Хүн амын төвлөрлийг сааруулах захирамж гаргалаа
Хүн амын төвлөрөл
2013.08.01

Хүн амын төвлөрлийг сааруулах захирамж гаргалаа

Улаанбаатар хотод бий болоод байгаа хүн амын хэт төвлөрлийг сааруулах, ажлын байрны хомсдол үүсэх, дэд бүтцийн салбарын хэвийн ажиллагаа алдагдахаас сэргийлж, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл  А/726 тоот захирамж гаргалаа.

2013 оны тавдугаар сарын 30-наас хойш орон нутгаас нийслэлд шилжин суурьшсан иргэнд гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлж дуустал' гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгохгүй байхаар хотын дарга шийдвэрлэв.

Энэ өдрөөс өмнө хотод бүрмөсөн шилжин ирсэн иргэдэд энэ захирамж хамаарахгүй. Тэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийслэлийн нутаг дэвсгэрийн 52 байршлаас газар өмчлөх эрхтэй.

Инженерийн шугам сүлжээтэй, дэд бүтцэд холбохоор төлөвлөсөн, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нь батлаагүй байршилд газар эзэмшүүлэхийг уг захирамжаар хориглов. Шинэ суурьшлын бүсэд иргэд дураараа буухаас сэргийлж, хяналт тавина.

Зөвшөөрөлгүй буусан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус, дулаан, цахилгаанаар хангахгүй агаад газрыг чөлөөлүүлж, хариуцлага тооцож байх аж. Үүнээс гадна нийслэлд бүртгэлтэй иргэдээ нэн түрүүнд ажлын байраар хангах юм байна.