслэлтээс хамгаалж, өөрсдийн бие бялдрыг гүйцээгүй байхад жирэмслэх нь та бүхний эрүүл мэндэд аюултай гэдгийг анхааруулж хэлмээр байна.

Өсвөр насны охидын төрөлтийг бууруулах нь залуучуудын амьдралын боломжийг сайжруулна гэж НҮБ-ын хүн амын сангаас үзэж байна.

Өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт багассанаар тэдэнд учрах эрсдэл буурч, хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлж, сайн сайхан амьдрах үүд хаалга нь нээгдэх болно.