2013.09.05

Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үйлдвэрлэлд маш бага хувийг эзэлж байна

Дэлхийн ихэнх орон үйлдвэрлэл болон бусад үйлчилгээндээ байгаль орчинд ээлтэй технологийг ашиглахыг илүүд үзэж, сэргээгдэх эрчим хүчийг сонгож байна.

Сэргээгдэх эрчим хүч гарган авах нөөц боломж манай улсад бүрэн байгааг салбарынхан хэлж байна. Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлыг хангахын тулд бусад орноос туршлага судлах хэрэгтэй байна.

Энэ ч үүднээс сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал хэлэлцүүлэг уулзалт болж байна. Гол зорилго нь монгол улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг тодорхойлох, цаашдын хөгжлийг тодорхойлоход чиглэж байна.

Физикч, доктор Н.Энэбиш “Манай улс сэргээгдэх эрчим хүчийг гаргаж авах чиглэлд олон жил ярилцсан. Энэ нь манай хөдөө орон нутагт маш өргөн хурдтай хөгжиж байгаа. Гэтэл сэргээгдэх эрчим хүч, манай улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлд маш бага хувийг эзэлж байна.

Сүүлийн жилүүдэд хоёр гурван усан цахилгаан станц байгуулагдсан хэдий ч өнөөдөр улсын нийт хангамжид сэргээгдэх эрчим хүч ердөө 3-4 хувийг л эзэлдэг.  Тэгэхээр цаашдаа хүн төрөлхтөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулаад эрчим хүчний уламжлалт нөөцөө багасаж сэргээгдэх эрчим хүчний нөөцийг хэрхэн түлхүү ашиглаж болох бэ гэдэгт анхаарах хэрэгтэй байна.

-Сэргээгдэх эрчим хүч рүү шилжихийн тулд ямар бэлтгэл ажлыг хангасан байх ёстой вэ?

Салхин цахилгаан станц

-Эрчим хүчний салбарт зарчмын дорвитой өөрчлөлтийг аль болох хурдан хийх шаардлагатай байгаа олон бодит үндэслэл байна. Уг шилжилтийг хийх нь хиймэл дагуул, сансрын хөлөг, харилцаа холбоо, анагаах ухаан болон зэвсэг техник зэргийг үйлдвэрлэх, хөгжүүлэхээс илүү нарийн төвөгтэй ажиллагаа, илүү зардал шаардагдахгүй, харин ч сэргээгдэх эрчим хүчний технологи нь цөмийн технологийг дэлхий дахинд дэлгэрүүлэхээс илэрхий хялбар.

Гэхдээ энэ өөрчлөлтийг хийхийн тулд дэлхийн улс орнууд, нийгэм, хувь хүмүүсийн зүгээс оруулах хувь нэмэр, хүсэл эрмэлзлэл маш чухал бөгөөд түүнээс олон зүйл хамаарах нь гарцаагүй.

Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь зөв үү, үгүй юу гэдэг тухай ярих биш сэргээгдэх эрчим хүч рүү хэрхэн хурдан шилжих, энэ шилжилтийг хурдасгахын төлөө хүн төрөлхтөн юу хийх ёстой вэ гэсэн асуудал дээр дэлхийн улс орон анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.