Б.Бямбасайхан: Үргүй зардлаа багасгаж, менежментээ зөв хийвэл эдийн засаг сэргэнэ
Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайханаас гадны хөрөнгө оруулалтыг сайжруулах арга замын талаар товчхон ярилцаж, байр суурийг нь сонслоо. МБЗ нь бизнесийн оролцогч талуудын түнш юм.
-Монголын эдийн засгийн өсөлт төсөөлснөөс багасч, 11 хувьтай гарч, гадны хөрөнгө оруулалт буурлаа. Удахгүй УИХ-ын ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын хуулийг эргэн харахаар болсон. Та энэ талаар юу гэж бодож байна вэ.
Бизнесийг дэмжсэн хууль эрх зүйн орчин бүрдэх эсэх нь одоогоор хүлээлтийн байдалтай байна. Монголчууд бид нараас бүх зүйл шалтгаална. Ер нь уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл нь олон улсын хэмжээнд байнга дээшээ, доошоо хэлбэлздэг.
Гэхдээ мэдээж буцаад өсөх нь тодорхой. Харин манай улс өсч байх үед нь аль хэдийнэ дэд бүтцийнхээ салбарт хөрөнгө оруулалт хийж, төслөө хэрэгжүүлчихсэн байх хэрэгтэй. Ингэж чадвал манай уул уурхайн бүтээгдэхүүн Канад, Австралийн бүтээгдэхүүнээс илүү үнээр борлогдож, өрсөлдөх чадвар сайжирна.
-Засгийн газар хэсэг гэдийсний эцэст хуулиа өөрчлөх тал дээр нааштай хандаж байгаа нь гадны хөрөнгө оруулагчдын хандлагад хэр нөлөөлж байгаа вэ?
Манай улсын экспорт жилийн дотор арван хувиар унаж, нүүрсний экспорт тавин хувиар багассан нь хөрөнгө оруулалтын орчинг нэлээн муутгасан.
Дэлхийн тавцанд ч улсын нэр хүнд буурч, бизнесийн улс төржилт дээд цэгтээ хүрч, улс төрийн өнгө аястай шийдвэрүүд бизнесийн орчныг ихээхэн дордуулсаар байна. Гэхдээ өнөөдөр эрх зүйн орчноо сайжруулаад хөрөнгө оруулалтынхаа хуулийг баталчихвал хамгийн зөв алхам болно. Нөгөө талдаа монголын компаниуд өөрсдийнхөө өрсөлдөх чадварыг сайжруулж, шинэ технологийг нэвтрүүлж, үргүй зардлаа багасгаж, менежментээ зөв хийвэл дараа жил гэхэд эдийн засаг сэргэнэ.
Монголын эдийн засаг дахь гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт эрс багасан, төлбөрийн баланс 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, валютын наашлах урсгал зогссоны улмаас валютын ханш сүүлийн жилүүдэд байгаагүйгээр савалсан нь үнэ өсөх, инфляци нэмэгдэх, амьжиргааны түвшин доошлоход хүргэсэн хүчтэй хүчин зүйл болсны дээр,
Улмаар олон аж ахуйн нэгжүүдийн ажил зогсонги байдалд орж, олон мянган хүмүүсийн аж амьдрал, ахуй байдал нь доройтож, ажилгүйдэл, ядуурал эрс нэмэгдэх төлөвтэй боллоо. Иймд бидний зүгээс төр засагт хандан хямралтай холбогдуулан яаралтай арга хэмжээ авахыг уриалж байна.