Шинэчлэлийн Засгийн газар-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын шинэчлэлийн асуудлаар ярилаа.
2013.06.10

Монголчууд оюун ухааны хөгжлөөрөө хэний ч дор орохгүй

Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын хүрээнд хийгдэж байгаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын шинэчлэлийг танилцуулж байна.

Монголчууд бид нийтээрээ эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй байхыг хүсдэг. Энэ утгаараа шинэчлэлийн Засгийн газар хүн төвтэй нийгэм, хүний хөгжлийг хангасан улс орон байхыг эрмэлзэж байгаа.

Ирэх жилүүдэд Монгол улс дэлхий дахинд ямар байдлаар үнэлэгдэх нь өнөөдрийн иргэн бүрийн хөгжилтэй шууд холбоотой. Тиймээс хүн бүрийг хөгжүүлж, улс орныхоо хөгжлийг эрчимжүүлэхээр шинэчлэлийн Засгийн газар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг байгуулсан.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Өмнөх Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам байснаараа хүн амын хөгжлийн бодлогыг орхигдуулсан гэж үзэж болохгүй. Тухайн үед яамны бүтэц зохион байгуулалт нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудлыг хамтад нь авч үздэг байсан.

Бүтцийн шинэ өөрчлөлтөөр хөдөлмөрийн яам ажилтай, орлоготой монгол хүн гэсэн том хөтөлбөр зорилтыг хэрэгжүүлэх үүднээс бие даасан бүтэцтэй яам болж тусдаа гарсан.

Шадар сайд Д.Тэрбишдагва: Бидний хувьд ажилтай, орлоготой болмоор байна гэдэг асуудлыг тавьдаг. Залуучууд нь юу хийж чадах, дээд боловсролтой хүмүүст нь ямар ажил байгаа, мэргэжилтэй ажилтнаа хаана, ямар чиглэлээр бэлтгэх ёстой гэх мэт.

Монголын хамгийн том баялаг бол хүн.

Өнөөдөр 35-60 насны хүмүүс ажил олдохгүй байна гэж ярьдаг. Тэр хүмүүсийг дахин сургах асуудалд хэрхэн анхаарах. Дахин сургасныхаа дараа ямар ажлын байр бий болгох гэдэг асуудалд тодорхой төрийн бодлого явуулсанаар ажилтай, орлоготой монгол хүн бий болно.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав: Монголын хамгийн том баялаг бол хүн. Хамгийн гол нь цөөхөн байгаа монгол хүн болгон хөдөлмөрлөх шаардлагатай.

ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ: Манай яамны хувьд нийгмийн хамгааллын бодлого дээр урьд нь Засгийн газрын бүтцэд, бодлогын түвшинд тавигддаггүй байсан хүн амын хөгжлийн цогц бодлогын асуудлыг шинээр боловсруулах зорилготой Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болж зохион байгуулагдсан.

-Та энэ яамыг толгойлж буй хүний хувьд монголчуудын хөгжил хэр байна вэ. Хүн амын хөгжил одоо ямар түвшинд байна. Яаж сайн болох ёстой вэ?

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Ардчилал хүний эрх зах зээлийн тогтолцоонд шилжээд ирэхээр хувь хүн өөрөө хөгжих, төрийн бодлогоор хүн амаа хөгжүүлэх гээд хүн амын хөгжлийн бодлогыг яаж төрийн бодлогын түвшинд авч үзэх вэ гэдэг асуудал хараахан эхэлж чадаагүй.

Бид тав дахь бүлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэний бүлгийг шинээр тооцож гаргасан.

Энэ чиглэлээр төрийн бодлогын түвшинд бодлого боловсруулж амжаагүй явж ирсэн. Хамгийн сүүлд 2004 онд хүн амын хөгжлийн баримт бичгийг боловсруулсан байдаг. Энэ нь тунхагийн шинж чанартай. Ахмад, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд гээд хүн амын үндсэн дөрвөн бүлэг бий.

Дээр нь бид тав дахь бүлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэний бүлгийг шинээр тооцож гаргасан. Учир нь манайх шиг цөөхөн хүн амтай улс оронд нийт хүн амынх нь бараг 4,6 хувь, 110-аад мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий.

Миний хувьд монголчуудыг асар өндөр геньтэй, генийн хувьд чадварлаг хүмүүс гэж хардаг. Бид оюун ухааны хөгжлөөрөө хэний ч дор орохгүй. Одоо харин бидэнд өвлөгдөж ирсэн сайхан орчин ахуй дээрээ суурилан зөв төрийн бодлого явуулж, хүмүүс бодит байдлаа зөв ухааран, бүгд нэг сэтгэлээр улс орноо хөгжүүлье, өөрсдөө хөгжье гэж зоривол бидэнд маш том боломжууд бий. Зөв бодож, сэтгэж, зөв бодлого явуулж чадвал бид нийтээрээ хөгжих боломж өргөн байгаа.