“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа"-г анх удаа хийнэ
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа хийнэ
2013.09.09

“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа"-г анх удаа хийнэ

Үндэсний статистикийн хорооны хүн ам, орон сууц тооллогын товчооны дарга А.Амарбалаас энэ талаар тодрууллаа.

-Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг яагаад хийхээр болов?

-Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сангийн хамтарсан санхүүжилтээр анх удаа “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа” хийхээр ажиллаж байна. Ирэх он хүртэл явагдах юм. Түүврийн аргаар 15500 өрхийг сонгож мэдээлэл цуглуулах гэж байна.

“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа” нь Монголд анх удаа хийх гэж байгаа том судалгаа л даа. Дэлхий нийтэд хийгдэж буй “Хүн ам зүйн эрүүл мэндийн судалгаа”, “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа”, “Хүүхэд хөгжил судалгаа” гэсэн гурван төстэй судалгааны үзүүлэлт нь ойролцоо байсан учраас нэгтгэж эх орондоо хийх гэж байна.

Тэгээд л “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа” гэж нэрлэсэн хэрэг. Энэ судалгааны зорилго нь эх хүүхдийн эндэгдэлгүй байлгахын тулд яах вэ, монгол хүний эрүүл мэндийг хамгаалахад цаашид ямар бодлого барих вэ гэдгийг тодорхойлж гаргах юм.

Түүвэр судалгааны үеэр хүүхдийн эрүүл мэнд, өсөлт, хоол тэжээл, жин, өндрийн хэмжээ гээд хүүхэдтэй холбоотой бүх л мэдээллийг авна. Тэр байдлаар эхийн тухай мэдээллийг ч авна.

Эх эндэгдэлгүй төрсөн эсэх, цаашид хүүхэд төрүүлэх талаар ч сонирхоно. Ер нь нарийн судалгаанууд юм.

-Судалгааг анх удаа таблет орчинд хийнэ гэж байсан. Үүнийгээ тодруулаач?

-Иргэдийн хувьд бол эх хүүхдийнхээ эрүүл мэндэд оруулж байгаа том хувь нэмэр гэж ойлгож болно. Бид тэрийг нь системтэй, техниктэй арга аргачлалаар хийх гэж байна.

Анх удаа цаасаар биш таблет РС (ухаалаг,  sumsung таблетууд) ашиглаж судалгаагаа гаргах гэж байгаа. Аливаа үзэгдлийг тоогоор гаргаад ирэх нь л статистик судалгаа юм. Ер нь бол нийгмийн талаарх аливаа үзэгдлүүдийг түүгээд аваад байхыг л түүвэр судалгаа гэдэг. Түүвэр судалгаа бол статистикийн судалгааны нэг хэсэг нь.

-Судалгаа хэзээнээс эхлэх вэ?

-Есдүгээр сарын 27-ноос нийслэлд, аравдугаар сарын эхнээс хөдөө орон нутагт ажиллаж эхлэх гэж байна.

-Ямар асуултууд оруулж байгаа бол?

-Жирэмснээс хамгаалах болон бэлгийн харилцааны мэдлэг, ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, умайн хүзүүний өвчлөлийн мэдээлэл авсан байдлыг асууна. Үүнийг статистикаар гаргах юм. Үзүүлэлтүүдийг айлуудаа сонгоод сонгогдсон айлуудаасаа мэдээллээ аваад явах юм.

-Хэдээс хэдэн насныхныг хамруулах бэ?

-Судалгаанд 15-49 насны эмэгтэйчүүд, тав хүртэлх насны хүүхдүүд, 15-54 насны эрэгтэйчүүдээс ганцаарчил- сан байдлаар судалгаа авна. Эрэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдийг бодвол цөөн асуултад хариулна. Хүүхдүүдийнх нь талаар л асуух юм. Бас дахиад хүүхэдтэй болох эсэх, ДОХ бэлгийн замын халдварын талаар болон жирэмслэлтээс хэрхэн хамгаалахыг мэддэг эсэхийг сонирхоно.

-Асуулт асуух хүмүүсээ сургалтад хамруулна гэл үү?

Тодорхой айлуудаараа орж судалгаанд оролцох хүмүүсээ бэлдэх гэж байна. Нэгдсэн мэдлэгтэй болгож байж асуухгүй бол хүн хүнээс өөр өөр юм асуугаад байвал судалгаа болохгүй шүү дээ.

-Айлуудаа сонгосон уу?

-Монгол хүний эрүүл мэндийн асуудлын талаар аль ч айл тэгш эрхтэй сонгогдоно. Ямар ч айл сонгогдож магад- гүй. Статистикийн хорооны судалгаанаас харж байгаад сонгох юм. Гишүүдийг маань гэртээ оруулж хариултаа үнэн зөв өгөх нь манай иргэдийн үүрэг.

-Бүх сумдыг хамрах уу?

Тэгнэ. Улаанбаатар, 21 аймаг, 330 сумаас авна.

-Судалгааны үр дүн нь хэзээ гарах вэ?

-Ирэх оны дөрөвдүгээр сард гарна.