УИХ-ын Гишүүн, Хүний Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд С.Эрдэнэ
2013.07.26

Ахмадын хотхон барихаар төлөвлөж байна

 Улсын асрамжийн газрын үйл ажиллагааг, мөн нэрийг нь өөрчилж сувилал болгох гэж байна.  Батсүмбэрийн асрамжийн газар гэр бүлгүй, асран хамгаалах боломжгүй эмзэг бүлгийнхэн очдог байсныг  өөрчлөх зорилтыг яам тавьж байна.

Тун удахгүй 100-150 ортой өргөтгөлийн барилга шинээр барихаар зураг төсөл нь хийгджээ. Ахмадыг халамжлах гэхээсээ илүүтэй тэдний боловсрол, эрүүл мэндэд анхаарах гээд олон асуудлыг шийдвэрлэх юм байна.

Ойрын хугацаанд багтан улсын асрамжийн газрыг нэмэгдүүлж өргөтгөл барих, төрөлжсөн ахмадын нөхөн сэргээх төв барих гээд хэд хэдэн томоохон ажлыг төлөвлөөд байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Залуучууд хөгшдийн тэтгэврээр амьдарч, хүүхдээ харуулж, хоол ундаа хийлгэж ний нуугүй хэлэхэд гэрийн үйлчлэгч хэмжээнд хандаж байгаа нь гавьяаны амралт мөн үү гэдгийг бодох ёстой. Үүнд арай өөр өнцгөөс харж ахмадыг сувилах, амарч, аялах эрүүл мэндийн үйлчилгээг бүрдүүлэхэд анхаарах цаг болсон.

Энэ жил 4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт санал оруулна. Өндөр хөгжилтэй орнуудад хамгийн сайн асрамжийн газарт хөгшчүүлээ нэг үеийнхэнтэй нь хамт, мөнгө төлөн тав тухтай орчинд байлгадаг. Манайд бол асрамжийн газрын ойлголт нь хүүхэдгүй, гэр бүлгүй хүмүүсийг байдаг гэж боддог. Анхнаасаа ч тийм хүмүүст зориулсан нь нийгэмд ихээхэн буруу ойлголтыг төрүүлсэн юм хэмээн сайд хэллээ.

Намрын чуулганаар төсвийн тодотгол хийгдэнэ. Энэ үеэр шаардлагатай хөрөнгө мөнгийг нь шийдвэрлүүлэхээр зорьж байна. Хоёр жилийн хугацаанд “Батсүмбэр” дэх асрамжийн газар ахмадын хотхон болон өргөжнө.

Өнөөдөр гадны улс орны жишгийг харж харах хүнгүйдээ бус нэг үеийнхэнтэйгээ хамт байж амарч сувилуулдаг байлгах нь хамгийн том зорилго юм.